Мэргэжил сонгоё: КОНСЕПТ ДИЗАЙНЕР А.Билэгжаргал


Т.Онон | YOLO.MN
2024-10-31

Yolo.mn сайт нь мэргэжлээ сонгох гэж буй хүүхэд залуусдаа дэмжлэг болох үүднээс мэргэжил болгоны төлөөллүүдтэй ярилцаж тухайн мэргэжлийн онцлог, давуу болон сул талын талаар мэдээлэл өгдөг билээ.   

Энэ удаа КОНСЕПТ ДИЗАЙНЕР мэргэжлийг онцолж байна. 

Үндэсний анимэйшн "Маамуу", "Ногун" комикийн консепт дизайнер А.Билэгжаргалтай ярилцав. 

 

YOLOКонсепт дизайнер гэж яг ямар мэргэжил вэ, юу хийдэг вэ? 

- Тоглоомын консепт дизайнер, машины консепт дизайнер гэж байдаг. Консепт гэдэг нь тоглоомын хувьд хад, уул, барилга байгууламж, дотор нь хүмүүс байлаа гэхэд тэрийг бүгдийг базаад дизайныг нь гаргадаг. Нэг цогц ертөнцийг бүтээдэг хүмүүсийг консепт дизайнерууд гэдэг.  

Жишээлбэл Маамуу хүүхэлдэйн кино байлаа гэхэд график, дүрүүд нь ямар байх вэ, background нь ямар өнгө аястай байх вэ гэдгийг зураг дизайнаа нэгтгэж ашиглаад ийм хүүхэлдэй ийм storystyle-тай байна гэдгийг нэгтгэж гаргадаг хүмүүс юм. 

Хувцас загвар зохион бүтээгч хүнийг зураач гэж ярьдаггүй. Хувцасныхаа дизайныг эхлээд цаасан дээр зурдаг.. Дараа нь хувцасныхаа коллекцийг гаргаж, тайзан дээр алхуулдаг. Түүн шиг анимэйшнийхаа дүрүүдийг зурна, зохиолтой болгоод, бэлэн болсон анимэйшнээ зурагтаар гаргадаг. 

YOLOЗураач, дизайнер хүмүүсийн сонгож болох өөр ямар мэргэжил байдаг вэ? 

- Дизайнер дотроо олон төрөл. Компьютер график дизайн, 3D график дизайн, motion график дизайн гэсэн чиглэлүүд бий. Гадна талын функц гаргадаг, дотор талын UI, UX гаргадаг. Юуны дизайнер болох вэ гэдгээ эхлээд өөрөөсөө асуух хэрэгтэй. Цахим хуудасны дизайнер, package дизайнер, график дизайнер болох уу? Ер нь бүгдийг нь хийж үзээд өөртөө аль тухтай, аль нь ирээдүйтэй байна гэдгээ бодож, сонирхсон чиглэлээрээ дагнаад явбал зүгээр. 

YOLOТа өдөр бүр яг ямар ажил хийдэг вэ? 

- Энтертайнмент талдаа, хүүхдийн контент дээр голчлон ажиллаж байна. Танин мэдэхүйн контентууд мөн видео шторк хийдэг. Зохиол болон Storyboard-н дагуу зургаа зурна. Эдгээр нь заавал байх шаардлагагүй ч цаг хэмнэдэг. 

Эхлээд ямар сэдвийн дагуу ямар үйл явдал хийх вэ гээд ярилцана. Дараа нь Storyboard аниматикийг нь хийнэ. Нэмж хасаад бэлэн болсны дараа дүр, background-аа хувааж авцгаана. Дараа нь дуу оруулна, бусад чимээгээ нэмж хийнэ. Тэгээд салангид зүйлсийг нэгтгээд нэг анимэйшн болгон гаргадаг. 

YOLOТа ямар сургууль төгссөн бэ? 

- Би ҮТДС-ийн компьютер график дизайны анги төгссөн. Зураач бол олон төрөл бий. Уран зураг, интертайнмент медиагийн зураач  гэх мэт. Зураг зурж чаддаг хүн дизайнаа холбочхоор консепт дизайнер хийх боломжтой. Жишээ нь сав баглаа боодлын дизайн гаргахад текст, дүрүүдийг нь өөрөө зурчихна, хүүхдийн анимэйшн хийлээ гэхэд дүрүүдийг, бакграундыг, постерийн лого зурна. 

