Зургаадугаар сарын 1-нд Хүй долоон худагт үндэсний хүүхдийн баяр болно


Т.Онон | YOLO.MN
2025-05-28

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээг 6 дугаар сарын 1-ний өдөр Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулна. Арга хэмжээ Хүй долоон худагт 09:30-18:30 цагийн хооронд болно. 

Үндэсний ёс зан заншлыг хүүхэд залууст сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, дугуйн тэмцээн, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг спортын олон арга хэмжээ болохоос гадна морь унах эдлэх Монгол ахуйн соёлыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулах юм. 

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрүүлээрэй. Мөн хамтран зохион байгуулагч байгууллагуудын шагналын эзэн болох боломжтой. Мөн баярын арга хэмжээнд ирсэн хүүхдүүд дундаас супер азтаныг тодруулж ивээн тэтгэгч байгууллагын шагнал гардуулна. 

#хүүхдийн баяр