Crumbl Cookies нь Юта мужийн жижигхэн нарийн боовны газраас эхлээд арав хүрэхгүй жилийн дотор тус улсын хамгийн том жигнэмэгийн сүлжээнүүдийн нэг болж чадсан. Гэвч одоо тус компани тэс өөр бодит байдалтай нүүр тулаад байна.
Restaurant Business сэтгүүлийн мэдээлснээр, 2026 онд Crumbl-ийн дор хаяж 57 салбар хаагдсан бол нэмээд 55 гаруй франчайз салбарыг зарах зар тавигдсан байна. Үүний цаад шалтгаан нь борлуулалт буурч, үйлчлүүлэгчдийн урсгал багассан төдийгүй франчайз эзэмшигчдэд учрах санхүүгийн дарамт нэмэгдсэнтэй холбоотой юм байна.
Crumbl Cookies дор хаяж 57 салбараа хаажээ

Хурдацтай өргөжин тэлсэн нь Crumbl-ийг сүүлийн арван жилийн зоогийн газрын салбарын хамгийн том амжилтын жишээнүүдийн нэг болгосон юм. Тус компани 2017 онд Юта мужийн Логан хотод анхны салбараа нээж байсан бол 2024 он гэхэд 1,000 гаруй салбартай болтлоо өргөжсөн байв.
Гэвч сүлжээний салбарын тоо одоо эсрэг чиглэлд хөдөлж эхэллээ.
Restaurant Business-ийн судалгаагаар шинээр нээгдсэн салбаруудыг тооцохгүйгээр энэ онд дор хаяж 57 салбар үүдээ барьжээ. Мөн зуучлалын цахим хуудсуудад Crumbl-ийн дор хаяж 55 өөр франчайз салбарыг худалдах зар тавигдсан нь цаашид ч нэмж хаагдах эрсдэл байгааг харуулж байна.
Хэдийгээр Crumbl-ийн 1,000 гаруй салбар одоо ч ажиллаж байгаа тул эдгээр салбарын татан буугдалт нь тус сүлжээний төгсгөл ирснийг илтгэхгүй ч, олон жилийн турш шинэ салбаруудыг эрчимтэй нээж байсан компанийн хувьд томоохон эргэлт болж байна.
Crumbl-ийн борлуулалт огцом буурчээ

Crumbl-ийн салбаруудын борлуулалт мэдэгдэхүйц буурсантай холбоотойгоор ийнхүү салбаруудаа хаахад хүрээд байна.
Restaurant Business-ийн олж авсан компанийн дотоод баримт бичгээс харахад наймдугаар сарын борлуулалт хоёр жилийн өмнөх мөн үеэс 70 хувиар буурчээ. Хэд хэдэн франчайз эзэмшигчид наймдугаар сарыг компанийн түүхэн дэх хамгийн тааруу сар байсан хэмээн тодорхойлсон байна.
Мөн үйлчлүүлэгчдийн урсгал ч багасжээ. Placer.ai-ийн мэдээллээр, наймдугаар сард Crumbl-ийн 1,000 гаруй салбараар үйлчлүүлэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна.
Нэг салбарт ногдох дундаж борлуулалт ч мөн унажээ. Crumbl-ийн нэг салбарын жилийн дундаж борлуулалт 2022 онд ойролцоогоор 1.84 сая ам.долларт хүрч оргилдоо хүрч байсан бол 2025 онд 1.14 сая ам.доллар болж буурсан байна.
Цахим орчинд алдаршсаны дараа Crumbl хурдацтай өргөжсөн юм
Компани хэр хурдан хугацаанд өргөжин тэлснийг бодож үзвэл Crumbl-ийн одоогийн хүндрэлүүд бүр ч их анхаарал татаж байна.
Тус сүлжээ цар тахлын үеэр сошиал медиад жинхэнэ шуугиан тарьж, том хэмжээтэй жигнэмэг, долоо хоног бүр өөрчлөгддөг шинэ амт, ягаан хайрцаг болон цахим орчинд хуваалцахад тохиромжтой шинэ бүтээгдэхүүнүүдээрээ брэндээ босгосон юм.

Crumbl 2019 онд ердөө 55 салбартай байсан бол 2021 онд 327, улмаар 2024 он гэхэд 1,000 гаруй салбартай болж өссөн. Тус компани 2023 онд сүлжээний хэмжээнд 1 тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийсэн байна.
Энэхүү хурдацтай өсөлт нь франчайз эзэмшигчдийг ч ихээр татсан. Гэвч борлуулалт буурч, шинэ салбар нээх зардал өссөнөөр тус тусдаа салбаруудын эдийн засгийн үр ашиг үндсээрээ өөрчлөгджээ.
Crumbl-ийн нэг франчайз салбар нээхэд шаардагдах анхны хөрөнгө оруулалт одоо ойролцоогоор 849,000-аас 1.47 сая ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа нь 2019 онд зарлаж байсан дүнгээс тав дахин өссөн үзүүлэлт юм.
Цаашид ч Crumbl-ийн салбарууд нэмж хаагдаж болзошгүй

Одоогоор Crumbl нь 1,000 гаруй салбартай, үндэсний хэмжээний томоохон сүлжээ хэвээр байна. Гэвч салбарууд хаагдаж, үйлчлүүлэгчдийн урсгал багасан, борлуулалт буурч, франчайз эрхүүд зарагдахаар тавигдаж буй энэ бүх нөхцөл байдал нийлээд тус компанийн хурдацтай өсөлтийн эрин үе төгсгөл болсныг харуулж байна.
Одоогоор худалдахаар зар тавигдсан 55 франчайз салбарын хувь заяа тус сүлжээ цаашид хаашаа чиглэх вэ гэдгийг илтгэх бас нэгэн дохио болно. Хэрэв эдгээр салбарууд худалдан авагчаа олж чадахгүй эсвэл дахин ашигтай ажиллаж эхлэхгүй бол цаашид бүр ч олон салбар хаагдах эрсдэлтэй юм.
Эх сурвалж: Yahoo Finance



425








