ЗАХИДАЛ: Би түүндээ маш их хайртай ч итгэхэд хэцүү байна


ССҮТөв | YOLO.MN
2024-10-17

YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна. Захидлын хариуг ЗӨВЛӨГӨӨ цэсний СЭТГЭЛЗҮЙ булангаас авдаг шүү.

ЗАХИДАЛ:

Сайн байна уу? Энэ мэйл очих өдрийн мэндийг хүргэе. Сэтгэл зүйн зөвлөгөө авах гэсэн юм аа. Би найз залуутайгаа үерхээд 8 сар болж байна. Тэр минь надад ямар их хайртай, надад хэр их сэтгэл гаргадаг гэдгийг нь би маш сайн мэднэ.

Олон ч амлалт өгдөг. Тэднийгээ биелүүлж, хэлсэндээ хүрдэг. Намайг хүндэлдэг гээд олон талаар үнэхээр эрүүл хайрлалцдаг аа.

Харин саяхан надад худлаа ярьсныг нь мэдлээ. Худлаа ярьж, юм нуусандаа маш их гэмшиж буйгаа илэрхийлсэн. Том биш жижиг асуудал болохоор би энэ удаадаа уучлаад, дараагийн удаа тэвчихгүй гэдгээ хэлээд ойлголцоод өнгөрсөн юм.

Одоо бидний харилцаа хэвийн байгаа ч энэ хүн надад дахиж юм амлахад нь итгэх сэтгэл төрөхгүй юм шиг санагдаад, дотор нэг юм байгаад байна.

Болсон асуудлын хувьд: Найз залуу маань орж гардаггүй, тааруулж уудаг, ер нь биеэ авч явах тал дээр маш цензуртай байдаг хүн. Хааяа найзуудтайгаа ПС тоглоно. Тэгэхдээ тодорхойгүй хугацаагаар олон цаг алга болчихдог. Найзуудтайгаа орж гарахдаа хүртэл намайг шаардаагүй байхад зураг бичлэг хийж явуулаад, ийм тийм зүйл хийж байна гээд миний санааг зовоохгүйн тулд байнгын л холбоо сүлбээтэй байж юм бичдэг.

Харин сүүлд 2-3 удаа бүтэн өдөржин (18-24 цаг) холбоогүй, утас нь ч холбогдохгүй, яасан нь мэдэгдэхгүй алга болсон. Хэд хэдэн удаа би уурлаж, загнисан.

Мэдээж үүнд нь ямар шалтгаан байсан гээд бүх зүйлсээ дараа нь надад тайлбарлаж өгдөг. Тухайн үедээ тэгээд ойлголцдог.

Гэтэл 2 хоногийн өмнө анх удаа надад худлаа ярьсан нь тэр оройжин гэртээ онлайнаар найзуудтайгаа тоглож байгаад намайг өглөө хичээлтэй гээд унтсаны дараа гарч яваад найзуудтайгаа шөнөжин ухаангүй болтлоо уусан байгаа юм.

Өдөржин утас нь холбогдохгүй, үнэндээ үхсэн амьд нь ч мэдэгдэхгүй алга болчихоор нь би ч түүнийг шөнө гарч уугаад өдөржин унтаж байгаа юм байна даа гээд гадарлачихсан. Гэтэл алга болж болж орой нь чатандаа орж ирэхдээ утсаа эвдээд янзлуулчихаад одоо л орж ирж байна гэж хэлэв.

Мэдээд байхад худлаа ярихыг нь сонсох үнэхээр хэцүү мэдрэмж юм билээ. Би ч эхэндээ итгэсэн дүр үзүүлээд, зүгээр юм шиг байх гэж хичээсэн ч цаанаасаа л чаддаггүй гомдох мэдрэмж төрөөд байсан юм.

Ийм мэдрэмжтэй удаан байж чадаагүй болохоороо тэсэлгүй тэр өдөр яг юу хийснээ үнэнээр нь хэл гээд асууж орхилоо. Тэгтэл эхэндээ гүрийж байснаа удалгүй худлаа ярьж чадахгүй нь ээ гээд үнэнээ хэлэв. Миний урам маш их хугарсан. Шөнө орой орж гарсанд нь биш надад худлаа ярьсанд нь уур хүрээд, гомдоод байсан юм.

Миний бодлоор тоглоод алга болоход нь эсвэл найзуудтайгаа гарлаа гээд таг алга болоход нь “намайг тоосонгүй” гэж гомдоллож уурладагаас минь халширсандаа одоо энэ хүн надаас юмаа нууж, худлаа ярьж эхэлж байгаа юм байна гэж өөрөөсөө бурууг хайв.

Нэг гэрт хараахан ороогүй, зүгээр л үерхлийн шатан дээр байж энэ мэтээр хорьж цагдах, дуртай зүйлийг нь хийлгэхгүй байх, зөвхөн надад цаг заваа зарцуулах ёстой мэт аашилж, хэт их уурлах нь арай ахадсан зүйл шиг санагдаад үүнийгээ ч найз залуудаа хэлээд зүгээр л хэн хэндээ үнэнч байя аа гэж гуйсан.

Тэр ч зөндөө гэмшиж, зүгээр үнэнээ хэлчихгүй хоёрын хооронд юман дээр яах гэж худлаа ярив аа гээд надаас уучлалт гуйгаад эвлэрсээн.

Би түүндээ маш их хайртай ч одоо надад энэ хүнд итгэх хэцүү санагдаад байна. Том асуудал биш ч гэлээ одоо ингэж байгаа хүн цаашлаад яах бол гэсэн хар төрөөд, янз бүрийн юм бодогдоод байх юм аа. Яавал дээр вэ? :(

ЗАХИДЛЫН ХАРИУ:

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидалдаа найз залуу нь чамд ямар их сэтгэл гаргаж, чамайг ямар их хүндэлж харилцдаг талаар бичжээ. Харин түүний худлаа хэлсэн үйлдэл нь та хоёрын хосын харилцаанд зөрчил үүсгэсэн байгааг ойлголоо. Эрүүл харилцаатай байна гэдэг нь харилцаа үргэлж аз жаргалтай эсвэл ямар ч асуудалгүй, зөрчилгүй байна гэсэн үг биш. Зөрчил нь бүхий л харилцаанд байдаг хэвийн зүйл бөгөөд харилцагч талууд асуудлын талаар нээлттэй ярилцаж хамтдаа шийдэлд хүрэх нь зөрчлийг амжилттай шийдвэрлэхэд тусалдаг. Та хоёрын хувьд зөрчлийг хамтдаа ярилцаж шийдвэрлэсэн байгаа нь сайн хэрэг. Найз залуугийн чинь хувьд үнэнээ хэлж уучлал гуйж байгаа нь, чиний хувьд найз залуугаа уучилж байгаа нь та хоёрын хэн хэнийх нь хувьд хосын харилцааныхаа төлөө хийж буй үйлдэл юм.

Харин чиний хувьд найз залуугаа уучилж та хоёрын харилцаа эвлэрсэн хэдийн ч ахин итгэл хүлээлгэхдээ эргэлзэж байгааг нь ойлгож байна. Учир нь хүний итгэл гэдэг их үнэ цэнтэй зүйл юм. Бусдын итгэлийг алдсан бол түүнийг ахин олж авах мөн бусдад ахин итгэл хүлээлгэхийн аль аль амаргүй болоод үүнд хугацаа хэрэгтэй юм шүү. Тиймээс хэдийгээр чи түүнийг уучилсан бол уучлалаа өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй.

Хэрэв бид хэн нэгний ирээдүйг өнгөрсөн дэх алдаагаар нь дүгнэвэл тэр хүний эерэг, сайн талуудаас илүү алдаа нь илүү тод томруун тусдаг шүү дээ. Энэ нь биднийг тухайн хүний талаарх сөрөг бодолд хөтөлдөг. Харин энэхүү таагүй бодлууд удаан үргэлжлэх нь бидний харилцаанд төдийгүй өдөр тутмын амьдрал үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс сөрөг бодлуудаа гадагшлуулах аргад суралцаарай.

Эхлээд та өөртөө тухтай орчин бүрдүүлж, нүдээ аньж биеэ суллаад хамраараа урт амьсгал авч амаараа гарган тайвшруулна.

  • Дараа нь таагүй мэдрэмж төрүүлж буй бодлуудаа бичээрэй.
  • Таагүй мэдрэмж төрүүлж буй мэдрэмжүүдээ бичээрэй.
  • Зургаар илэрхийлж, зураг зураарай.
  • Энэ дасгалыг хийсний дараа өөрт ямар мэдрэмж төрсөн түүнийхээ талаар бичээрэй.

Ингэж тайвширсны дараагаар бичсэн зүйлсээ эргэн уншиж юуг буруу бодож байсан бэ? Ямар бодол, мэдрэмжийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй талаараа эргэцүүлээрэй. Одоо цагтаа төвлөрөх нь чухал юм шүү. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#захидал #захидлын хариу