“Girls Code 2025” хөтөлбөрийн нээлт боллоо


Т.Онон | YOLO.MN
2025-06-20

AI Academy Asia-аас Монгол дахь НҮБ-ийн Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй зохион байгуулж буй Монгол охидын технологийн боловсролыг дэмжих, салбарын тэгш бус байдлыг бууруулах зорилготой “Girls Code 2025” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр НҮБ-ийн Хүүхдийн Сангийн UN Ger танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хөтөлбөр нь 2021 оноос хойш 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 2000 орчим охид бүртгүүлж, гурван шатлалтай сонгон шалгаруулалтын үр дүнд оролцогч 30 охин шалгараад байна. 

Код бичих охидын хөтөлбөрөөр нийт 110 охид амжилттай төгссөн бөгөөд төгсөгч охидын амжилтаас дурдвал: 

  • MIT — Массачусетсийн Технологийн Их Сургууль, 
  • Харвардын Их Сургууль, 
  • Бээжингийн шинжлэх ухаан, технологийн их сургууль, 
  • АНУ-ын Орегоны их сургууль, 
  • АНУ-ын Нью-Йоркийн их сургууль, 
  • Прагийн Чех Техникийн Их Сургууль, 
  • Санкт-Петербургийн ITMO Их Сургууль, 
  • Шанхайн Донхуа их сургууль гэх мэт дэлхийн шилдэг их сургуулиудад мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж байна. 

Онцлох амжилт: 

2025 оны Women in Tech Mongolia шилдэг охиноор Завхан аймгийн Их-Уул сумын сурагч, Girls Code 2024 хөтөлбөрийн төгсөгч Э. Мичидмаа шалгарч, Монгол улсаа төлөөлөн Ази номхон далайн орнуудын шагналд нэр дэвшихээр болсон. 

Код бичих охидын хөтөлбөр 2025 нээлтийн арга хэмжээ: 

Хөтөлбөрийн нээлтэд хөтөлбөрийг санаачлагч AI Academy Asia-ийн захирал Б.Болор-Эрдэнэ, хөтөлбөрийг дэмжигч байгууллага НҮБ-ийн Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, хамтран ажиллагч СЭЗИС-ийн дэргэдэх IO institute-ийн гүйцэтгэх захирал Б.Оргил нар нээлтийн үг хэлсэн бөгөөд оролцогч 30 охид, сайн дурын багш нар, салбарын амжилттай нөлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн оролцож хөтөлбөрийн зорилго, агуулга болон өмнөх жилүүдийн үр дүнгийн талаар танилцлаа. Нээлтийн арга хэмжээнд “Girls Code” төслийн 2022 ба 2024 оны төгсөгчдийн төлөөлөл амжилтын түүхээ хуваалцаж, оролцогч охидод урам зориг өглөө. 

Хөтөлбөрт хамрагдаж буй охидын сургалтыг энэ жил Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн дэргэдэх IO институтын чадварлаг багш нар хариуцан ажиллах гэж байна. Мөн AI Academy Asia-ийн хиймэл оюуны хичээлийг хөтөлбөртөө нэмж баяжуулсан нь энэ жилийн онцлог болж байна. 

“Girls Code 2025” нь 13-17 насны охидыг мэдээллийн технологи, программчлалын суурь мэдлэгт сургахын зэрэгцээ өөртөө итгэх итгэл, манлайлал, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэхийг зорьж буй зуны bootcamp хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжиж буй бөгөөд охидын дижитал боловсролд оруулж буй бодит хөрөнгө оруулалт хэмээн зохион байгуулагчид онцоллоо. 

Хөтөлбөр найман долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд оролцогч охид багийн төслүүд дээр ажиллаж, төгсгөлд нь төслөө олон нийтэд танилцуулах үзэсгэлэн, demo day арга хэмжээг зохион байгуулах юм. 

Нээлтийн зургуудаас:

#Girls Code 2025