Та өдөрт хэдэн цагийг утсаа ашиглахад зарцуулдагаа мэдэх үү? Ажлын болон хичээлийн хэрэгцээгээр утас ашиглах нь мэдээж зайлшгүй зүйл. Гэхдээ магадгүй өглөө сэрэнгүүтээ утасны мэдэгдлээ шалгаж, хоол идэх зуураа бичлэг үзэж, дотны нэгэнтэйгээ уулзахдаа хүртэл сошиал хуудсаа гүйлгэсээр өдрийг өнгөрөөдөг юм биш биз?
Завтай мөч бүрдээ утсаа өөрийн мэдэлгүй гаргаж ирдэг болсон блд утасныхаа Screen Time хэсгийг нээгээд нэг хараарай. Өдөрт хэдэн цагийг Instagram, TikTok, Facebook зэрэг платформд, хэдэн цагийг бусад аппликейшнд зарцуулж байна вэ? Тэр хугацааг долоо хоног, сар, жилээр тооцвол ямар үр дүн гарах бол?
НЭГ МЭДЭГДЛЭЭС ХОЦРОХ ВИЙ ГЭСЭН АЙДАС
Утсанд мэдэгдэл ирэхэд шууд шалгахгүй бол яаралтай зүйлээс хоцрох юм шиг санагдах үе бий. Үүнийг тайлбарлах нэг ойлголт бол FOMO (Fear of Missing Out) буюу бусдын хийж буй үйл явдал, туршлага, мэдээллээс хоцрох вий гэсэн айдас юм. Энэ мэдрэмж нь бусад хүмүүс юу хийж байгааг байнга хянах, сошиал хуудсаа дахин дахин шалгах хүсэлтэй холбоотой байж болно.
Үүний улмаас утсаа ашиглах нь зөвхөн мэдээлэл авах хэрэгцээ байхаа больж, тодорхой давтамжтайгаар шалгах дадал болон хувирдаг. Бид утсаа зориуд нээж байгаа мэт боловч заримдаа уйдсан, ганцаардсан эсвэл түр зуурын зав гарсан төдийд л дэлгэц рүүгээ ханддаг.

МЭДЭЭЛЭЛ ИХ БАЙХ ТУСАМ ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭЖ ЧАДАЖ БАЙНА УУ?
2023 онд Computers in Human Behavior сэтгүүлд нийтлэгдсэн мета-анализ судалгаанд 64 судалгааны нийт 28,357 оролцогчийн мэдээллийг нэгтгэн шинжилжээ. Судлаачид мэдээллийн хэт ачаалал, нийгмийн харилцааны дарамт болон сошиал сүлжээтэй холбоотой бусад хүчин зүйлс нь сошиал медиагаас үүдэлтэй ядаргаатай хамааралтайг тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, бид өдөр бүр олон төрлийн мэдээлэл хүлээн авдаг ч бүгдийг нь анхааралтай ойлгож, тархиндаа боловсруулж амждаггүй. Нэг бичлэгээс нөгөө рүү шилжих, мэдээ унших зуураа чат шалгах, бусдын амьдралыг өөрийнхтэйгөө харьцуулах нь анхааралд нэмэлт ачаалал үүсгэх боломжтой.

Энэ байдал давтагдсаар зарим хүнд сошиал орчноос залхах, мэдээлэл үзэх хүсэлгүй болох, сэтгэлзүйн ядаргаа мэдрэхэд хүргэдэг.
Гэхдээ утас ашиглах хугацаа урт байх нь дангаараа асуудалтай хэрэглээ гэсэн үг биш. Хичээл, ажил, бүтээлч үйл ажиллагаанд зарцуулсан цаг болон зорилгогүйгээр тасралтгүй гүйлгэж өнгөрүүлсэн цаг хоёрын ялгааг анзаарах нь чухал.
ДЭЛГЭЦИЙН ЦААНА ОРХИГДОЖ БУЙ ЗҮЙЛС

Утасны хэрэглээ хэт давамгайлах үед нойр, хөдөлгөөн, нүүр тулсан харилцаанд зарцуулах цаг багасаж болно. 2024 онд Journal of Affective Disorders сэтгүүлийн онцолсноор сошиал медиаг хэт их байдлаар ашиглах нь сэтгэл гутрал, түгшүүр, нойрны асуудалтай хамааралтай байсныг судлаачид тодотгосон байна. Харин ердийн хэрэглээ болон эдгээр үзүүлэлтийн хоорондын холбоо харьцангуй сул, судалгааны үр дүн ч харилцан адилгүй байжээ.
Эндээс утсыг бүрмөсөн хорих ёстой гэсэн дүгнэлт хийх шаардлагагүй. Харин бидний хэрэглээ өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг анзаарах хэрэгтэй. Найзтайгаа уулзахдаа ярианыхаа дундуур мэдэгдэл шалгах, гэр бүлийнхэнтэйгээ хооллохдоо бичлэг үзэх, амрах ёстой үедээ ч дэлгэцээс холдож чадахгүй байх нь бодит харилцаа, амралтын чанарт нөлөөлж болох юм.
ТЭГВЭЛ ТЭР ЦАГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛЖ БОЛОХ ВЭ?
Эхний алхам нь утсаа хаях биш, хэрэглээгээ анзаарах юм. Өдөрт хамгийн их цаг зарцуулдаг аппликейшнуудаа шалгаж, шаардлагагүй мэдэгдлээ унтраан, сошиал орчинд өнгөрүүлэх хугацаандаа тодорхой хязгаар тавьж болно. Хоол идэхдээ, найз нөхөдтэйгөө уулзахдаа эсвэл унтахын өмнө утсаа хол тавьж хэвших нь ч бас нэг эхлэл.
Хамгийн гол нь дэлгэцийн өмнө өнгөрүүлдэг байсан цагаа өөртөө буцааж өгөх юм. Шинэ хэл сурах, ном унших, дуртай хоббигоо хөгжүүлэх, дасгал хөдөлгөөн хийх эсвэл хайртай хүмүүстэйгээ дэлгэцгүйгээр ярилцахад тэр цагаа зориулж болно.
Өнөөдөр Screen Time-аа шалгаад, маргааш ердөө 30 минутыг утасгүй өнгөрүүлж үзээрэй. Тэр 30 минутыг юунд зарцуулах вэ гэдэг сонголт таных. Магадгүй бидэнд цаг дутаад байгаа биш, харин байгаа цагаа хэрхэн ашиглаж байгаагаа анзаарах хэрэгтэй байж болох юм.




652











