Хүүхэлдэйн киногоор үзэгчдийг байлдан дагуулдаг хэд хэдэн том компани байдаг билээ. Үүний нэг бол яалт ч үгүй Dreamworks кино компани. Байгуулагдсан цагаасаа эхлэн гучин жилийн туршид үзэгчдэдээ гайхалтай киногоор бэлэг барьсаар ирсэн. Гайхалтай зохиол, дүрслэлээс гадна амьдралын чухал сургамжит санаануудыг ч багтааж өгсөн нь онцлууштай. Өнөөдрийн нийтлэлээр бид DreamWorks-ийн анимейшнуудаас суралцах сургамжит санаануудыг хүргэж байна.
KUNG FU PANDA: Өчигдөр бол түүх, маргааш бол нууц, харин өнөөдөр бол бэлэг
Кунг пу фанда бол өнгөрсөн, ирээдүйгээс илүүтэй өнөөдрөөр амьдрах нь хамгийн чухал зүйл гэдгийг сайн харуулсан бүтээл юм. Луугийн дайчдын их багш болох яст мэлхий Oogway “Чи юу байсан, юу болох талаар хэтэрхий санаа зовж байна. Өчигдөр бол түүх, маргааш бол нууц, харин өнөөдөр бол бэлэг. Тийм учраас одоо цагаар амьдар” гэж хэлдэг. Үүнээс Кунг пу фанда маш их урам аван өнгөрсөнд байсан өөрийгөө болон ирээдүйд хэн болохоо эргэлзэхээс илүүтэй өнөөдөртөө төвлөрөн амьдарсаар гайхалтай хүчирхэг луугийн дайчин болдог билээ.
Бид ч гэсэн өнгөрсөнтэйгөө зууралдаж амьдрах биш харин түүнээсээ суралцаж амьдрах хэрэгтэй. Та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Би өнөөдөр юу хийх билээ? Юуг амжуулахыг хүсэж байна? Өнөөдрийн хийсэн үйлдэл ирээдүйн таныг бүтээх болно шүү.
MADAGASCAR: Цусан холбооноос илүүтэй гэр бүл гэж бий
“Мадагаскар” бол амьтны хүрээлэнд амьдарч байсан хэсэг найзууд хүрээлэнгээ орхин зэрлэг байгальд дасан зохицох гэж тэмцэж буй тухай өгүүлдэг. Төрсөн цагаасаа л хүний бүтээсэн газарт амьдарч байсан тэдэнд бүхий л зүйл хэцүү санагдана.
Өмнө нь бэлэн байдаг амтат хоолнууд байхгүй одоо зөвхөн өөрсдийн хүчээр хоол олж идэх хэрэгтэй болно. Гэвч удаан өлсгөлөн явсны дараагаар Алекс хяналтаа алдан найз Мартигаа мах гэж харан идэх гэж дайрдаг. Гэнэт зэрлэг байгальд ирсэн найзууд хоорондоо муудалцаж, зан ааш нь өөрчлөгдөх зэрэг маш олон асуудлуудтай нүүр тулна. Гэсэн ч киноны төгсгөлд тэд бие биеийнхээ зан чанарыг ойлгож, уучилж, нэгэндээ санаа тавин “НЭГ ГЭР БҮЛ” болсон байдаг. Үүнээс харвал цусан холбооноос илүүтэй гэр бүл гэж байдгийг эл киногоор дамжуулан тод дүрслэн харуулж чаджээ.
TROLLS: Аз жаргал бол ямар нэгэн зүйлээр тодорхойлогдох бус чиний дотоод ертөнцөд оршино
Троллууд бол үргэлж аз жаргалтай, дуутай явдаг жижигхэн хүмүүс. Харин Берген бол аз жаргалгүй, гунигтай хүн бөгөөд троллуудын хамгийн том дайсан. Учир нь Берген троллуудыг идэх нь өөрт нь аз жаргал авчирна гэж үзнэ. Гэвч эцэстээ түүний бодол буруу байх ба Берген “Аз жаргал бол ямар нэгэн материаллаг зүйл биш бөгөөд үргэлж чиний дотоод ертөнцөд байсаар ирсэн, одоо ч байгаа зүйл” гэдгийг ойлгодог.
