АНУ-ын Аляска мужийн Катмай үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жил бүр зохион байгуулдаг “Fat Bear Week” буюу “Тарган баавгайн долоо хоног” онлайн тэмцээний энэ жилийн ялагчаар “Backpack” буюу "Үүргэвч" хэмээх нэртэй бор баавгай тодорчээ.
Тус тэмцээн нь өвлийн ичээний өмнө хамгийн их жин нэмж, өөрийгөө бэлтгэсэн баавгайг олон нийтийн саналаар шалгаруулдгаараа онцлог. Энэ жилийн өрсөлдөөнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алба “биеийн хэмжээ, хоол олж идэх ур чадвар болон зүгээр хэвтэж амрахын төлөөх тулааныг харгалзсан” хэмээн хошигнон тодорхойлжээ.
“Үүргэвч” нь Катмайн Брукс голын орчимд амьдардаг бөгөөд зуны турш хулд загас элбэгтэй голоос хооллож, өвлийн ичлэгтээ бэлтгэн ихээхэн жин нэмсэн байна.
“Тарган баавгайн долоо хоног” тэмцээн нь анх 2015 онд эхэлсэн бөгөөд өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс оролцож, өөрсдийн дуртай баавгайдаа саналаа өгдөг алдартай цахим арга хэмжээ болжээ.
Катмайн баавгайнуудын хувьд зуны улиралд аль болох их хооллож, өөх хуримтлуулах нь өвлийг давахад чухал ач холбогдолтой. Ялангуяа хулд загасны улирал нь тэдэнд богино хугацаанд асар их хэмжээний илчлэг авах боломж олгодог байна.
“Тарган баавгайн долоо хоног”-ийн гол зорилго нь зөвхөн хамгийн тарган баавгайг тодруулах бус, Аляскийн зэрлэг байгаль, бор баавгайн амьдралын мөчлөг, экосистем дэх хулд загасны ач холбогдлыг олон нийтэд таниулахад оршдог байна.
Эх сурвалж: BBC new


5740






