EducationUSA Mongolia төвөөс АНУ-д суралцах хүсэлтэй сурагч, оюутнуудад зориулан “Боловсролын өдөрлөг” арга хэмжээг аравдугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн өдөрлөгт АНУ-ын 16 их, дээд сургуулийн олон улсын элсэлтийн албаны төлөөлөгчид оролцон сурагч, оюутнуудтай биечлэн уулзаж, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог байлаа.
EducationUSA Mongolia-ийн зөвлөх Ц.Анужингийн мэдээлснээр, өдөрлөгийг Монголын Хүүхдийн ордонд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулсан бөгөөд 600 гаруй сурагч, залуус урьдчилан бүртгүүлжээ. Оролцогчид эцэг эх, багш нарын хамт хүрэлцэн ирж, АНУ-д суралцах боломжийн талаар мэдээлэл авчээ.
Түүнчлэн оролцогчид EducationUSA Mongolia-ийн бэлтгэсэн “Америкт суралцах таван алхам” гарын авлагыг авах боломжтой байсан болоод зарим сургууль өргөдлийн хураамжаас чөлөөлөх боломжийг санал болгожээ.
Мөн тус өдөрлөгийн үеэр төлөөлөл болгон АНУ-ын таван их сургууль, коллежийн төлөөлөгчөөс ярилцлага авч, тухайн сургуульд сурахыг хүсч буй Монгол сурагчид өргөдөл гаргахдаа яг юун дээр түлхүү анхаарах хэрэгтэй болоод ямар боломжууд байгаа талаар мэдээлэл бэлтгэлээ.
FOOTHILL AND DE ANZA COLLEGES-ИЙН ОЛОН УЛСЫН ЭЛСЭЛТ ХАРИУЦСАН ТУСЛАХ ЗАХИРАЛ PATCH BAMRUNG

АНУ-ын Калифорни мужийн Цахиурын хөндийд байрладаг Foothill болон De Anza Colleges-ийн олон улсын элсэлт хариуцсан туслах захирал Patch Bamrung хоёр жилийн коллежид суралцах боломж болон элсэлтийн шаардлагын талаар мэдээлэл өглөө.
АНУ-д ахлах сургуулиа төгссөн сурагчид дөрвөн жилийн их сургуульд шууд элсэхээс гадна хоёр жилийн коллежид суралцах хувилбарыг сонгож болно. Ялангуяа SAT шалгалт, хувийн эсээ болон их сургуулийн элсэлтийн өргөдөлтэй холбоотой шаардлагуудад санаа зовж буй сурагчдын хувьд коллеж нь авч үзэх боломжтой сонголт юм.
Foothill болон De Anza Colleges-д элсэхэд ахлах сургуулийн дүнгийн хуулбар болон англи хэлний мэдлэгийн баталгаа л шаардлагатай гэж Patch Bamrung тайлбарлав. Зарим дөрвөн жилийн их сургуулийн элсэлтийн үйл явцтай харьцуулахад бүрдүүлэх материалын тоо цөөн байх боломж бий.
Мөн тус коллежуудын жилийн сургалтын төлбөр ойролцоогоор 10,000 ам.доллар байдаг нь олон дөрвөн жилийн их сургуулийн төлбөрөөс бага дүн юм. Оюутнууд эхний болон хоёр дахь жилдээ коллежид суралцсаны дараа гурав, дөрөв дэх жилдээ өөр их сургуульд шилжин, бакалаврын зэрэг эзэмших боломжтой.
Гэхдээ шилжин суралцах нөхцөл нь сонгосон их сургууль, мэргэжил, хөтөлбөрөөс хамаарч өөр өөр байдаг тул сурагчид элсэхээсээ өмнө шилжилтийн шаардлага болон кредит хүлээн зөвшөөрөх нөхцөлийг сайтар судлах хэрэгтэй юм.
DREXEL UNIVERSITY-ИЙН ОЛОН УЛСЫН ЭЛСЭЛТИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, ДОКТОР SONG HOFFMAN

