Өдөр тутмын амьдралд тань хэрэгтэй, заавал татах 9 аппликэйшин


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-04-17

Техник технологи хурдацтай хөгжиж буй энэ зуунд ухаалаг утас бидний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Харин үүнийг зөв, үр бүтээлтэй ашиглаж чадвал таны өдөр тутмын ажил амьдрал илүү хялбар, эмх цэгцтэй болж, цаг хэмнэх бүрэн боломжтой болох юм.

Yolo.mn энэ удаагийн нийтлэлээр таны амьдралыг хөнгөвчлөх, заавал татах хэрэгтэй 9 ааппликэйшныг танилцуулж байна.

UBCARD

Зориулалт: Нийтийн тээврээр зорчих виртуал карт

Хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нийтийн тээврийн үнэ нэмэгдэж 1000 төгрөг болсон билээ. Картаа буухдаа дарснаар дахин 3 удаа дамжин суух боломжтой болсон. Гэтэл зарим автобусны буух карт унших төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн гомдлын дагуу тус аппликэйшныг бүтээжээ.

“Ubcard” нь ерөнхийдөө биет бус виртуал карт юм. Та автобусанд суухдаа урд талын төхөөрөмжид виртуал картынхаа Qr-ийг уншуулж зорчино. Харин буухдаа заавал картаа дарах шаардлагагүйгээр дамжин суух эрхтэй болох юм. Qpay, Socialpay, Monpay, Hipay-ээр цэнэглэж болно.

Хамгийн сонирхолтой бас хэрэгтэй шийдэл нь сэрүүлэг тохиргоо. Хэт их ядарсан үедээ бид автобусанд унтаад буух ёстой газраа өнгөрөөд явах тохиолдол олон гардаг. Харин сэрүүлэг тохиргоо тавьчихвал буух ёстой буудал дөхөх үед таны утас дуугарч мэдэгдэнэ. Ингэхдээ хэр зай үлдвэл ямар дуу дуугарах вэ гэдгийг өөрөө тохируулах боломжтой юм. Үүнээс гадна танд ойр автобусны буудал, карт борлуулах цэг болон аль чиглэл рүү хэр хугацаанд хүрэхийг харуулдаг. Мөн цаашдаа тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харуулдаг болох юм байна.

Апп татах:  IOS | Android 

WEIGH IN

Зориулалт: Биеийн жин хэмжих апп

Энэ бол жингээ хасаж буй болон жингээ барьж буй хүмүүсийн хувьд хамгийн хэрэгтэй апп. Ийм төрлийн аппликэйшнууд ихэвчлэн үнэ төлбөртэй байдаг тул хэрэглэгчид тийм ч удаан хэрэглэж чаддаггүй. Харин энэхүү апп нь ямар ч үнэ төлбөргүй ашиглах боломжтой тул хэдэн жил ч хэрэглэсэн болно.

Хамгийн эхэнд одоо байгаа биеийн жин болон зорилтот жингээ тодорхойлоорой. Дараа нь жингээ үзэх болгондоо аппликэйшиндаа тэмдэглэх хэрэгтэй. Долоо хоног, сар, жилийн турш гээд таны биеийн жин хэрхэн өөрчлөгдсөнийг график ашиглан харуулдаг тул жингээ тэмдэглэх зайлшгүй шаардлагатай шүү. Мөн хэзээ, хэдэн цагт жин хэмжихийг өөрөө тохируулах боломжтой ба таны тааруулсан цагаар утсанд тань мэдэгдэл ирдэг тул хэрэглэхэд хялбар байх болно.

Апп татах: IOS

STEP UP

Зориулалт: Өдөрт хийсэн алхмын тоог харуулах, калори тооцох апп

Энэ бол таны өдөрт хийсэн алхмын тоо болон хэдэн калори шатаасныг харуулдаг апп. Өнөө үед алхам тоолдог маш олон апп байдаг ч тэдгээрийг ихэнх нь үнэтэй, хэт олон ойлгомжгүй функцтай байдаг тул хэрэглэхэд нэлээн төвөгтэй. Харин тус апп нь хэрэглэхэд хялбар төдийгүй, найзуудыгаа урьж өрсөлдөх боломжтой юм.

Алхах нь биеийн жин бууруулахаас гадна цусны эргэлтийг сайжруулах, хөлийн булчин чангалах, стресс, сэтгэл гутралыг багасгах, цаашлаад нойрны чанарт эергээр нөлөөлдөг шүү. Тиймээс аль болох алхаж явахыг амьдралдаа хэвшүүлээрэй.

