Вакцины эсрэг худал мэдээллийн уршгийг охид, бүсгүйчүүд АМИАРАА ТӨЛСӨӨР... Эмч нар болон зарим иргэн вакциныг бүх нийтэд тарьж, ашиг олох зорилго агуулж байна, вакцин таны генийг өөрчилнө, охидыг үргүйдэлд хүргэнэ, бидний бие дээр туршилт явуулж байна гэх мэтээр ул үндэсгүй, баталгаа нотолгоогүй, эх сурвалжгүй мэдээлэл түгээсээр байна.
Баримт нэн тэргүүнд сүлжээний олон нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл
“Би 2018 оны долоодугаар сард бага охиноо төрүүлсэн. Төрснөөс хойш доошоо цус гараад байхад нь төрсний дараах физиологийн үйл явц гэж бодоод ойшоогоогүй. Гэтэл энэ байдал хоёр сар үргэлжлэхэд нь эмнэлэгт хандсан ч “Гайгүй болно” гэхээр нь яваад өгсөн.
Сүүлдээ хөх өвдөж, хөхнөөс идээ гарч, хүүхдээ хөхнөөс гаргахаас өөр аргагүй боллоо. Тэгээд Хавдар судлалын үндэсний төвд шинжилгээ өгсөн. “Умайн хүзүүний хорт хавдрын вирус маш хурдацтай тархаж байна. Хөхөө авахуулах шаардлагатай” гэсэн эмчийн үгийг сонсоод маш их цочирдсон. Энэ хүнд үеийг минь хуваалцах хүн надад байсангүй.
Нялх хүүхэдтэй, өвчтэй... Дээр нь коронавирусийн халдвар гарчихсан, гадуур эмнэлгээр явна гэдэг над шиг дархлаа муутай, хавдартай хүнд амаргүй даваа байлаа.
Гэвч гурвын гурван хүүхэдтэй эх хүн үхэж болохгүй, үрсийнхээ төлөө амьдрах, эрүүл болох ёстой гэж өөртөө хэлсэн.
30-60 насны эмэгтэйчүүдийг гурван жилд нэг удаа умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээнд хамруулдаг болсныг би өмнө нь сонсож байсан ч ажил ажил гэсээр өөртөө цаг гаргаж чадаагүй. Хэрэв илрүүлэх шинжилгээнд хамрагдсан бол хөх авахуулах хэмжээнд хүртлээ хүндрэхгүй байсан гэж бодохоор харамсмаар.
Энэ бол умайн хүзүүний хорт хавдар тусаад эдгэрч яваа эмэгтэйн түүх. Тэр 43 настай, хавдрын II үе шатандаа оношлогдож, мэс засалд орж аюул ард хоцорсон ч хавдрын дараах хүнд эмчилгээ хийлгэжээ.
УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ЮУНААС БОЛЖ ҮҮСДЭГ ВЭ?
Ихэнх хорт хавдрын шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байдаг бол умайн хүзүүний хорт хавдрын шалтгааны 99.7 хувь нь хүний хөхөнцөр буюу папилома /ХПВ/ вирусийн халдвараас үүсдэг.
Халдвар авсан даруйд өвчлүүлдэггүй учир урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлбэл эмчлэх бүрэн боломжтой өвчин юм.
Манай улсад анх 2012 онд “Мянганы сорилтын сан”-гийн санхүүжилттэй төслөөр 9-15 насны охидод папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн.
Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ вакцины талаар сөрөг мэдээллүүд хүчтэй цацагдсанаар эцэг, эхчүүдийн эсэргүүцэлтэй тулж, вакцинжуулалтын хөтөлбөр зогсжээ.
Манай улс вакцинжуулалтыг эрт эхлүүлсэн орны тоонд орж сайшаагдаж байсан бол өнөөдөр умайн хүзүүний хавдрын өвчлөл өндөртэй, иргэдээ вакцинжуулдаггүй оронд тооцогдож байна.
11 жилийн хугацаанд умайн хүзүүний хорт хавдраар бүс нутагтаа тэргүүлснийг сүүлийн гурван жилийн тоо мэдээлэл гэрчилнэ.
Худал мэдээллийг өнөөг хүртэл түгээсээр үр дагаврыг нь охид бүсгүйчүүд амиараа төлж байна. Учир нь 11 жилийн хугацаанд 4000 эмэгтэй энэ өвчнөөр нас барсан.
Вакцинтай холбоотой худал мэдээллийг хэн хэрхэн түгээснийг мэдэхээр сошиал орчныг тандан, ажиглалаа.
https://www.facebook.com/handaa.byamba/posts/2249071268794557?ref=embed_post
Дээрх бичвэр нь баталгаатай эх сурвалжгүй, олон нийтийг айдаст автуулсан агуулга бүхий байна. Уг мэдээллийг баримтаар шалгахад Монголд Gardasil, Cervarix хоёр вакцин тарьдаг бөгөөд 2020 оны 12 сард ЭМС-ын А/641 тоот тушаалаар батлуулсан.