YOLOДавуу талтай гэсэн үг байх нь ээ. 

- Зурж чаддаг дизайнер байх нь их давуу талтай. Гэхдээ зурдаггүй ч мэдрэмжтэй дизайнерууд байдаг. Заавал зурдаг байвал сайн дизайнер гэсэн үг биш л дээ. 

YOLOТа энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу вэ? 

- Би график дизайн гаргах, консепт дизайн гаргах сонирхолтой, анимэйшн тоглоомд их дуртай. Аравдугаар ангид байхад дизайнерууд өөрсдийн бүтээлээ хийж постолдог flickers гээд сайт байсан юм. YouTube орж tutorial хараад хүмүүсийн дизайнуудыг дагаж хийдэг байсан. Одоо үеийн Behance юмуу даа. Дизайнерууд бүтээлээ тавиад хүмүүс хардаг. Би тухайн үед өглөө 8 цагт босоод орой 12 хүртэл сууж бүтээл хийдэг байсан. Тэгээд ер нь ийм чиглэлээр хийвэл гоё юм байна даа гэж бодсон. Ийм сургууль Монголд байдаг юм болов уу гээд хайсан график дизайны анги болж таарсан. 

Мөн нэг удаа манай найз сурагчийн үнэмлэх дээр photoshop ашиглаад толгойг нь cut-лаад тавьчихсан байсан. Тэр нь их инээдтэй санагдаад photoshop гэж юу байдаг юм бол гэж хайж үзээд photoshop tutorial их хийдэг болсон.  

YOLOЯмар хичээлээр шалгалт өгч байсан бэ? 

- Математик, хар зургаар шалгуулсан. Архитектур, график дизайн сонгож байгаа хүүхдүүд тухайн үед тийм шалгалт өгдөг байсан.  

YOLOАнх яаж зураг зурж эхэлсэн бэ? 

- Дөрөвдүгээр ангид байхад манай дүүгийн хичээл дээр багш нь өвлийн сэдэвтэй зураг зур гэсэн даалгавар өгсөн юм. Дүүдээ туслан тухайн үеийн цагаан толгойн ном харж байгаад өвлийн сэдэвтэй нэг зураг хуулж зурж өгөхөд маш амархан санагдсан. Аав ээж “Ямар гоё зурсан юм бэ” гэж хэлэхэд нь их урамшиж зурж эхэлсэн. 

YOLOЗураач дизайнер хүмүүс ямар нийтлэг зан чанартай байдаг вэ? 

- Удаан хугацаагаар суудаг, тархиа маш их ажиллуулах шаардлагатай, ирээдүйг харах болдог. Нэг апп юмуу дизайн гаргахад олон хүн сонирхох зүйлийг гаргаж ирнэ гэдэг хэцүү. Generation-саа шалтгаалаад 6-9 нас, 9-12 нас, 15-22 нас, 30-с хойш юу сонирхох уу гэдгийг нийгмээ ажиглаад мэддэг байх шаардлагатай.  

Монгол хүмүүс юунд ихэвчлэн дуртай талаар судалгаа хийх хэрэгтэй болдог. Гэхдээ Монголын нөхцөлд ажлууд дандаа шахуу цаг хуваарьтай орж ирдэг. Яаралтай, маргааш нөгөөдөр гэх мэтээр их шавдуулдаг. Их цаг орох ажлуудыг богино хугацаанд шахахаар тархины эд эс их үхдэг санагддаг. Мэдрэмж их шаардана, их сургуульд сурдаг basic ур чадваруудыг ч их шаардана. Юм их сайн ажигладаг онцлогтой. Чихэвчтэй хүүхэд зурлаа гэхэд чихэвч олон янз. Тэр бүгдийг мэддэг байх шаардлагатай. 

YOLO: Тэгвэл зураач дизайнер болоход авъяас хөдөлмөр хоёрын аль нь нэгт орох бол? 

- Энэ их сонин асуулт шүү. Угаасаа гарын дүйтэй хүүхэд гэж байдаг. Гэхдээ өөрөө цаг хугацаа зарцуулаад хийгээд байвал авъяастай хүнтэй дүйцэхээр болчихдог гэж би боддог. Авъяасаас  илүү ур чадвартай хүн ур чадваргүй хүн гэж ярьвал зүгээр.  