Апп татах: IOS | Android

GRAMMARLY

Зориулалт: Буруу бичсэн үг, өгүүлбэрийг зөв болгон засах апп

“Grammarly” бол англи хэл сурч буй хүмүүсийн заавал татах апп юм. Хэрвээ та ямар нэгэн англи өгүүлбэр бичих шаардлагатай болсон ч өгүүлбэрээ хэр зөв бичсэн гэдгээ мэдэхгүй бол энэ апп танд тусална.

Аппликэйшныг ашиглахдаа эхлээд татах хэрэгтэй. Утсандаа суулгасны дараа settings - keyboard хэсэгтээ grammarly гэснийг нэмээд л болоо. Харин хэн нэгэн рүү текст бичих үедээ “grammarly keyboard” гэдэг дээрээ дарж байгаад өгүүлбэрээ бичнэ. Хэрвээ зөв бичсэн гэдэгтээ эргэлзэж байвал keyboard-ийн дээр байрлах ногоон харандааны зурган дээр дарахад таны өгүүлбэрийг ямархуу хэлбэрээр засахыг харуулна.

Апп татах: IOS | Android

SHAZAM

Зориулалт: Хайж байгаа дуугаа олох апп

Фейсбүүк, инстаграммаа үзээд сууж байтал нэг гоё дуутай рийл тааралдлаа. Сэтгэгдлийг нь уншаад ч дууны нэр нь олддоггүй, хүнээс асуугаад ч хариулах хүн алга. Үнэхээр энэ дууг олмоор байх юм

Ийм үе аль дээр өнгөрчихсөн шүү найзуудаа. Shazam гээд аппликэйшинтай бол гадаад, монголын ямар ч дууг олж болно. Аппаа нээгээд “Tap to shazam” гэсэн бичиг дээр дараад хайж буй дуугаа тоглуулаарай. Ингээд хэдхэн секундийн дараа гэхэд л олдох болно.

Апп татах: IOS | Android

CAPCUT

Зориулалт: Богино хэмжээний видео, зураг янзлах апп

Богино хэмжээний видео эрэлттэй байгаа энэ цаг үед хамгийн оновчтой, зөв аппликэйшин бол “CapCut”. Өдөр тутмын влог, Tiktok бичлэг, инстаграммын рийлс гээд олон төрлийн бичлэгийг гар утсаараа хялбархан бүтээх боломжийг олгож байгаа нь хэрэглэгчдийн дунд алдартай байгаа хамгийн том шалтгаан юм.  Дүрс хасах, нэмэх, текст, төрөл бүрийн эффект болон дуу оруулах зэрэг үйлдэл нь ойлгомжтой тул хэрэглэхэд хялбар байх болно.

Апп татах: IOS | Android

MBOOK

Зориулалт: Аудио ном сонсох апп

Алхахдаа, автобусанд суухдаа, түгжирч явахдаа эсвэл хэн нэгнийг хүлээх зуураа дэлхийн гайхамшигтай уран зохиол, хувь хүний хөгжлийн номуудыг тус аппликэйшнаас унших боломжтой. Эхний хэдэн аудио үнэ төлбөргүй байдаг тул сонсож үзээд эрхээ сунгаж үзэж болно.

Апп татах: IOS | Android

PINTEREST

Зориулалт: Өндөр чанартай зураг сонгох, зургийн санаа олох апп

Сайн нягтаршилтай, өндөр чанартай зураг олох хамгийн эрэлттэй аппликейшин бол “Pinterest”. Анимейшин, спорт, дуу хөгжим гээд төрөл бүрийн зургаа хайж олох боломжтой. Зарим охид тус аппыг зургийн позны санаа олох гэж ашигладаг аж. Тэгэхээр зураг авхуулах дуртай залуусын зайлшгүй татах апп юм.

Апп татах: IOS | Android

JOURNAL

Зориулалт: Сонирхолтой хэлбэрээр тэмдэглэл хөтлөх апп

Дэвтэрт бичих бус онлайн хэлбэрээр тэмдэглэл хөтөлж, өдөр тутмын амьдралаа бичих дуртай залуустаа энэхүү аппыг санал болгож байна. Тэмдэглэл бичихээс гадна тухайн өдрийн сэтгэл зүй, цаг агаарын байдал зэргийг харуулдаг тул тэмдэглэл бичихэд урамтай байх болно. Мөн нэвтрэхэд заавал нууц үг шаардлагатай учраас таны утсыг дураараа үзэж буй хүн тэмдэглэлийг чинь уншиж чадахгүй л гэсэн үг. Тэгэхээр юунд ч санаа зоволгүйгээр, тэмдэглэлээ хөтлөөрэй.

Апп татах: IOS

#application