“Love Next Door” цувралын гол дүр Jung Hae In гэж хэн бэ


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-09-30

“Snowdrop”, “While You Were Sleeping”, “Something in The Rain” зэрэг киногоороо олонд танигдсан жүжигчин Jung Hae In-г өнөөдрийн нийтлэлдээ онцолж байна. Тэрээр сүүлийн үед “Love Next Door” цувралд тоглон чадварлаг жүжигчин гэдгээ батлан харуулаад буй. Ингээд түүний амьдрал, алдрын замнал хэрхэн эхэлснийг сонирхуулъя.

Төрсөн он сар: 1988 оны дөрөвдүгээр сарын 1-нд Өмнөд Солонгос улсад төржээ.. Одоо 36 настай.

Өндөр, жин: 178 см, 70 кг

MBTI: ISTP

Инстаграм хаяг: @holyhaein

Жүжигчин болох эхлэл

Тэрээр Пёнтэкийн их сургуулийг нэвтрүүлэгч мэргэжлээр төгссөн. Хамгийн анх 2013 онд AOA Black хамтлагийн “Moya” дууны клипэнд тогложээ. Ингээд дараа жил нь 26 насандаа “Bride of the Century” кинонд дүр бүтээснээр түүний жүжигчин болох эхлэл тавигдав. Ингээд 2017 онд “While You Were Sleeping” цувралд тоглосон бөгөөд кино цацагдсаны дараа Солонгосын Naver сайтын хайлтын нэгт орсноор олонд танигдаж эхэлжээ.

Анхны гол дүр

Түүний анхны гол дүр бол жүжигчин Сун Еэ Жин-тэй хамтран тоглосон "Something In The Rain" цуврал юм. Олон туслах дүрийн дараа гол дүрд тоглох нь түүний хувьд маш хэцүү, ачаалалтай санагдсан талаар хэлжээ.

Тэрээр “Миний анхны гол дүр учраас үзэгчид болон салбарынхан маань надад өндөр хүлээлт үүсгэж байгаа. Үүнд санаа зовж байна. Бас салбартаа тэргүүлэгч, ахлах жүжигчинтэй тоглоход эхэндээ маш хэцүү санагдсан. Харин Сун Еэ Жин эгч надад зөвлөж, тухтай байдлыг мэдрүүлж, дүрдээ ороход их тусалсан” гэжээ. Эл цуврал цацагдсаны дараа Ази тивдээ алдаршиж, олон охидын анхны хайр нь болсон сурагтай шүү.

Найз охин, үерхлийн цуурхал

 Жун Хэ Ин 26 насандаа жүжигчнээр дэбют хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл түүнтэй албан ёсоор үерхсэн буюу батлагдсан харилцаа байхгүй аж. Харин үерхлийн цуурхалд хэд хэдэн удаа өртөж байжээ.

  1. Жисү & Жун Хэ Ин

Blackpink хамтлагийн гишүүн Жисү болон Жун Хэ Ин нар 2021 онд “Snowdrop” цувралд адал явдалт хосуудын дүрийг бүтээсэн билээ. Шүтэн бишрэгчид нь тэднийг болзож байна хэмээн хэд хэдэн баримтыг дэлгэсэн ч тэдний агентлагууд юуг ч батлаагүй юм. Сүүлд Жисү жүжигчин Ан Бу Ёнтой үерхэж буйгаа зарласнаар тэдний үерхлийн цуурхлыг үгүйсгэсэн байна. Тэд одоог хүртэл нэгнээ дэмжин зураг авалтынх нь үеэр кофены машин илгээж, тоглолтыг нь очиж үзсэн нь үерхлийн цуурхалд дахин өртжээ.  

  1. Сун Еэ Жин & Жун Хэ Ин

Сун Еэ Жин, Жун Хэ Ин нар "Something In The Rain" цувралд 2018 онд хамт тоглож байсан билээ. Уг цуврал цацагдсанаас хойш тэднийг болзож байгаа хэмээх цуурхал тархсан бөгөөд Жун Хэ Ин нэгэн ярилцлагын үеэр Сун Еэ Жины талаар дурдсан байна. Тэрээр “Миний эргэн тойронд байгаа хүмүүс биднийг та хоёр яагаад болзохгүй байгаа юм, болзвол та хоёрыг дэмжинэ гэх үгс зөндөө хэлсэн. Эгч бид хоёр ч энэ талаар ярилцсан. Гэхдээ зураг авалтын турш бид хоёр чин сэтгэлээсээ хичээж ажилласан. Одоо Сун Еэ Жин миний хувьд эвгүй санагддаг, айдас төрүүлдэг ахлах жүжигчин байхаа больсон. Харин ч ярихад хялбар, миний бодлыг сонсдог дотны минь хүн” гэж хэлж байжээ.

