Та цахим ертөнцөөр аялж байхдаа хэн нэг хүний таны амьдралдаа харах байтугай сонсож ч байгаагүй тийм жимсийг идэж байхтай таарч байсан уу? Монголд бараа нь ч үзэгддэггүй тэдгээр жимснүүд дэлхийн өнцөг булан бүрийн соёл, уур амьсгал, байгалийн онцлогийг өөртөө шингээсэн байдаг. Өнөөдөр бид тэдгээр “нууцлаг” гэж хэлж болох хачирхалтай жимснүүдийн талаар болон хэрхэн амтагддаг талаарх сонирхолтой мэдээлэлтэй танилцах болно.
1. Star Fruit

Star Fruit нь шар өнгийн од мэт хэлбэртэй жимс юм. Уг жимс нь Зүүн Өмнөд Азиас гаралтай бөгөөд бэрсүүт жүрж, алим болон чавгыг хольсон мэт чихэрлэг амттай аж. Энэхүү од хэлбэртэй жимс нь илчлэг багатай, эрдэс их агуулдаг тул дэглэм барьж байгаа эмэгтэйчүүдийн хүнсний жагсаалтад багтах нь олонтоо. Зөвхөн үүгээр ч зогсохгүй С витамины агууламж өндөр тул арьсаа толигор байлгахыг хүсдэг хэн бүхний сайн найз болдог. Зарим улсад Star Fruit-ыг хоолныхоо хачир, салатныхаа нэгэн орц болгодог нь хан боргоцойг санагдуулам. Гэхдээ бөөрний өвчтэй хүмүүсийг Star Fruit-ээс аль болох хол байхыг зөвлөдөг юм байна шүү.
2. Acai

Acai нь Өмнөд Америкийн дал модноос ургадаг жижиг, хар хөх өнгийн жимс юм. Хэмжээний хувьд үхрийн нүд шиг хэмжээтэй ба шоколад болон аньсныг хольсон мэт содон амттай. Хачирхалтай нь уг жимсний үрийг идэж болдоггүй гэнэ. Та acai-г зүгээр л дангаараа энгийн гүзээлзгэнэ ч юм уу бөөрөлзгөнө шиг таваг дээр өрөгдсөн байхыг харна гэдэг юу л бол. Учир нь уг жимс ихэнхдээ смүүтийнд юм уу ямар нэг байдлаар өөр төрлийн жимстэй холигдож хэрэглэгддэг. Өөртөө маш их хэмжээний эслэгийг агуулдаг тул эрүүл жимсний тоонд ордог байна.
3. Jackfruit

Jackfruit бол 45 кг хүртэл томордог, дэлхийн хамгийн том жимс юм. Тарвасыг бид аманд ороод л уусдаг, гадилыг нялцгай, алимыг хатуу бүтэцтэй гэж тодорхойлдог бол Jackfruit нь яг л гайхан утсан мах шиг зажлагдаж идэгддэг байна. Энэ чанараас нь болоод уг жимсийг махыг орлуулан таконд хийх тохиолдол олон байдаг. Гүйцэт болоогүй байхдаа тийм ч тааламжтай амтагддаггүй ч бүрэн боловсорчихоороо тун чихэрлэг амттай. Энэтхэгээс гаралтай уг аварга том жимс C, B витаминуудыг өөртөө агуулж байдаг тул мөн л эрүүл жимсний тоонд ордог.
4. Dragon Fruit

Сүүлийн жилүүдэд цагаан киви шиг харагддаг энэхүү жимс монголын ард түмэн дунд өргөнөөр хэрэглэгдэх болсон. Тэгвэл энэхүү содон жимсийг та кактусаас ургадаг гэвэл итгэх үү? Монголчууд бид dragon fruit-ийг тод ягаан өнгийн хальстай байдгаар нь сайн мэдэх ч бас шар өнгийн гадаргуутай ч байдаг юм байна. Гоёхон өнгөтэй хальсыг нь нээж харвал цагаан эсвэл ягаан өнгийн шүүслэг зөөлөн жимс нь гарч ирэх бөгөөд киви болон лийртэй төстэй амттай. Та уг жимсийг яаж ч идсэн болно. Халбагаар халбагадан том томоор нь идсэн ч болно, смүүтийндээ хольсон ч болно. Дотроо маш их хэмжээгээр эслэг, витамин, эрдэс бодис агуулдаг тул хоол шингээх үйл ажиллагаанд ихээхэн тус болдог байна.
5. Breadfruit