Мөн Хавдар судлалын үндэсний төвөөс 2012 онд уг вакциныг хийлгэсэн 1000 орчим охиныг вакцин хийлгээгүй мөн тооны охидтой харьцуулсан судалгааг хийжээ.
Папиллома вирусийн эсрэг вакцины үр дүнг судлахад охидын нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлээгүй нь нотлогдсон. Жирэмслэлт, төрөлт хэвийн.
Хамгийн гол үр дүн нь вакцин хийлгэсэн охидын дунд папиллома вирусийн халдварын тархалт 10 дахин буурсан үр дүнтэй гарсныг ХСҮТ-ээс мэдээлсэн.
ДЭМБ-аас 2020-2030 онд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлыг 100 мянган хүн амд дөрөв болгон бууруулах зорилт тавьжээ. Монгол Улсад энэ үзүүлэлт одоогоор 20.5-21 тохиолдол‼️байна.
Манай улсад 30-60 насны эмэгтэйчүүдийг гурван жил тутамд эрт илрүүлэгт хамруулдаг. 33, 36, 39, 42 настай эмэгтэйчүүд гурван жилд нэг удаа өрхийн эмнэлэгтээ хандаж, эсийн шинжилгээ үнэ төлбөргүй өгнө. Энэ жил 1994 оны эмэгтэйчүүд 30 нас хүрч, эсийн шинжилгээ өгөх товлолт хугацаа нь болж байна.
Сошиалаар түгж буй худал мэдээллүүд:
Өнгөрсөн оны аравдугаар сард Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх буюу товлолт вакцинд оруулсан. Умайн хүзүүний хорт хавдрын хамгийн сайн урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга бол папиллома вирусийн эсрэг вакцин юм гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа хэллээ.
ХАВДРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА БОЛ ВАКЦИН
Тэрээр “Хүний хөхөнцөр вирус нь умайн хүзүүний хавдар үүсгэдэг голлох шалтгаануудын нэг. Уг хавдраас урьдчилсан сэргийлэх арга вакцин юм. Эрүүл мэндийн салбарт дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийг хянах тогтолцоо бий.
Ялангуяа шинээр нэвтэрч буй вакцины дараах хүндрэл урвалыг маш няхуур хянадаг. Учир нь иргэдийн дунд нэг л удаа сөрөг мэдээлэл түгчихвэл үр дагавар нь маш хор хөнөөлтэй. Тиймээс бид папиллома вирусийн эсрэг вакцины дараах хүндрэл урвалыг нарийн тандаж судлахаар төлөвлөгөөгөө боловсруулсан. Мөн энэ вакцинд хөнгөн хэлбэрийн урвалууд гарна гэж үйлдвэрлэгчээс гаргасан. Вакцин тариулсны дараа улайх, загатнах, хавагнах шинж илэрч болно. Энэ нь хөнгөн хэлбэрийн урвал юм. Ер нь ямар ч төрлийн вакцин тариулсан 30 минут эрүүл мэндийн байгууллагын хяналт дор байж, тухайн хүнийг ажиглах ёстой.
2012 онд эмч нар мэдлэг, мэдээлэл дутуугаас энэ вакцины тухай сөрөг мэдээлэл түгээж, хэвлэлийн хурал хийсэн. Одоо дэлхийн нийтээрээ энэ вакцины ололт, амжилтыг тэмдэглэж байна. 11 жилийн өмнө гурван тунгаар дархлаа тогтож байна гэж үздэг байсан бол өнөөдөр нэг тунгаар дархлаа тогтож байна гэж үздэг болсон.
Энэхүү вакциныг 11 насны бэлгийн харьцаанд ороогүй охид хийлгэнэ. Учир нь дэлхий нийтээр бэлгийн харьцаанд орох нас залуужиж байгаа. Анх бэлгийн харьцаанд орсноос хойш 2 жилийн дотор энэ вирусийг авдаг гэх судалгаа бий. Ихэнх хүн амьдралынхаа хугацаанд папиллома вирусийн халдвар авсан байдаг ч тэдний 90 орчим хувийг дархлааны систем нь хамгаалан өвчлүүлдэггүй. Хоёр жилийн дараа вирус халдварлах чадваргүй болдог.
Үлдсэн 10 хувь нь өвчилдөг. Эрчүүд уг вирусийн тээгч.” гэлээ.
Хүний папиллома вирусийн эсрэг товлолт дархлаажуулалтыг 11 настай охид хийлгэснээр умайн хүзүүний хорт хавдраас, хөвгүүд бэлэг эрхтэн болон төмсөгний хорт хавдраас бүрэн сэргийлэх боломжтой.
