Гадаад хэлний ҮГИЙН БАЯЛГАА нэмэгдүүлэх ОНЦГОЙ ДӨРВӨН АЛХАМ


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2017-02-10

Мэдээж хүн бүр гадаад хэл сурахыг хүсдэг. Энэ нь ч зөв. Маш олон хэл судлаачид аливаа нэг гадаад хэлийг сурахыг хүсвэл нэн тэргүүнд үгийн баялгаа сайжруулах нь хамгаас чухал гэдэгтэй санал нийлдэг. Магадгүй та дүрмийн өндөр мэдлэгтэй байж болно. Гэхдээ дүрмээр бус үгийн баялгаар л ярьж, бичиж, сонсдог гэдгийн сайтар ойлгоорой.

Мөн таныг аливаа гадаад хэлийг хэр сайн эзэмшсэнийг дүрмийн мэдлэгээр тань бус хэр сайн ярьж, уншиж, сонсож, бичиж байгаагаар тань дүгнэдэг юм шүү. Тэгвэл энэ удаагийнхаа нийтлэлээр гадаад хэлний үгийн сангаа сайжруулах алхмуудыг болон анхаарах зүйлсийг өөрийн судалж мэдсэн талаасаа дүгнэн хүргэж байна. Мөн үгийн баялагаа нэмэх аргуудыг заахаас илүүтэйгээр өөрийн аргаа өөрөө олж авах тал дээр түлхүү бичлээ.

1. Хамгийн эхний хамгийн үнэтэй зөвлөгөө бол шаргуу биш УХААЛГААР ЧЭЭЖИЛ!
Дургүйд хүчгүй гэдгийн адилаар та үг чээжлэхийг ял шийтгэл хэмээн авч үзвэл, хэдэн жил толгойгоо гашилгаж суусан ч шинэ үгнүүд тархинд чинь сууж өгөхгүй цаасан дээрээ байсаар л байх болно. Хэдэн жил зүгээр л дуртай, дүргүй толь бичиг бариад “тоть” шиг үг давтсан хүнээс “cartoon network, nickelodeon” хэдхэн сар үзсэн хүн хавьгүй илүү үгийн сантай байдаг тохиолдол ч зөндөө бий.

Бүр видео тоглоомоос үг сурсан хүнтэй ч таарч байлаа. Мөн яагаад заавал үг чээжилж гадаад хэлийг эзэмших хэрэгтэй байгаа сайтар бодож ямар ч  хэцүү үед урам өгөх “шалтгаантай” болоорой. Дашрамд дурдахад өглөө 5 цагт босоод өдрийн турш хаа ч явсан үгээ чээжлээд орой унтахаасаа өмнө түүнийгээ тархиндаа хүчээр хийлээ гээд та “хэлний мастер” болно гэсэн үг юм биш шүү. Та нэг үгийг ганцхан удаагийн өөртөө таарсан арга барил түүнийгээ дагаад зөв цагийн менежмент бас  дээрээс нь сонирхлоороо дамжуулж тогтоох нь ямар ч сонирхолгүй байдлаар 100 удаа давтсанаас хамаагүй их үр дүнтэй байдаг.

Нэгэнт та үг чээжлэхэд бэлэн, яг л хобби шигээ үүнийг ихээр хүсэж үүндээ цаг зав, зүрх сэтгэлээ гаргахад бэлэн байгаа бол дараагийн алхамд шилжиж болно.


2. Чанартай эх сурвалж АШИГЛА. Миний ажиглаж байснаар хүмүүсийн гаргадаг хамгийн нийтлэг алдаа нь нэг үгийг цор ганц утгатай гэж боддогт байгаа юм. Жишээлбэл бидний сайн мэдэх "book" гэдэг үг дан ганц ном гэдэг утгатай биш бөгөөд захиалах гэсэн утгыг мөн давхар гаргадаг. Гадаад хэлний зарим үг 3-4 утгатай байх нь ч элбэг. Ийм ч учраас маш сайн эх сурвалж, толь бичгийг ашиглаж болж өгвөл аливаа үгийн бүхий л утгыг нь мэдэхийг хичээгээрэй.

За ингээд та хангалттай их урам зоригтой, өмнө чинь үнэн зөв Монгол орчуулгатай мянга мянган гадаад үгнүүд байгаа бол дараагийн буюу гурав дахь алхамдаа шилжье.


3. Үг тогтоох өөрт ТОХИРСОН АРГАА ОЛ. Зарим хүмүүс нэг үгээ хараад тэр дорхноо тогтоодог байхад зарим нь хэд хэдэн удаа уншиж байж тогтоодог гээд янз бүр ийм ч учраас би үгийг тэгж тогтоо ингэж тогтоо гэж харанхуй байдлаар бичихээсээ илүүтэйгээр таныг өөрөө өөртөө тохирсон аргаа олоход туслахыг хүсэж байгаа юм шүү! Миний анзаарснаар хүмүүсийн ашигладаг хэд хэдэн гол арга байдаг:

1. Flashcard, бараг хүн бүр энэ аргыг мэддэг байх. Ерөнхийдөө та жижиг цаасны нэг талд тогтоох гэж буй гадаад үгээ нөгөө талд нь орчуулгыг нь бичнэ гэсэн үг юм. Хаана ч авч явж болох бөгөөд ашиглахад хялбар байдгаараа давуу талтай.
2. Тогтоох гэж буй үгнүүдээ унтлагын өрөө, тааз, хөргөгч дээрээ, нойлынхоо өрөөнд гээд л цагаа ихээр өнгөрөөдөг бүх газраа байрлуулж улмаар нүдэндээ дасган чээжилдэг.
3. 100 хувь толгойгоо ашиглах бас нэг арга бий. Дээр дурдсан хоёр аргын аль алиныг нь хэрэглэхгүйгээр тухайн үгээ орчуулгатай нь  нэг удаа уншиж, сонсоод л тархиндаа цоожилж орхидог арга бас байдаг. Гэхдээ нэлээдгүй их тэвчээр, анхаарал төвлөрөлт шаардлагатай гэдгийг санаарай.
4. Төсөөллийн арга буюу аливаа нэг үгэнд зориулж жижигхэн түүх зохиох юм. Жишээлбэл nocturnal (шөнийн идэвхтэй) гэсэн үгийн чээжлэх шаардлагатай боллоо гэж үзье. Тэгвэл дараах түүхийг зохиож болно. Noct-ur-nal  буюу ногт-ур-нал, урд шөнө аргамжаад орхисон морь ногтоо ураад, налж унасан байхыг ах маань хараад хажуу айлын нохойг сүүлийн үед “шөнийн идэвхтэй” болсныг гайхаж байлаа. Энэ мэтээр чээжлэх нь маш сонирхолтой байдаг бөгөөд би энэ үгийг хоёр жилийн өмнө яг энэ түүхээр төсөөлөн чээжилж байсан ч одоо ч гэсэн санаж байна. 

Энэ мэтээр үг чээжлэх аргууд хувь хүн бүрийн өөрийн онцлог, чадвараас хамаараад маш олон төрөл байдаг болохоор өмнө нь хэлсэнчлэн та өөрт таарсан аргыг олоорой. Одоо харин хамгийн сүүлийн  хамгийн чухал алхмыг тантай хуваалцъя.


4. ХЭРЭГЛЭ! Энэ уг нь хамгийн чухал хэсэг боловч ихэнх хүмүүс үүнд анхаардаггүй. Үгийг амжилттай чээжилнэ гэдэг нь чухамдаа унших, бичих, ярих, сонсох гэсэн дөрвөн дадлын үр дүнд бий болдог зүйл юм. Түүнээс биш өнөө өглөө уншсан үгээ орой нь санаж байвал л болчихлоо гээд тэр үгээ шууд дарж хаяад дараагийн үгрүүгээ шилжих явдал биш юм шүү! Та математикийн томьёог яаж чээжилдэг билээ? Яг л түүн шигээ чээжил. Сурсан үгээ ярихдаа ашигла, бичихдээ ашигла!  Тархиндаа үлдээж болох ямар л арга байна тэр бүрийг ашиглахыг хичээгээрэй.


Хувиасаа дараах зүйлсийг зөвлөгөө болгон хүргэж байна:

- Тоон дээр бус үр дүнд анхаар! Өдөрт 5 үгээ толгойдоо бат бөх суутал чээжлэх 50 үгийг алдаг оног чээжлэх хоёрын хооронд маш том ялгаа бий шүү! Өнөөдөр 3н үг чээжилсэн бол нөгөөдөр 4 үг чээжил. Аливаа зүйлийг шат дараатай байлга. Ингэж явсаар та нэг л өдөр 100 үгийг хангалттай чээжилж чаддаг болох юм. Нэг ёсондоо таны тархи шинэ үг тогтоо энэ үйлд дасаж байгаа хэрэг шүү дээ.

- Өөрийн мэддэг хэлтэйгээ холбон суралц. Жишээлбэл та Англи хэл мэддэг бол Орос үгийг чээжлэхэд дөхөм байх болно. Мөн аливаа хэлэнд адил төстэй дуудлагатай үг тийм их биш ч гэсэн нэлээдгүй олон байдаг шүү дээ. Үүнийгээ л давуу тал болгож ашигла.

- Хамгийн гол нь хичээл зүтгэл бас эхлэл. Миний бодлоор та хангалттай бодож, хүссэн тиймээс яг одоо л эхэл! Эхлэл гэдэг аливаа ажлын 50 хувь нь гэдгийг мартаж болохгүй шүү.

Ийнхүү өөрийн туршлага дээрээ тулгуурлаад та бүхэндээ бяцхан мэдээлэл хүргэлээ. Дараа дараагийн нийтлэлээр мэдэхийг хүссэн сэдвээ сэтгэгдлээр хуваалцаарай. Баярлалаа. Танд амжилт хүсье. wink

#English #Lesson #teenagers