Монгол Улсын 15 настай гурван хүүхэд тутмын хоёр нь уншиж ойлгох суурь түвшинд хүрээгүй байна. Энэ нь хүүхдүүд уншсан зүйлийнхээ гол санааг ойлгох, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдлэгээ амьдралдаа ашиглах чадвар хангалтгүй байгааг харуулж байна. Иймд эх хэлний боловсролыг сайжруулж, хүүхдүүдийн унших дадлыг бага наснаас нь төлөвшүүлэх зорилгоор боловсролын салбарт шинэчлэл хийхээр болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр “Эх хэл – Нэг Монгол” үндэсний зөвлөгөөн болж байна. Энэ өдөр их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.
Зөвлөгөөнд улс орны өнцөг булан бүрээс эрдэмтэн судлаач, хэл шинжлэл, утга зохиолын төлөөлөл, бүх шатны боловсролын байгууллагын багш нар оролцож, монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын боловсролын чанарыг сайжруулах асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн арга зүйг шинэчлэх, эх хэлний хэрэглээг нэмэгдүүлэх, үндэсний соёлын өвийг хойч үедээ өвлүүлэх асуудлыг хөнджээ.

Зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Боловсролын сайд Л.Энх-Амгалан эрдэмтэн судлаач, багш нарын оролцоо монгол хэл, бичиг, утга зохиолын өвийг хамгаалан хөгжүүлэхэд чухал болохыг онцолсон байна. Мөн орон нутаг, бүсийн зөвлөгөөнүүдээс гарсан багш нарын санал, бодит туршлагыг төрийн бодлогод тусган ажиллахаа илэрхийлжээ.
УНШИЖ ОЙЛГОХ ЧАДВАР ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ОРЛОГОД Ч НӨЛӨӨЛНӨ
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Эх хэл ба ирээдүйн чадамж” сэдэвт илтгэлдээ уншиж ойлгох чадвар зөвхөн хэлний боловсролоор хязгаарлагдахгүй, хүний цаашдын боловсрол, ажил мэргэжил, хөдөлмөрийн бүтээмжид шууд нөлөөлдгийг онцолжээ.
Уншиж ойлгох чадвар гэдэг нь зөвхөн хурдан унших, зөв бичихийг хэлэхгүй. Харин уншсан мэдээллийнхээ утгыг ойлгох, гол санааг ялгах, дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, олж авсан мэдлэгээ амьдралдаа ашиглах чадвар юм.
Олон улсын судалгаагаар уншиж ойлгох чадвар сайтай хүний нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг зургаа хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ. Мөн 2026 оны есдүгээр сард Кембрижийн их сургуулийн тархи судлалын эрдэмтдийн хийсэн судалгаанд тогтмол унших нь тархины бүтэц, үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй бөгөөд танин мэдэхүйн чадвар буурахаас сэргийлэх ач холбогдолтойг дурдсан байна.
Гэвч Монгол Улсын 15 настай хүүхдүүдийн уншиж ойлгох чадварын үзүүлэлт хангалтгүй хэвээр байна. PISA-ийн 2022, 2025 оны үнэлгээгээр гурван хүүхэд тутмын хоёр нь уншиж ойлгох суурь түвшинд хүрээгүй аж. Түүнчлэн хот, хөдөөгийн хүүхдүүдийн унших чадварын үзүүлэлтэд 2.1 жилийн зөрүү гарсан нь суралцах орчин, ном хэвлэлийн хүртээмжийн ялгааг бууруулах шаардлагатайг харуулж байна.
Харин хүүхдүүдийн уншиж ойлгох чадварыг сайжруулж чадвал Монгол Улсын эдийн засагт уул уурхай, газрын баялгаас үл хамаарах 177 тэрбум ам.долларын үр өгөөж бий болгох боломжтойг ПИСА-2025 үнэлгээний үр дүнг танилцуулах үеэр Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны байгууллагаас мэдээлжээ.
СУРАХ БИЧГИЙН АГУУЛГЫГ ШИНЭЧИЛЖ, УНШИХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ

Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлж буй зургаан шинэчлэлийн нэг гол чиглэл нь эх хэлний боловсрол, хүүхдийн уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх юм.
Юуны өмнө Монгол Улсын иргэдийн унших, уншсанаа ойлгох, амьдралдаа хэрэглэх чадварыг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (OECD)-тай хамтран PIAAC үнэлгээгээр оношлохоор төлөвлөжээ. Ингэснээр уншиж ойлгох чадварын хоцрогдол аль нас, боловсролын түвшнээс эхэлж байгааг тодорхойлох боломжтой.
Мөн хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан унших чадварыг үе шаттай хөгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролоос эхлэн сонсож ойлгох, үгийн сангаа баяжуулах, ойлгосноо илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ. Бага ангид унших, уншсанаа ойлгох, тайлбарлах чадварыг төлөвшүүлж, дунд болон ахлах ангид мэдээлэлд дүн шинжилгээ хийх, эх сурвалжийг үнэлэх, нотолгоонд тулгуурлан дүгнэлт гаргах, бүтээлчээр бичих чадварт сургах юм.
Түүнчлэн 2027 онд сурах бичгийн бодлого, тогтолцоог шинэчилж, хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжил, суралцах хэрэгцээнд нийцсэн чанартай эх, хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Монгол хэлний сургалтад ашиглах боломжтой 700 гаруй ном, сурах бичиг, эхийг судлахад 200 гаруй нь шаардлага хангаагүй гэж үзсэн байна. Иймээс сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний агуулга, чанарыг сайжруулах шаардлагатайг онцолжээ.
Үүний зэрэгцээ хүүхэд бүрийг өөрийн сонирхолд нийцсэн номтой болгох, сургууль, цэцэрлэгийн номын санг хөгжүүлэх, унших цаг, орчныг бүрдүүлэхэд анхаарах аж. Мөн казах, тува хэлний боловсролын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
“УНШДАГ ХҮҮХЭД-СЭТГЭДДЭГ МОНГОЛ” САНААЧИЛГЫГ ДЭВШҮҮЛЛЭЭ
Хүүхдийг бага наснаас нь ном унших дадалтай болгох зорилгоор “Уншдаг хүүхэд-Сэтгэдэг Монгол” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэх саналыг дэвшүүлжээ.
Энэ хүрээнд хүүхдийн унших чадварыг тогтмол үнэлж, хоцрогдлыг эрт илрүүлэн дэмжлэг үзүүлэх, сургуулийн номын санг зөвхөн ном хадгалдаг бус уншиж, хэлэлцэж, судалдаг орчин болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн гэр бүлийн уншлагын соёлыг дэмжих ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах юм.
Нөгөө талаас монгол хэлний цахим санг баяжуулах, үндэсний бичгийн технологийг хөгжүүлэх, зөв бичих болон хэл найруулгын туслах систем, кирилл болон үндэсний бичгийн хөрвүүлэг, яриа таних, орчуулгын технологийг сайжруулахад анхаарна. Ингэснээр хиймэл оюун ухааны орчинд монгол хэлний хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Энэ нь үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг юм.
Монгол Улс 2029 он гэхэд 15 настай гурван хүүхэд тутмын хоёрыг уншиж ойлгох суурь түвшинд хүргэх зорилт дэвшүүлжээ.
Эх хэлний боловсролыг сайжруулах нь зөвхөн монгол хэлний хичээлийн агуулгыг өөрчлөх асуудал биш. Харин хүүхэд мэдээллийг ойлгож, өөрийнхөөрөө сэтгэж, зөв шийдвэр гаргах чадвартай иргэн болж төлөвших үндэс юм. Тиймээс энэ зорилтын хэрэгжилт сурах бичиг, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээс гадна гэр бүл, сургууль, нийгмийн унших соёлыг хэрхэн хөгжүүлэхээс ихээхэн хамаарна.
Эх сурвалж: Боловсролын яам


246











