Их сургуулиа төгсөх дөхөхөөр “Одоо яах вэ?” гэсэн асуулт олон оюутны өмнө гарч ирдэг. Шууд ажиллах уу, эсвэл үргэлжлүүлэн суралцах уу, мэргэжлээ ахиулахын тулд хаана, ямар чиглэлээр сурах вэ гэх мэт олон сонголт бий. Ялангуяа мэргэжлээрээ цаашид хөгжихөөр төлөвлөж байгаа бол зөвхөн дипломтой болохоос илүү өөрт хэрэгтэй мэдлэг, ур чадвараа сонгох нь чухал. Тиймээс төгсөх дамжааны оюутнууд мэргэжил дээшлүүлэхээр төлөвлөж байгаа бол дараах 10 зүйлийг анхаараарай.
1. Юуны өмнө зорилгоо тодорхойлох
“Дахиад сурах хэрэгтэй” гэдэг ерөнхий бодлоос илүү яг юуны төлөө сурахаа тодорхойлох хэрэгтэй. Мэргэжлээ гүнзгийрүүлэх үү, өөр чиглэл рүү шилжих үү, эсвэл тодорхой нэг ур чадвар эзэмших үү гэдгээ эхлээд шийдээрэй.
2. Өөрийн сонирхож буй салбараа судлах
Сонирхож байгаа мэргэжил тань хөдөлмөрийн зах зээл дээр ямар эрэлттэй байгааг судлаарай. Ажлын байрны шаардлага, цалингийн түвшин, цаашдын карьерын боломж зэргийг харьцуулж үзэхэд шийдвэр гаргахад илүү хялбар болно.

3. Зөвхөн нэр хүндээр нь сургалтаа сонгохгүй байх
Алдартай сургууль, сургалтын төв болгон танд тохирно гэсэн үг биш. Хөтөлбөрийн агуулга, багш нарын туршлага, дадлага хийх боломж, төгсөгчдийн үр дүн зэрэгт анхаарах нь илүү чухал.
4. Сургалтын төлбөрөө урьдчилан тооцох
Мэргэжил дээшлүүлэхэд сургалтын төлбөрөөс гадна байр, хоол, замын зардал, ном материал зэрэг нэмэлт зардал гарч болно. Тиймээс нийт зардлаа урьдчилан тооцоолж, өөрийн санхүүгийн боломжид тохирсон сонголт хийгээрэй.

5. Тэтгэлэг, санхүүжилтийн боломж хайх
Сургалтын төлбөрийг заавал өөрөө бүрэн төлөх шаардлагагүй байж болно. Дотоод, гадаадын тэтгэлэг, сургуулийн хөнгөлөлт, байгууллагын санхүүжилт зэрэг боломжуудыг эртнээс судлах хэрэгтэй.
6. Хэлний мэдлэгээ анхаарах
Ялангуяа гадаадад суралцах, олон улсын хөтөлбөрт хамрагдах гэж байгаа бол хэлний мэдлэг чухал. Хэлний шалгалт шаарддаг сургуулиуд олон байдаг тул төгсөхөө хүлээлгүй бэлдэж эхлэх нь давуу тал болно.
7. Практик ур чадвараа хөгжүүлэх
Зөвхөн онолын мэдлэгтэй байхаас илүү тухайн мэдлэгээ ажил дээр хэрэглэх чадвар чухал. Сургалтынхаа хажуугаар дадлага хийх, төсөл дээр ажиллах, сайн дурын ажилд оролцох зэргээртуршлага хуримтлуулаарай.

8. CV болон портфолиогоо эртнээс бэлдэх
Мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, тэтгэлэг, дадлага болон ажлын байранд материалаа өгөхөд CV, портфолио хэрэг болно. Тиймээс төгсөх үедээ гэнэт бэлдэх бус, хийсэн төсөл, оролцсон үйл ажиллагаа, олсон амжилтаа одооноос цуглуулж байгаарай.
9. Төгсөөд хаана, ямар ажил хийхээ төсөөлөх
Суралцах хугацаандаа юу хийхээс илүү төгсөөд хаашаа хүрэхээ бодох нь чухал. Сонгож буй сургалт таны ирээдүйн ажил, карьерын зорилготой хэр нийцэж байгааг өөрөөсөө асуугаарай.
10. Бусдын сонголтыг өөрийнхтэйгөө бүү харьцуул
Найз чинь гадаадад сурахаар болсон, ангийнхан чинь бүгд ажилд орсон байж болно. Гэхдээ хүн бүрийн зорилго, боломж, нөхцөл өөр. Бусдыг дагаж шийдвэр гаргахаас илүү өөрт тохирох замаа сонгох нь хамгийн зөв.