Бид уг вакциныг сайн дураараа тариулсан 20 настай Б.Маралмаатай ярилцсан юм. Тэрээр “Би энэ вакцин байтугай ийм өвчин байдаг гэж 19 нас хүртлээ мэддэггүй байлаа. Нэг өдөр ээж ийм вакцин хийлгэнэ ээ, явъя гэсэн. Удаан хугацааны дараа вакцин хийлгэсэн учраас их сандарсан. Булчинд хийх вакцин болохоор бадайраад хэсэг гараа даахгүй баашилж, нэг их хатуу юм арьс махны завсраар чихчхэж байгаа юм шиг санагдсан. Маргааш нөгөөдрөөс нь тэрүүхэн хэсэгтээ халуу оргиод жаахан хөндүүртэй байсан.
Урьдчилан сэргийлэх байдлаар хийлгэх хэрэгтэй санагддаг. Манайд эмэгтэйчүүдийн зонхилох өвчлөлийн гуравдугаар байранд жагсаж байгаа болохоор өвдөх магадлал нь ч үүнийг дагаад өндөр гэж бодсон. Гадуур энэ вакцины талаар олон сөрөг мэдээлэл гардаг. Гэхдээ би вакцинаа хийлгэчхээд багахан өөртөө итгэлтэй байх мэдрэмж төрсөн. Найзуудадаа ч хэлсэн. Гэвч үеийнхэнд маань энэ талаар мэдээлэл маш дутмаг байдаг.
Вакцин хийлгэснийхээ дараа ангийнхандаа хэлэхэд эергээр хүлээж авсан, хүүхдүүдээс сөрөг мэдээлэл сонсож байгаагүй. Мэдээлэлд хянамгай, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэлд итгэдэг үе бий болсон.” гэв.
Хорт хавдар нь осол гэмтэл, халдвар өвчин шиг биед гэнэт бий болдоггүй. Хорт хавдрын суурь хүний биед 15-30 жилийн өмнө үүсдэг учир сэргийлэх бүрэн боломжтой өвчин гэж үздэг. Тийм учраас урьдчилсан сэргийлэх зайлшгүй шаардлагатай.
АУДИО: Судлаач х.Баттогтохын яриаг доорх холбоос дээр дарж сонсоно уу.
ХПВ-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ТАЛААР МОНГОЛЧУУД ЯМАР МЭДЛЭГТЭЙ БАЙНА?
НҮБ-ын Хүүхдийн сан, АШИУҮС, Эрүүл мэндийн яам хамтран хүний папиллома вирусийн халдвар болон вакцины талаарх эцэг эх, асран хамгаалагч, ЕБС-ийн багш, ажилтан, эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг, хандлагын талаар судалгаа авсан байна. Энэхүү судалгаанд 3982 хүн хамрагдсан бөгөөд тоон болон чанарын аргаар явуулжээ.
Судалгаанд оролцогчид энэ вирусийн халдварын эсрэг вакцины талаарх мэдээлэлгүй байсан бөгөөд 4 хүн тутмын 3 нь вакцин хийлгэх тухайд эргэлзэж байна гэх хариулт өгсөн байна. Эцэг эхчүүд товлолын бусад вакцинтай харьцуулахад ХПВ-ийн халдварын эсрэг вакцинд сөрөг хандлагатай байгаа үр дүн гарчээ.
Манай улс 11 жилийн өмнө умайн хүзүүний хорт хавдраар өвчилдөггүй орон болохоор хүний папилломи вирусийн эсрэг вакцинжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр оролдсон тухай дээр өгүүлсэн. Гэхдээ хэн нэгний тараасан худал мэдээлэл газар авч, зөв шийдвэрээсээ нэг алхам ухарснаар, харамсалтай нь умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлоор дэлхийд тэргүүлэх улс болов.
Тиймээс уншигч та бүхнийг шинжлэх ухаанд суурилсан, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, ирээдүй хойч үеэ эрүүл энх өсгөхийн тулд охид, бүсгүйчүүдээ хорт хавдраас урьдчилан сэргийлэх бодлого шийдвэрийг дэмжихийг уриалж байна.
Вакцинжуулалтын талаар
Бэлгийн харилцаанд орж байгаагүй тохиолдолд ямар нэгэн шинжилгээ шаардагдахгүй вакцинжуулалтад орох боломжтой. Харин бэлгийн харилцаанд орж байсан бол сайн дурын дархлаажуулалтаар шинжилгээ өгсөн байх шаардлагатай.
Тухайлбал: 9-20 насныханд 2 тун - Эхний тунг хийлгэснээс хойш хоёр сарын дараа 2-р тунг хийлгэх, 20-оос дээш насныхан болон Хүний
Дархлал Хомсдолын Вирус (ХДХВ)-ийн халдвартай хүмүүст эхний тунг хийлгэснээс хойш хоёр сарын дараа 2-р тунг хийлгэж, эхний тунгаас 6 сарын дараа гуравдугаар тунг хийлгэх заалттай.
Өмнө нь дурдсанчлан уг вакциныг товлолт вакцинд оруулсан. Гэхдээ сайн дураараа уг вакциныг тариулахыг хүсвэл ХӨСҮТ-д хийлгэх боломжтой.
Сэтгүүлч Э.Энхмаа, Л.Амарцэцэг, Б.Эрдэнэчимэг, Т.Бархас
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх