Meta VS Google: Google хиймэл оюун ухаант нүдний шил хөгжүүлэхэд 150 сая ам.доллар зарцуулна


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-05-22

Google компани алдарт Warby Parker нүдний шилний компанитай хамтран Android XR дээр суурилсан хиймэл оюун ухаант ухаалаг нүдний шил хөгжүүлж эхэлжээ. Тус нүдний шил хийхэд нийт 150 сая ам.доллар хүртэл хөрөнгө оруулна гэж мягмар гарагт Google I/O 2025 арга хэмжээний үеэр зарлалаа.

Google компани Warby Parker-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон зах зээлд гаргах зардалд аль хэдийнээ 75 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Харин үүн дээр нэмэн 75 сая ам.долларыг хөрөнгө оруулж, хувьцааны эзэмшигч болохоо мэдэгдлээ.

Google I/O 2025 арга хэмжээний үеэр Google компани мөн Samsung болон Gentle Monster зэрэг хэд хэдэн компанитай хамтран Gemini AI болон AR технологи бүхий ухаалаг нүдний шил хөгжүүлэх түншлэлээ зарласан юм.

Харин Meta компани Ray-Ban брэндийн хиймэл оюун ухаант нүдний шилээ өмнө нь гаргаж нэлээд амжилттай зарагдаж байгаа билээ. Ray-Ban Meta-ийн амжилтын нэг шалтгаан нь эдгээр ухаалаг нүдний шил нь танил, гоёмсог загвартай бөгөөд Ray-Ban дэлгүүрүүдэд худалдаалагдаж буйтай холбоотой.

Google нь Meta компанийн ухаалаг нүдний шилний стратегиас санаа авч байгаа бололтой. Иймд Google ч мөн Warby Parker компанитай ижил төстэй харилцаа үүсгэж, тэдний алдартай шилний загварууд болон жижиг дэлгүүрүүдийг ашиглах бололтой.

Хэвлэлийн мэдэгдэлд Warby Parker болон Google компаниуд цаашид хэд хэдэн бүтээгдэхүүн цувралаар гаргахаар төлөвлөж байгаагаа дурдсан. Тэдний анхны ухаалаг нүдний шил нь олон төрлийн хиймэл оюун ухааны чадвартай, хараа засах болон хараа засахгүй шилнүүдийг хамарсан байх аж.

Эх сурвалж: Techcrunch

#Meta VS Google