YOLO: Авъяас гэдэг нь ур чадвар биш үү? 

- Өнгийг мэдрэмжээрээ тавьж чаддаг хүн байхад өөрийнхөө олж авсан мэдлэг боловсролоороо өнгө тавьдаг хүн байдаг. Энэ бол ур чадвар. Бөхийн баримал хийлээ гэхэд хүний булчинг ингэж гишгэхээр энэ булчин илүү төвийдөг гэх мэт анатомийн талаар мэдэх нь нь мэдлэг. Энэ мэдлэгээрээ бөхийн баримлыг олон жил хийснээрээ гартаа оруулаад авбал ур чадвартай болчихож байгаа юм. Ур чадвар бол мэдлэг +туршлага гэж боддог. Харин авъяасгүй хүн хөдөлмөрлөхгүй, хийж байгаа зүйлдээ цаг зарцуулахгүй бол үр дүнд хүрэхгүй. 

“Ямар ч зүйлд 10 мянган цаг зарцуулбал тэр зүйлээ бүрэн эзэмшдэг” гэдэг шиг цаг зарцуулбал л илүү чадварлаг, авъяаслаг болдог. 

YOLO: Консепт дизайнер болохыг хүсч байгаа хүүхдүүд ямар хичээлдээ анхаарах вэ? 

- Бүх талын мэдлэгээ дээшлүүлбэл зүгээр. Түүх соёл, газарзүй, математик, монгол хэл, монгол бичиг зэрэг бүх талын мэдлэг хэрэг болдог. Ер нь бүх хичээлдээ жигд сайн байх хэрэгтэй. 12 хичээл байлаа гэхэд гуравт нь сайн байвал зүгээр.  

YOLO: Зураг зурахад дуртай байх нь чухал юм уу чаддаг байх нь чухал юм уу? 

- Аль аль нь хэрэгтэй. Чаддаг зүйлээ дуртай хийдэг бол бүр л хэрэгтэй. 

YOLO: Зурган дээрээ сайжрахыг хүсэж байгаа хүүхдүүд яах вэ? 

- Юм сайн хуулж зурвал зүгээр. Бороо орж байгаа зураг зурлаа гэхэд бороо ороход яаж харагддаг вэ гэдгийг хуулж зурсан мэдлэгтээ тулгуурлаад зурдаг болно.  

Анатомын үндсэн шинжээр толгойг 8 дахин давхарлахад дундаж хүний өндөр, биеийн харьцаа гардаг бол хүүхдийнх 3-4 байдаг. Хүний цээжний яс, аарцагны яс ямар хэлбэртэй, булчингууд ямар үүрэгтэй, яаж ажилладаг, морь яаж давхидаг вэ гэх мэт ерөнхий мэдлэгээ сайжруулах хэрэгтэй.  

Жишээ нь морины урд хоёр хөлний үүрэг хүний хөлний бүтэцтэй адилхан бол хойд талын хоёр хөл тахианых шиг байдаг. Иймэрхүү мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. 

Юмсыг ажиглаж, халим, загас, дельфин яаж сэлж байна гэх мэт. Эдгээр амьтад бүрийн сэлэлт өөр. 

 


YOLO: Таны дагадаг хаягуудаас дурдвал 

- Art station-д орж хүмүүсийн бүтээлүүдийг их ажигладаг. Pinterest, Behance-д их ордог. Хүмүүсийн бүтээлүүдийг ажигласнаар нүд хөгждөг. 

YOLO: Нүд хөгжинө гэдэг нь юу вэ? 

- Гоё сайхан, муухайг ялгадаг болчихдог. Муу дизайныг сайн дизайнаас ялгадаг. Харж харьцуулснаар гоозүйн мэдрэмж аяндаа хөгждөг. Зарим хүн их хайрцаглагдсан байдаг. Google дээр clip art шиг юм харсаар байгаад clip art л гоё юм шиг төсөөлөлтэй болчихсон хүмүүс бий. Эсвэл Монголын уран зураг харсаар байгаад өөр урлагийн төрлүүдийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. 

Ван Гогийн зургуудыг амьд сэрүүн байхад нь хүмүүс ойшоодоггүй байсан. Учир нь сэргэн мандалтын үеийн зураач нар бодит зураг зурдаг байхад тэс өөр урлагийн төрлөөр зурахаар тухайн үедээ хүлээн зөвшөөрөөгүй. Да Винчи гайхалтай, Ван Гог муу гэх хандлагатай байвал хайрцаглагдаад л үлдэнэ гэсэн үг. 
 