Үүнээс жилийн дараа Сун Еэ Жин “Crash Landing On You” цувралд тоглосон бөгөөд хамтран тоглосон Хён Бин-тай үерхэж буйгаа зарлаж байсан билээ. Одоо тэд нэг хүүтэй.

  1. Жун Со Мин & Жун Хэ Ин

Тэд энэ жил “Love Next Door” цувралд хамтран ажиллаж байгаа билээ. Киноны зураг авалт аль хэдийн дууссаны дараа гол дүрүүд болох Жун Со Мин, Жун Хэ Ин нар Бали арал руу хамтдаа аялсан нь тэднийг үерхэж байна хэмээн фенүүд нь таамаглаад эхэлжээ. Гэвч тэд Бали аялалд хоёулхнаа яваагүй бөгөөд Жун Хэ Ины ээж, ах болон киноны зарим жүжигчид ч хамт явсан нь батлагджээ. Тэдний бие биедээ гаргаж буй үйлдлийг анзаарсан фенүүд нь үерхэж байгаа нь баттай гэжээ. Гэсэн ч тэдний агентлагууд хараахан юуг ч батлаагүй байна.

Түүний сонирхдог эмэгтэй

Жүжигчин залуу 2019 онд Entertainment Weekly сэтгүүлд ярилцлага өгөхдөө эелдэг, дур булаам хүнтэй болзох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Мөн өөрийн сэтгэл хөдлөлдөө үнэнч байж чаддаг, хэлэх зүйлээ шулуухан хэлдэг нэгэнд татагдана гэдгээ ч илэрхийлсэн байна.

“Миний ideal type бол сэтгэлээ нуугаад зүгээр гэж хэлдэг хүн биш. Тэр ямар нэг зүйлийг үзэн ядаж байна уу, түүнд таалагдаж байна уу гэдгийг хэлж, үнэн сэтгэлээ зоригтойгоор илэрхийлээсэй гэж би хүсэж байна”

Сонирхолтой баримтууд

  • Жун Хэ Ин жүжигчин болохоосоо өмнө 2010 онд 21 настайдаа цэргийн алба хааж байжээ. Цэрэгт татагдахын өмнө сургуулийнхаа мюзикл жүжигт тоглож байсан хэдий ч цэрэгт татагдсаны дараа жүжигчин болохоор шийдсэн байдаг.
  • Цэрэгт байх үедээ жин нэмж дараа нь 12 кг жин хассан.
  • 2019 онд Ганвон мужид гарсан ойн түймэрт өртсөн хүмүүст туслах зорилгоор 30 сая вон, 2020 онд COVID-19 дэгдэлтийн үед бага орлоготой өрхүүдэд туслах зорилгоор Солонгосын Дэгү нийгэмлэгээр дамжуулан 100 сая вон тус тус хандивлажээ.
  • Түүний хамгийн сайн найзууд бол Lee Jung Suk, Kim Soo Hyun нар юм.
  • Тоглосон кинонуудаасаа “D.P”-д илүү дуртай. Учир нь илүү олон эрэгтэй фенүүдтэй болгосон бөгөөд жүжигчний карьерт ч том нөлөө үзүүлсэн байна.
  • Тэрээр эсрэг дүрд тоглохыг хүсэж буйгаа нэгэн ярилцлагад орж байхдаа хэлжээ.
  • Хамгийн дуртай кино нь Аладдин.
  • Тэрээр "BTS" хамтлагт дуртай гэдгээ илэрхийлжээ. Гэртээ эсвэл гадуур байхдаа үргэлж сонсдог бөгөөд дууг нь сонсохоор урт өдрийн дараа тайвширсан мэдрэмж төрүүлдэг гэжээ.
  • Хоол хийхдээ сайн бөгөөд кимчитэй шөл, шар буурцгийн нухаш зэрэг солонгос хоолыг амтархан хийж чаддаг гэнэ.

#Jung Hae In #Love Next Door