Song Hoffman олон улсын сурагчдын өргөдлийг үнэлэхдээ тухайн сурагчийн хувийн онцлог, сониуч зантай холбоотой хүсэл эрмэлзлийг анхаарч үздэг талаар онцоллоо.
Тэрээр өргөдөл гаргагч бүр өөрийн гэсэн онцлог, сонирхолтой байх нь чухал гэв. Үүний зэрэгцээ сурагчид амжилтаа жагсаан бичих биш, сонгож буй сургуулийнхаа талаар судалгаа хийж, тухайн сургуульд яагаад суралцахыг хүсэж байгаагаа тодорхой илэрхийлэх шаардлагатай гэж байлаа.
Ялангуяа хувийн эсээ буюу personal statement бичихдээ өөрийн сонирхол, зорилгоо үнэн зөвөөр харуулж, сонгосон сургуультайгаа хэрхэн холбогдож байгааг тайлбарлах нь чухал юм. Өөрөөр хэлбэл, өргөдөл нь сурлагын амжилтуудыг жагсаах биш, тухайн сурагчийн хэн болох, юу сонирхдог, цаашид хэрхэн хөгжихийг хүсэж буйг илэрхийлэх боломж болдог байна.
HAWAII PACIFIC UNIVERSITY-ИЙН ОЛОН УЛСЫН ЭЛСЭЛТИЙН АЛБАНЫ ТУСЛАХ ЗАХИРАЛ JOSEPH ROBERTO

Joseph Roberto Хавай мужийн Хонолулу хотод байрлах тус сургуулийн талаар мэдээлэл өглөө. Тус сургууль нь Номхон далайн дунд байрлах Хавай мужийн нийслэл Хонолулу хотын төвд байрладаг, хувийн либерал урлагийн чиг баримжаатай их сургууль юм. Бизнес, далайн биологи, сувилахуйн хөтөлбөрүүдээрээ танигдсан бөгөөд оюутнууд өөрийн сонирхолд нийцсэн бусад чиглэлээр суралцах боломжтой.
Joseph Roberto элсэхээр төлөвлөж буй сурагчдад голч дүнгээ 3.0 болон түүнээс дээш түвшинд байлгахыг зөвлөсөн юм. Англи хэлний мэдлэгийн хувьд IELTS-ийн нийт 6.0 оноо эсвэл Duolingo English Test-ийн 105 оноо авсан бол элсэхэд хангалттай.
Гэхдээ элсэлтийн үнэлгээ нь зөвхөн голч дүн болон англи хэлний шалгалтын оноогоор хязгаарлагддаггүй байна. Тус сургууль нь олон улсын соёлыг танин мэдэх, шинэ зүйл турших болоод өөрийгөө сорих хүсэл эрмэлзэлтэй сурагчдыг онцлон авдаг гэдгийг төлөөлөгч онцолж байлаа.
IRVINE VALLEY COLLEGE-ИЙН ОЮУТНЫ ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН ЗАХИРАЛ CHRISTIANA DELGADO

Christiana Delgado Монголын сурагчдад зориулан АНУ-ын community college буюу хоёр жилийн коллежийн тогтолцооны талаар танилцууллаа.
Түүний тайлбарласнаар, бакалаврын зэрэг эзэмшихийн тулд заавал дөрвөн жилийн их сургуульд нэгдүгээр курсээсээ эхлэн суралцах шаардлагагүй. Оюутнууд хоёр жилийн коллежид эхний хоёр жилээ суралцаж, дараа нь АНУ-ын өөр их сургуульд шилжин, бакалаврын хөтөлбөрийн үлдсэн хоёр жилийг дүүргэх боломжтой юм.
Энэхүү замын нэг давуу тал нь сургалтын төлбөрийн зардлыг бууруулах боломж. Christiana Delgado-ийн хэлснээр, хоёр жилийн коллежийн сургалтын төлбөр зарим их сургуультай харьцуулахад 50 хүртэлх хувиар бага байж болно. Мөн гадаадаас шууд нэгдүгээр курсэд элсэхийн оронд шилжин суралцах замыг сонгох нь зарим сурагчдад тохиромжтой хувилбар болдог байна.
Түүнчлэн тэрээр коллежид суралцах хугацаандаа зөвхөн хичээлдээ анхаараад зогсохгүй оюутны клуб, манлайллын хөтөлбөр, сайн дурын үйл ажиллагаанд оролцохыг зөвлөлөө. Сурлагын амжилт чухал боловч эдгээр үйл ажиллагаа нь оюутны туршлага, ур чадвар, нийгмийн оролцоог хөгжүүлэхэд тусалдаг байна.
BELLEVUE COLLEGE-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ SANDRA BONNIFIELD

