Нэгдмэл ойлголтод хүрэхийн ач холбогдол


YOLO.mn | YOLO.MN
2024-09-16

Тэгш бус байдал, хүртээмжгүй боловсрол, экологийн тэнцвэр алдагдах гээд зөвхөн залуучуудыг гэлтгүй хүн бүрийг тойрон эргэлдсэн асуудал маш олон байгааг бид бүгд сайн мэдэх ч энэ асуудал бүрийн тодорхой хэмжээнд үндэс нь болж буй дахиад нэг асуудал бас буй. Энэ нь “Lack of Legal Determinacy” буюу нэгдмэл ойлголтод хүрээгүй хуулийн заалтууд болон дүрэм журмууд.

Хууль, улс төр гэхээр маш адармаатай, зөвхөн тодорхой мэргэжилтнүүд л тайлж ойлгодог юм шиг хэвшсэн ойлголт бий болчихсон юм болов уу гэж харагддаг. Иймдээ ч залуучууд бидний ихэнх нь тэгтлээ их анхаарал хандуулдаггүй. Угтаа бол эдгээр нь бидний өдөр тутмын амьдралын бараг бүхий л жижиг хэсэгтэй нягт хамааралтай чухал сэдвүүд.

Гэвч хууль үнэхээр шударга ёсны тулд үйлчилж байгаа эсэхэд нийт иргэд, тэр дундаа залуучууд өөрсдөө хяналт тавьж чадахгүй бол хууль нь зорилгоосоо хазайх магадлалтай.

Үүний нэг жишээ нь та бидний сайн мэдэх “Ногоон Автобус”-ны хэрэг. Ногоон Автобус гэж нэрлэгдээд буй автобусуудыг анх худалдан авахдаа тендер зарлаагүйгээс суурь асуудал урган гарсан. Харин тендер зарлаагүйн гол шалтгаан нь энэхүү худалдан авалтыг төрийн нууц болон үндэсний аюулгүй байдалтай хамааруулан үзсэнд оршино.

Гэвч энэ хэргийн талаар хотын захиргаа хэвлэлийн бага хурал хийхдээ иргэд -30 Целсийн хүйтэнд автобус хүлээж гадаа зогсох нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тухай үзэл баримтлалын нэг хэсэг болох “Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх” гэсэн заалтаас зөрж буйтай холбон тайлбарласан юм.

Хэрэв бид нягталж үзвэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой (цаашид ҮАБ гэх) хоёр тусдаа баримт бичиг байдаг. Эдгээр нь ҮАБ-ын үзэл баримтлал, болон ҮАБ-н тухай хууль юм. Харин хотын захиргаанаас өгсөн тайлбар ҮАБ-ын тухай үзэл баримтлалд шууд байдлаар суурилсан ба энэхүү үзэл баримтлалд чухам ямар тохиолдолд, аль төрлийн мэдээллийг төрийн нууцад хамааруулах тухай тусгаж өгдөггүй.

Аливаа чиг үүрэг, зорилгыг биелүүлэхэд чиглэсэн үзэл баримтлалын шинжтэй баримт бичиг нь тодорхой заалт, зохицуулалтаас илүүтэй нийгмийн эрхэм чанар болон тогтсон үнэлэмж, үнэ цэнтэй холбоотой байдаг. Ийм учраас ямар нэг хэрэг, асуудлыг шууд байдлаар үзэл баримтлалд тусгасан агуулгад хүчээр хамаатуулвал эмх замбараагүй байдал үүснэ.

Үндэсний аюулгүй байдал нь нэг талаараа маш том цар хүрээтэй боловч үүнийгээ дагаад асар жижиг хэсгүүд рүү задарч болдог өргөн ойлголт юм. Хэрэв үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэсэн бүрийг төрийн нууцад хамааруулан, хөшигний ард үйл ажиллагаа явуулж эхэлвэл нээлттэй, ил тод зүйл байхгүй болж хувирна.

Энэ мэтээр хууль шударга бус үйл хэргийг хамгаалах зэвсэг болж ч ашиглагдах боломжтой учраас хэн хүн өөрийн хүссэнээр тодорхойлж, ашигладаг бус нийтээрээ нэгдсэн ойлголтод хүрсэн байх нь хамгаас чухал. Ногоон автобусаар авч буй энэхүү жишээ нь уг асуудлыг бүрэн хамарч тайлбарлахад хангалтгүй бөгөөд энэ нь залуус бидний амьдарч буй нийгмийн бүхий л асуудлын хүрээнд яригдах боломжтой сэдэв юм.

Үүн дээр нэмэхэд Монгол улсын Шүүхийн тухай хуулинд “”шүүх” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хэлнэ.” буюу шүүх гэдэг үгийг өөрийг нь ашиглан тодорхойлж, эргэлэг үүсгэсэн байдгийг мэдэх үү?

Уг асуудалд боловсруулсан тодорхой шийдлүүдийг гаргах боломжтой ба тэдгээрийн нэг нь 2023 оны 4-р сараас эхлэн хэрэгжиж буй “ҮНДСЭН ХУУЛИЙН 2-Р БҮЛГИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ЗҮЙЛ ЗААЛТУУДАД СИСТЕМЧИЛСЭН АРГААР НЭГДСЭН ТАЙЛБАР БОЛОВСРУУЛАХ НЬ” судалгааны төсөл юм. Уг төслөөр Үндсэн хуулийн 2-р бүлэг дэх 296 нэр томьёонд хэв шинжийн тодорхойлолт боловсруулсан бөгөөд одоогоор боловсруулсан нэгж ойлголтуудыг ашиглан 97 бие даасан эрхүүдийг тайлбарлах үе шат амжилттай явагдаж дууссан юм.

Мөн уг асуудалд залуусын анхаарлыг хамгийн бүтээлчээр хандуулах олон төрийн контентуудыг ойлгомжтой дүрс зураглал ашиглан мэдээлэл хүргэх нь сайн арга зам гэдэгт итгэлтэй байна. Хөдөлмөр эрхлэлт, боловсрол, татварын систем гэхчлэн иргэн бүрийн амьдралд хамаатай чухал сэдвүүд рүү тогтмол өнгийж харах тэрхүү сэдлийг бий болгосноор залуус цааш нь өөрсдийн арга замаа бий болгох боломжтой болно.

Дараагийн бичвэрээр уулзъя, баяртай!

Нийтлэлийг М.Анужин

#нэгдмэл ойлголт