Breadfruit-ийг монгол руу шууд орчуулбал талхан жимс гэж орчуулагдана. Талхан жимс нь жимс гэхээсээ илүү хүнсний ногооны үүргийг гүйцэтгэдэг бөгөөд олон мянган жилийн турш Номхон далайн улсуудын гол хүнс байсаар иржээ. Хөл бөмбөгийн хэмжээтэй уг жимсийг шарсны дараа яг л талх шиг бүтэцтэй болчихдог тул уг нэрээ олж авсан байна. Амтны хувьд тийм ч онцгой амтгүй. Харин хэрэглэхдээ түүхийгээр нь биш яг л төмс шиг нэг бол нухаж нэг бол шарж иддэг юм байна.
6. Guava

Guava нь гүзээлзгэнэ болон лийрийг нийлүүлсэн мэт амттай гэхээр амьдралдаа ядаж нэг удаа ч болов амсаад үзчихмээр санагдаж байгаа биз? Хамгийн сонирхолтой нь цагаан, шар, ягаан, улаан гээд маш олон өнгөтэй байдаг энэ жимсний хальсыг ч мөн идэх боломжтой. Зарим guava-ны үр зөөлөн байдаг тул үрийг нь идэхэд ч хориглох зүйл байхгүй. Ерөнхийдөө ямар ч хаягдал байхгүй их л хэмнэлттэй жимс мэт. Guava-г дангаар нь хэрэглэхээс гадна жимсний чанамал, шүүс болон төрөл бүрийн амттандаа хольж идвэл илүү амттай. Мөн С витаминаар баялаг гэдгээрээ алдартай жүржээс ч илүү хэмжээгээр С витаминыг агуулж байдгаас гадна А витамин, эслэг, кали, фосфор зэргээр ч баялаг байдаг.
7. Passion fruit

Passion fruit-ыг бид өдөр тутамдаа хэрэглэж заншаагүй ч уг жимсийг агуулсан маш олон төрлийн ундаа, шүүс, чихэр, таргийг хэрэглэдэг шүү дээ. Passion fruit нь өөрөөсөө онцгой сайхан үнэрийг ялгаруулдаг ба үзмэн ягаан, улаан, шар өнгөтэйгөөр Өмнөд Америкт элбэг ургадаг. Өөртөө маш бага илчлэгийг агуулдгийн дээр гүзээлзгэнэ болон лийрийн амтыг хослуулсан guava-тай тун төстэй амттай. Жимсийг идэхдээ дундуур нь хувааж байгаад үрийг нь халбагадаж иддэг байна.
8. Durian

Дэлхий дээр хоёр төрлийн л хүмүүс байдаг. Нэг хэсэг нь durian-д донтогсод байдаг бол нөгөө хэсэг нь durian-ы барааг харж ч чаддаггүй гэнэ. Ингэж хоёр хуваагдах нь ч бас шалтгаантай. Учир нь жимс нялуун амттай бөгөөд тун хурц, бүр өмхий гэж болох үнэрийг ялгаруулдаг болохоор тэр гэнэ. Муухай үнэрээсээ болоод “цогцсон жимс” гэдэг нэрийг ч мөн авсан байдаг. Юутай ч олны дунд тийм ч нэр хүндтэй байж чаддаггүй уг жимс хүмүүсийн сонирхлыг хамгийн их татдаг. Нялуун, хүнд бүтэцтэй байдаг тул нэг аяга нь ойролцоогоор 357 калорийг агуулдаг байна.
9. Horned melon (Kiwano)

Horned melon эсвэл kiwano ч гэж бас нэрлэгддэг уг өргөст жимс Африкаас гаралтай ба өргөст хэмхийн төрөл зүйлд ордог. Гаднаа өргөсөөр бүрхэгдсэн ч дотроо яг л цэлцгэнүүр шиг тод ногоон өнгийн зөөлөн үртэй байдаг тул та зүгээр л тэрхүү үрийг нь халбагадан идэхэд болно. Амь нь тийм ч хурц биш ч өргөст хэмх, лимон болон бага зэргийн гадилын амттай. Калорийн агууламж багатай тул энэхүү жимсийг дангаар нь хэрэглэхээс илүүтэй шинэ ногооны салатанд хийх, тарагтай холих эсвэл шүүс юм уу смүүтийндээ хийхийг зөвлөдөг байна.
10. Mangosteen

Mangosteen нь Азийн халуун орнуудад ургадаг бөгөөд АНУ-д олдоц багатай байдаг төдийгүй зарагдлаа ч үнэтэй зарагддаг гэнэ. Гаднаа хатуу үзмэн ягаан өнгийн хальстай бөгөөд дотроо цагаан өнгийн гадил, тоор хоёрыг хольсон мэт амттай зөөлөн эдтэй. Уг жимсийг та дангаар нь хэрэглэхээс гадна жимсний чанамал юм уу шүүсэндээ холин ууж болно. Шинжлэх ухаанаар бүрэн батлагдаагүй ч хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэж ч яригддаг юм байна.
Эх сурвалж: WebMD



8806