АНУ-ын Вашингтон мужид, Сиэтл хотоос ойролцоогоор 30 минутын зайд байрладаг Bellevue College-ийн төлөөлөгч Sandra Bonnifield тус коллежийн байршил, элсэлтийн шаардлага болон олон улсын оюутнуудад олгодог боломжуудын талаар ярилцлагадаа онцлов.
Bellevue хот нь Microsoft, T-Mobile зэрэг томоохон компанийн төв байрладаг бүс бөгөөд Microsoft компанийн оффис коллежийн кампусаас ойролцоогоор 10 минутын зайд оршдог байна. Энэ байршил нь оюутнуудад бизнес, технологийн салбарын орчинтой танилцах боломж олгодгоороо онцлог юм.
Sandra Bonnifield-ийн тайлбарласнаар, АНУ-ын дээд боловсролын байгууллагуудын элсэлтийн шаардлага сургууль бүрд харилцан адилгүй байдаг. Их сургуулиудад түгээмэл шаарддаг хувийн эсээг Bellevue College зэрэг коллежид заавал өгөх шаардлагагүй байдаг. Мөн коллеж нь жилд дөрвөн улиралд элсэлт авдаг тул сурагчид суралцах эхлэх хугацаагаа сонгохдоо илүү олон хувилбартай байдаг байна.
Түүнчлэн тус коллежийн сургалтын төлбөр дөрвөн жилийн их сургуулиудтай харьцуулахад бага. Мөн олон улсын оюутнуудад зориулсан тусгай зөвлөх үйлчилгээтэй. Англи хэлний мэдлэгийн хувьд IELTS-ийн нийт оноо 6.0, хэсэг тус бүрийн оноо 5.5 байх шаардлагатай. Элсэлтийн шалгуур, хэлний онооны нөхцөл өөрчлөгдөж болох тул өргөдөл гаргахаасаа өмнө сургуулийн албан ёсны мэдээллээс баталгаажуулах нь зүйтэй.








АНУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Энэ удаагийн Боловсролын өдөрлөгийн үеэр сургуулиудын төлөөлөгчдийн өгсөн мэдээллээс харахад сургуулиа сонгохдоо олон талыг харгалзан үзэн, судалгаагаа өмнө нь нарийн хийх хэрэгтэй талаар сурагчдад зөвлөмөөр санагдлаа. Сургуулиа сонгохдоо зөвхөн нэр хүнд, элсэлтийн шаардлагад төвлөрөх биш цаашдын сургалтын төлбөр, тэтгэлэг, шилжин суралцах нөхцөл зэргийг харгалзан үзэх шаардлагатай. Мөн өөрийн урт хугацааны зорилгыг хамтад нь авч үзэх нь чухал юм.
Өргөдлийн эсээний хувьд тухайн сургуулийг яагаад сонгож байгаагаа тодорхойлох, хувийн эсээндээ өөрийн онцлог, сонирхол, зорилгоо үнэн зөвөөр илэрхийлэх шаардлагатай. Сурлагын амжилтаа хадгалахын зэрэгцээ клуб, сайн дурын үйл ажиллагаанд оролцох нь туршлагаа баяжуулахад том тустай юм.
Мөн коллежид суралцахыг сонгох нь төлбөрийн хувьд уян хатан ба хоёр жил сурч төгсөөд гурав дахь жилээсээ их сургууль руу шилжин орох боломжтой байдаг байна.



391











