Ганцаараа аялахын давуу талууд


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2025-04-11

Хүн болгон заавал нэг удаа ганцаараа аялж үзэх ёстой гэж ярьдаг. Учир нь ганцаараа аялах нь зүгээр л зураг авах эсвэл зугаацах биш харин өөрийгөө илүү сайн таних, айдастайгаа нүүр тулах, өөр дээрээ төвлөрөх маш том боломж болдог.

Өөрийнхөө хэмнэлээр, хүссэнээрээ, хэний ч хүлээлтгүйгээр аялна гэдэг гэр бүл, найз нөхөдтэйгөө аялахаас тэс өөр туршлага байдаг. 

ГАНЦААРАА АЯЛСНААР

Хүссэнээрээ аялна:

Ганцаараа аялахаар бүх шийдвэр зөвхөн чамаас л хамаарна. Нэг газраа хүссэнээрээ удаан зогсож болно эсвэл гэнэт чиглэлээ өөрчилж ч болно. Хэн ч яаруулахгүй, бүх зүйл таны хүссэнээр, жинхэнэ эрх чөлөөтөйгөөр аялж болно.

Өөртөө итгэх итгэл нэмэгддэг:

Өөрөө өөртөө итгээд, хүссэн газраа очиж, асуудлаа өөрөө шийдээд яваад ирэх мэдрэмж үнэхээр гайхалтай. Ганцаараа аялахад төлөвлөх, санхүүгээ зохицуулахаас гадна төөрөх, гэнэтийн зүйл тохиолдох гэх мэт олон саад бэрхшээлүүд учирдаг. Тэр болгонд та өөртөө л найдаж, асуудлыг давж гарах хэрэгтэй болно. Тийм ч учраас ганцаараа аялсны дараа том зүйлын ард гарсан мэт өөрөөрөө бахархах мэдрэмж төрж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгддэг. 

Айдастайгаа нүүр тулна:

Эхэндээ ганцаараа аялах жаахан түгшүүртэй санагдаж магадгүй. Танихгүй хүмүүстэй танилцах, тусламж хүсэх, төлөвлөөгүй зүйл болох гээд энэ бүхэн таны шинэ туршлага болж, өөрийн тухтай бүсээсээ гарах түлхэц тань болж өгдөг.

Шинэ хүмүүстэй танилцах:

Ганцаараа байх үед хүмүүс яриа өдөж, илүү нээлттэй байдаг учраас хүмүүстэй танилцах, яриа өрнүүлэх харьцангуй хялбар байдаг.

Өөрийгөө таниж мэдэхэд тусална:

Ганцаараа байна гэдэг нь ганцаардана гэсэн үг биш. Өдөр тутмын завгүй амьдралаас холдохоор толгой дахь бодлууд тань цэгцэрч, сэтгэл уужирдаг. Юу бодож, юу хүсэж байгаагаа тунгаах цаг гарна. Ганцаар аялсны дараа хүмүүс илүү амар тайван болж өөрсдийн үнэт зүйлс, зорилгыг илүү тодоор харж эхэлдэг.

Аялалдаа бүрэн уусна:

Хэн нэгний ярианд дарагдалгүй, тааваараа аялж явахдаа та орчноо бүрэн мэдэрч чаддаг. Хотын чимээ, гудамжны хоолны үнэр, хүмүүсийн харьцаа гээд бүх зүйлийг анзаарж, эргэн тойрноо бүрэн мэдэрч, уусах боломжтой.

Харах өнцөг өөрчлөгдөнө:

Шинэ газраар зочилж, шинэ хүмүүстэй танилцаж, тэс өөр туршлагыг хуримтлуулж, өмнө нь авч байгаагүй мэдрэмжээ авна гээд ганцаараа аялснаар олон зүйлийг ухаарч, харах өнцөг тэлдэг.

Ганцаараа аялна гэдэг уйтгартай эсвэл аймаар зүйл биш, харин эргээд харахад хамгийн утга учиртай, олон зүйлийг ойлгуулсан, дурсамжтай аялал болж өнгөрдөг. Эргэж ирэхдээ өөрийнхөө илүү хүчтэй, ухаалаг, аз жаргалтай хувилбар болоод ирнэ. Тийм болохоор зориг гаргаад заавал ганцаараа аялж үзээрэй. 

#аялал #ганцаараа аялах