БНСУ-ын топ 5 их сургууль


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
УРЖИГДАР

БНСУ-д сурах сонирхолтой залуус жил ирэх бүр нэмэгдэж байгаа билээ. Тус улсад хувийн болон улсын 200 гаруй их сургууль байдгаас 2024 оны хамгийн сүүлийн үеийн судалгаагаар улсдаа дээгүүр жагссан төдийгүй дэлхийн хэмжээнд  өндөр үнэлгээгээр жагсдаг 5  их сургуулийн товч танилцуулгыг онцлон хүргэе.

SEUOL NATIONAL UNIVERSITY

БНСУ-ын дээд боловсролын хамгийн нэр хүндтэй сургууль төдийгүй дэлхийн их сургуулиудын чанарын жагсаалтаар 30-рт жагссан их сургууль юм. Гол байршил нь Сөүл хотын Гванак кампус. Нийгмийн эрүүл мэндийн дээд сургууль, Конвергенцийн шинжлэх ухаан технологийн дээд сургууль болон өөр бусад салбар сургуулиудтайгаа нийлээд нийт 12 мэргэжлийн сургууль багтдаг ба бүхий л салбарын төсөл, судалгааг явуулдаг.

Сургуулийн номын сан нь 5 сая гаруй боть ном, мэдээлэл технологийн хэрэгслүүдээр хангагдсан. Гадаад оюутнуудын ихэнх нь сургалтын зардлын тал хувь эсвэл бүхэлд нь тэтгэлгээр суралцдаг. Оюутны дотуур байр, автобус бусад хэрэгцээ сонирхолд нийцсэн спорт клуб, эрүүл мэндийн төв, хоолны газар зэрэг бүхий л хэрэгтэй зүйлсээр оюутнуудаа хангадаг. Их сургуулийн хичээлийн 10-20 хувь нь англи хэл дээр хичээллэдэг. 

YONSEI UNIVERSITY

Анх 1885 онд байгуулагдаж, БНСУ-ын анхны барууны сургалтын системтэй сургууль болон хөгжсөн. Тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдал зэрэг дэлхийн чухал асуудлуудад идэвхтэй оролцож, хувь нэмэр оруулдаг гэдгээрээ дэлхийн боловсролын салбарт чухал байр суурь эзэлдэг.  Сөүл хотын төвд байрладаг ба дэлхийн хэмжээнд 660 гаруй байгууллага түншүүдтэй хамтран ажилладаг. Анагаах ухаан, биохими, мэдрэл судлал, инженерчлэл, нийгмийн шинжлэх ухаан зэрэг бүх салбарт эрдэм шинжилгээний сүүлийн үеийн маш олон судалгаа хийж гаргадаг. Тус сургууль нь 3500 гаруй чадварлаг багш нартай. Олон улс судлалын хичээлүүд англи хэл дээр ордог. Дэлхийн их сургуулийн чанарын жагсаалтаар 76-р байранд эрэмбэлэгдэж байна.

KOREA ADVANCED INSTITUDE OF SCIENCE AND TECHNOLOGY(KAIST)

1971 онд инженер, судалгаа шинжилгээний байгууллага болж байгуулагдсан. Гол байршил нь Сөүлээс өмнө зүгт 150км-ийн зайд байрлах Дежон хотын Дедеон шинжлэх ухааны хотхонд байрладаг. Хотхоны гадна гэр бүлтэй оюутнуудад зориулсан орон сууц байдаг. Шинжлэх ухаан, инженерчлэл, технологи нь тус сургуулийг гол чиглэл байдаг ч бизнесийн боловсролын чиглэлээр олон улсад магадлан итгэмжлэгдсэн.

Өргөн хүрээний төслүүдийн хүрээнд дэлхийн олон байгууллагуудтай хамтран ажилладаг. Сүүлийн жилүүдэд эрчим хүч, цахилгаан тээвэр, хотуудын түгжрэл гэх мэт дэлхийн тулгамдсан асуудлын чиглэлээр олон төсөл, судалгааг хийж байгаа. Мөн Ази Номхон далайн бүсийн хамгийн шинэлэг их сургуулиар шалгарсан. Дэлхийн их сургуулийн чанарын жагсаалтаар 56-р байранд эрэмбэлэгджээ.

KOREA UNIVERSITY

Тус сургууль нь 1905 онд байгуулагдсан. Хүмүүнлэгийн болон Ази судлал, хууль, анагаах ухаан, бизнес удирдлагын чиглэлээр мэргэшснээрээ нэр хүндтэй. Мөн  БНСУ-ын өвөрмөц соёлыг хадгалж, хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг. Хамгийн том, шилдэг системтэй их сургуулиудын нэг  гэдгээрээ дэлхийн хэмжээнд танигдсан. Жил бүр 1200 гаруй оюутныг гадаадад оюутан солилцоогоор явуулж, 4500 гаруй оюутныг хүлээн авдаг байна. Багш, оюутнууд бүгд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны хөтөлбөрүүд гаргаж эрдэм шинжилгээний нэр хүндэд томоохон хувь нэмэр үзүүлдэг. Дэлхийн их сургуулийн чанарын жагсаалтаар 79-р байранд эрэмбэлэгджээ.

SUNGKYUNKWAN UNIVERSITY

1398 онд Жусон гүрний үед үндэсний боловсролын дээд сургууль болж байгуулагдсан. Олон жил эрдэм шинжилгээний ажлын манлайллыг харуулсан ба дэлхийн хэмжээний дээд боловсролын байгууллага юм. Олон улсын хамтын ажиллагаагаа дэмжих үүднээс багш, оюутан солилцоо болон хамгийн сүүлийн үеийн боловсролын хөтөлбөрүүдийг олон улсад гаргадаг. Тус сургууль нь 1400 гаруй чадварлаг багш нартай. “Сайхан сэтгэл, зөв шударга байдал,мэргэн ухаан” уриан дор нийгэмд эерэг нөлөө бүхий боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор оюутнууддаа хамтын ажиллагаанд уриалдаг. Дэлхийн их сургуулийн чанарын жагсаалтаар 199-р байранд эрэмбэлэгджээ.

Эх сурвалж: Top universities

#тод сургууль #шилдэг их сургууль