Эл анимейшнаас бид аз жаргалаа ямар нэгэн зүйлээс хайх бус зүгээр л энгийн бүхэнд талархаж, хайртай хүмүүстэйгээ хөгжилдөх нь аз жаргал юм байна гэдгийг ойлгосон биз ээ.
THE CROODS: Тархиа ашигла, сэтгэлгээгээ өөрчил
Байгалийн үзэгдэл болж, ертөнц өөрчлөгдөн агуйд амьдардаг Крүүдсийнхны гэр устана. Үргэлж нэг хэвийн амьдралаар амьдарч, болгоомжилж байсан тэдэнд шинэ гэр олохын тулд олон зүйлийг туршиж үзэхээс өөр аргагүй болдог. Аяллынхаа туршид тэд Залуугийн бүтээсэн шинэ зүйлсийг туршиж, аливаа зүйлийг хийх, сорилт бэрхшээлийг даван туулахад олон хялбар арга байдгийг сурдаг. Эхэндээ аав нь тэднийг шинэ зүйлсийг туршихыг эрс эсэргүүцдэг байсан ч киноны төгсгөлд олон шинэ нээлтүүд хийж, гэр бүлдээ харуулж буйгаар уг анимейшин аз жаргалтайгаар төгсөнө. Үүнээс дүгнэн харвал өөрчлөлт хийх хэцүү байдаг ч заримдаа тухайн өөрчлөлт эерэг зүйлд хүргэж болно гэдгийг тод томруун дүрслэн үзүүлжээ.
HOW TO TRAIN YOUR DRAGON: Өөртөө итгэ, зоригтой бай
Хикуп бол энэ киноны гол дүр бөгөөд Беркийн хамгийн хүчирхэг луугийн алуурчин ахлагч Стойкийн хүү. Тэрээр аавынхаа хүндэтгэлийг хүлээсэн сайн хүү байхын тулд лууг алах даалгавар авна. Гэвч Хикуп түүнийг алсангүй, бүр номхруулж, луутай нөхөрлөнө. Үүнийг мэдсэн аав нь түүнийг эсэргүүцэж алахыг шаардсан ч хүү эцсээ хүртэл ганцаараа тэдний өмнөөс зогсож, хөлөө алдан барин өөрийгөө золиосолж эцэст нь луунуудыг аюулгүй болгож чаддаг. Тэрээр эцсээ хүртэл чадна гэсэн өөртөө итгэсэн нь гайхалтай төгсгөлийг бүтээсэн билээ.
Бид ч гэсэн зөв гэж бодож байгаа зүйлдээ зориглон, өөртөө итгэх нь боломжгүй зүйлийг ч бүтээж болно гэдгийг үүнээс харсан болно.
TURBO: Боломжгүй зүйл гэж үгүй
Турбо бол уралдаанд оролцох хүсэлтэй эмгэн хумс. Гэвч эмгэн хумсын хувьд уралдаж, бүр түрүүлнэ гэдэг бараг л боломжгүй зүйл билээ. Түүний мөрөөдлийг сонссон найз нөхөд, гэр бүл нь Турбог дооглож, бодит байдлаа хүлээн зөвшөөрөхийг хүснэ. Тэрээр санаандгүй байдлаар азотын исэлд орж цахилгаан мэт хурдлах супер хүчийг олж авснаар түүний мөрөөдөл биелдэг. Гэсэн хэдий ч тэр супер хүчтэй болохоосоо өмнө чадахаараа өөрийгөө дасгалжуулж, бэлтгэл хийсэн. Тийм ээ, түүнд 36 инч хөдлөхөд 17 минут зарцуулсан нь түүний хувьд шинэ дээд рекорд байсан. Тэрээр чадахгүй, боломжгүй хэмээн бууж өгөхөөс илүүтэй чадлаараа хичээгээд үзсэн нь түүний хамгийн том амжилт байлаа.
Таньд DreamWorks-ийн аль кино илүү сургамжтай санагдсан бэ?
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх