"Squid Game" цувралын 3-р улирал Нью-Йоркт нээлтээ хийлээ


Т.Онон | YOLO.MN
2025-06-20

Өндөр хүлээлттэй байсан “Squid Game 3” зургаадугаар сарын 18-нд Нью-Йоркт нээлтээ хийж, 1-р ангиа үзүүлсний дараа үзэгчдээс халуун алга ташилт хүртлээ.

Тус шоуны дэлхийн нээлтийн арга хэмжээнд жүжигчид болон бүтээлч багийнхан оролцсон ба Ли Жон Жэ, Ли Бён Хон, Им Ши Ван, Пак Сон Хүн, Кан Э Шим, Жо Ю Ри, найруулагч Хван Дон Хёг зэрэг одод Нью-Йоркийн Plaza зочид буудалд ягаан хивсэн дээр гарч, фэнүүдтэйгээ мэндчилжээ.

3-р улирлын эхний ангийг анх удаа "Paris Theater" кино театрт үзүүлсэн бөгөөд уг үзүүлбэрийн өмнө найруулагч болон жүжигчид фэнүүдтэйгээ өөрсдийн сэтгэл хөдлөл, шинэ улирлын талаар хуваалцсан байна.

Найруулагч Хван: “Бид 3-р улирлыг аль болох хурдан хүргэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Ингээд бид өнөөдөр энд хүрэлцэн ирлээ. Шинэ улирал ердөө 9 хоногийн дараа нээлтээ хийнэ. Уг бүтээл таны урмыг хугалахгүй гэдгийг амлаж байна” хэмээн хэлжээ.

“Squid Game 3” нь 6-р сарын 27-нд албан ёсоор Netflix-д цацагдана.

#Squid Game