Хиймэл оюун ухаан хүний хийж чаддаг байсан олон ажлыг гүйцэтгэж, заримдаа бидний өмнөөс сэтгэж, бичиж, бүтээх болсон энэ цаг үед Кембрижийн толь бичиг 2026 оны онцлох үгээр “human” буюу “хүмүүн” гэх үгийг сонгожээ.
Технологи хэчнээн хөгжиж, машин хүн шиг ярьж, сэтгэж, бүтээл туурвих болсон ч хүнийг хүн болгодог нандин чанар юу вэ гэсэн асуулт дэлхий нийтийн анхаарлыг татах болсон нь ийнхүү оны онцлох үгийн сонголтод нөлөөлсөн байна. Кембрижийн толь бичгийн толь зүйч Колин Макинтошийн тайлбарласнаар хиймэл оюун ухаан хүний сэтгэн бодох чадварыг орлох хэмжээнд хүрч болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдсэн нь хүмүүсийг хүн байх гэдэг ойлголтын талаар дахин эргэцүүлэхэд хүргэжээ.
Хиймэл оюун ухаан хүний хэл яриаг дуурайж, зураг зурж, хөгжим зохиож, мэдрэмжийг илэрхийлж чаддаг болсон. Гэхдээ хүн бол зөвхөн мэдээлэл боловсруулж, асуудал шийдвэрлэх үүрэггүй. Бид хайрлаж, санаж, үгүйлж, баярлаж, гуниж, бусдын зовлонг өөрийн мэт мэдэрч чаддаг сэтгэл зүрхтэй оршихуй. Алдаа гаргадаг ч түүнээсээ суралцаж, уучлал гуйж, бусдыг уучилж чаддаг. Заримдаа өөрт ашиггүй байсан ч бусдын төлөө тусалж, хариу нэхэлгүй хайрлаж, танихгүй нэгний зовлонд ч сэтгэл эмзэглэдэг. Хэн нэгний инээмсэглэлд баярлаж, хайртай хүнээ санаж, энгийн мөчүүдээс амьдралын утга учрыг олдог. Хүний нандин чанар нь төгс байдалд бус мэдэрч, ойлгож, энэрч, дахин эхэлж чаддагт оршдог биз ээ.
Өдгөө хүний бүтээсэн бүтээлийг хиймэл оюун ухаанаар хуулбарлах, хүний дуу хоолой, дүр төрхийг зөвшөөрөлгүй ашиглах асуудал ч хурцаар тавигдаж байна. Энэ талаар дэлхийн олон алдартан, уран бүтээлч байр сууриа илэрхийлж, хүний бүтээлч хөдөлмөр, оюуны өмчийг хамгаалахыг уриалж байгаа юм.
Тухайлбал Билл Гейтс хиймэл оюун ухаан өвчнийг эмчлэх, боловсролыг сайжруулах зэрэг олон боломж нээж болох ч хүнийг амьдралынхаа төвд хэвээр байлгах сонголтыг бид өөрсдөө хийх ёстой. Хиймэл оюун ухааны амжилтыг дүгнэхдээ хүний амьдралыг хэр хэмжээгээр сайжруулж байгаагаар хэмжих хэрэгтэй гэжээ.
Тэгвэл Кембрижийн их сургуулийн шинжлэх ухааны философич Том Макклелланд хүн ба хиймэл оюун ухааны оюун ухааны ялгааг эргэцүүлж, биднийг бусдаас ялгаруулдаг зүйл ухамсар, бүтээлч байдал эсвэл энэрэнгүй сэтгэлийн аль нь болохыг асуужээ. Ийнхүү “Human” буюу “Хүн” гэх үг энэ оны онцлох үгээр шалгарсан нь технологийн хөгжлийг үгүйсгэсэн хэрэг бус, харин тэр бүх хөгжлийн эцсийн зорилго нь хүн, хүний амьдрал, сайн сайхан байх ёстойг сануулсан сонголт боллоо.
Эх сурвалж: University of Cambridge – Cambridge Dictionary reveals Word of the Year 2026; Cambridge English – Human is the Word of the Year 2026.



487