YOLO: Зураач дизайнер мэргэжлийн онцлог юу вэ? 

- Энэ бол сайхан цаг үеийн мэргэжил. Дайн байлдаантай үед гоё кино үзээд гоё постер хараад бараа бүтээгдэхүүн худалдаж авахаас илүү талх л чухал. Хүн хүссэн хүсээгүй талх иднэ, хувцас өмсөнө. Гоо сайхан гоозүйд анхаарахаас илүү амьдрах, амьд үлдэхийн тулд явдаг.  

YOLO: Зураач дизайнер хүний жаргал, зовлонгоос хуваалцвал? 

- Маамуугийн анимэйшн олон хүүхдийн хүмүүжилд бага ч болов нөлөөлж байна. Намайг бага байхад “Ну погоди” гээд Оросын хүүхэлдэйн кино гардаг байсан нь хүүхэд насны гоё дурсамж болоод үлдчихсэн. Маамууг үзэж байсан хүүхдүүд том болсон ч дурсамж нь үлдэнэ. Эгчээсээ дүүгээсээ тоглоомыг нь булааж авдаг хүүхэд байсан бол Маамуу үзээд тоглоом булааж авах нь муу юм байна гэсэн ойлгон, тэр нь амьдралд нь эрвээхийн нөлөө үзүүлж болно. Хүний дурсамжид миний хийсэн зүйл үлдэж байгаа мэдрэмж их гоё.  

Сул тал гэвэл маш удаан хугацаагаар суудаг ч үнэлгээ багатай санагддаг. "Би брэнддээ ийм консепт хийлгээд, дүр гаргуулах гэсэн юм. Байгаа төсөв нь л ийм байна" гэх зэргээр ханддаг. Иймэрхүү харьцаа монгол хүмүүст байдаг. Гадаад хүмүүс хэзээ ч тэгж ярьдаггүй. 

YOLO: Хиймэл оюун бүх салбарт орох боллоо. Энэ мэргэжилд хэрхэн нөлөөлөх бол? 

- Зураач дизайнерууд AI хөгжиж байгаад баярлах хэрэгтэй. Амархан боловч махчлаад цаг иддэг ажлууд байдаг. Би санаагаа гаргачихсан гүйцэтгэх ёстой, гүйцэтгэх зүйлийг маань таван секундын дотор AI гүйцэтгээд байвал би илүү л их зүйл хийнэ.  
 
AI хөгжөөд маркетингийн хүмүүс script бичиж сураад AI-р юм хийгээд байгаа л даа. Тэр нь их generic байдаг. Маш олон хүний хийсэн бүтээлийг нэгтгээд нэг зүйл болгоод гаргаад ирж байгаа шүү дээ. Уг нь мянган хүнээс мянган өөр зураг гардаг. AI мянган хүний зургийг нэгтгэснээ нэг хэв маягаар нэг зургаа гаргаад байна гэдэг яваандаа уйтгартай.  
 
Гэтэл зураач болгон өөрсдийн онцлогтой. AI байнга нэг стильтэй юмаа л харуулдаг нь надад сүнсгүй санагддаг. Найзуудыг зурлаа гэхэд  тэдний дотно харилцааг хүн л гаргаж чаддаг. Яваандаа магадгүй хөгжих байх. 

YOLO: Энэ салбарын цалин ямар байдаг вэ? 

- Энэ салбарын цалин ур чадвараасаа хамаардаг. Гаднын орнуудад хэр том студи гэдгээсээ шалтгаалаад Triple A studio, Double A Studio, AI Studio гэж байдаг. Эдгээрт консепт дизайнер хүний жилийн цалин 100 мянгааас 35 мянган доллар байдаг.   

Харин Монголд компанид ажиллавал дээд тал нь таван сая хүртэл, хувиараа ажиллавал 30-35 сая төгрөг хүртэл олох боломжтой. Тухайн сард мөнгө олохгүй, ямар ч ажил орж ирэхгүй байх тохиолдол бас бий. 

YOLOЯрилцсанд баярлалаа.

#КОНСЕПТ ДИЗАЙНЕР #зураач #график дизайнер #мэргэжлээ сонгох