Аниме үзэх дуртай, тэр дундаа триллер төрлийн аниме сонирхдог хүмүүст зориулан энэхүү нийтлэлээ хүргэж байна.
Дараах анимууд нь олон төрлийн сонирхолтой үйл явдлыг дүрслэх ба хэт сунжирсан биш цөөхөн ангитай тул үзэхэд уйдамгүй байх болно. Ингээд сэтгэхүйн триллер төрлийн долоон аниме танилцуулъя.
The Promised Neverland (2019)
Нийт анги: 2 бүлэгтэй ба нийтдээ 23 ангитай
Урт удаан дайныг зогсоохын тулд чөтгөрүүд болон хүмүүсийн дунд тулд "Амлалт" нэртэй гэрээ байгуулна. "Амлалт" нь хүмүүс чөтгөрүүдийг хоол хүнсээр дутаахгүй байх, чөтгөрүүд хүний ертөнцөд очихгүй байх гэсэн болзолтой.
Чөтгөрүүд зөвхөн хүнээр хооллодог. Тэр дундаа ухаантай хүний тархи идэх нь тэднийг оюун ухаангүй мангас болгохоос сэргийлнэ. Тийм учраас хүмүүс асрамжийн газар байгуулж өнчирч, хаягдсан хүүхдүүдийг чөтгөрт өгөхөөр шийддэг. Хүүхдүүд өөрийн гэсэн нэргүй ба зөвхөн кодтой. Тэд тодорхой хэмжээний насанд хүрч, оюун ухаан нь хөгжсөн хойно үрчлүүлнэ хэмээн худал хэлж авч явна. Гэтэл үүнийг асрамжийн газрын хэсэг хүүхдүүд мэдэж, тэдэнд аюул тулгарна.
Made In Abyss (2017)
Нийт анги: 2 бүлэгтэй ба нийтдээ 25 ангитай
Орт хотын нэгэн газрын гүнд эртний соёл иргэншлийн олдворуудыг хадгалдаг аварга том “Ангал” бий. Тус ангалын олдворыг авахын тулд агуйн довтлогчид гэж нэрлэгддэг хүмүүс манангаар дүүрэн том нүх рүү буух бөгөөд илүү доошлох тусам илүү их саадтай учирна. Мөн "Ангалын хараал" хэмээх үхэлд хүргэж болзошгүй өвчин байх ба ангалаас гарч ирэх үед илэрдэг тул гүнээс буцаж ирэх нь ч аюултай аж.
Рико бол Орт хотын Бельчеро асрамжийн газарт амьдардаг өнчин охин. Түүний ээж домогт агуйн довтлогч “Цагаан шүгэлт” цолтой Лиза гэх эмэгтэй байсан ба сүүлийнхээ буултыг хийгээд нас барна. Рико ээжийнхээ замаар явж, түүн шиг цолтой болох мөрөөдөлтэй. Тэрээр ангалын аяллаа хийж байх хугацаандаа хагас хүн, хагас робот хүү Регтэй таарснаар тэдний үйл явдал өрнөнө.
Paranoia Agent (2004)
Нийт анги: 13
Аймшгийн кино сонирхогчдын шимтэн үзэх аниме бол “Paranoia Agent” юм. Эл киног бүх цаг үеийн хамгийн аймшигтай кино ч гэж нэрлэдэг. Киноны үйл явдалд алдартай загвар зохион бүтээгч Цүкико Саги гэр лүүгээ алхаж явтал бага ангийн хүүхэд түүнийг дайран гэмтээж буйгаар үйл явдал эхэлнэ. Хүүг цагдаад мэдэгдтэл хэн ч түүнд итгэдэггүй ба түүнийг худлаа ярьж байна хэмээн сэжиглэнэ. Гэтэл тухайн үед Токиогийн гудамжинд үүнтэй адилхан олон хэрэг гарна. Гэвч хохирогчдын хэн нь ч хүүгийн царайг санахгүй байгаа бөгөөд тэдний дурсамжид алтан тэшүүр, бейсболын малгай болон бейсболын цохиур л санаанд нь тод үлджээ. Икари, Манива гэх цагдаа нар тухайн хэргийг даан ажиллаж, хэрэгтнийг илрүүлэхээр зорино.
Death Parade (2015)
Нийт анги: 12
Үхлийн дараа ихэнх хүмүүс диваажин эсвэл тамд хүргэгддэг. Харин сонгогдсон цөөн хэдэн хүн буюу нэг зэрэг үхсэн хүмүүс “Quindecim” гэх бааранд орох боломжтой. Тус бааранд ирсэн хүмүүсийг боулинг, биллиард болон тулааны олон тоглоом тоглуулж тэднийг дахин төрөх эсвэл үүрд алга болгох эсэхийг тодорхойлно.
Tokyo Ghoul (2018)
Нийт анги: 4 бүлэгтэй ба нийтдээ 48 ангитай
Токио хотод хүн дүрст чөтгөрүүд байх ба тэд зөвхөн хүний махаар л хооллоно. Үүнийг мэдсэн эрх баригчид тэднийг мөрдөж эхлэх ба чөтгөрүүд улам өөрсдийгөө нууцалж, энгийн хүн мэт амьдарна. Гэвч өдөр ирэх тусам чөтгөрт идүүлсэн хүний тоо нэмэгдсээр л байна.
Зохиолын үйл явдалд 18 настай их сургуулийн оюутан Кен Канеки Ризе Камиширо гэх охинтой болзоонд явах ба энэ үед болзоот охин нь чөтгөр байж тааран түүнийг идэхийг оролдоно. Яг энэ үед тэдний дээрээс барилгын багана унан, Риза нас барж, Канеки амьд үлддэг. Канекигийн биеийн байдал хүнд байсан тул түүнийг яаралтай хагалгаанд оруулж Ризагийн зарим эрхтнийг түүнд шилжүүлэн суулгадаг. Ингэснээр Канеки хагас хүн, хагас чөтгөр болон хувирна. Канеки амьд үлдэхийн тулд бусад чөтгөрийн адилаар хүний мах идэх томоохон асуудалтай нүүр тулна.
Death Note (2017)
Нийт анги: 37
Токиогийн нэгэн ахлах сургуулийн сурагч Лайт Ягами “Үхлийн тэмдэглэл” хэмээх нууцлаг хар дэвтрийг олж буйгаар үйл явдал эхэлнэ. Тус дэвтрийг эзэмшиж байгаа хүн дайсныхаа жинхэнэ нэр, царайг л мэддэг бол хэний ч амьдралыг хэдхэн секундэд дуусгах боломжтой аж. Лайт дэвтрийг гэмт хэрэгтнүүдийг устгахад ашигладаг бөгөөд нэгэн өдөр дэвтрийн жинхэнэ эзэн гарч ирнэ. Мөн гэмт хэрэгтнүүд устаж буйг дэлхий нийтийн хэвлэл мэдээллүүд анзаарч нууцлаг алуурчныг хайж эхэлнэ.
Serial Experiments Lain (1998)
Нийт анги: 13
Лаин Ивакура бол Японы ахлах сургуульд сурдаг охин ба дотогшоо, нийгмээс тусгаарлагдсан нэгэн. Түүний гэр бүлийн хувьд зөвхөн өөртөө л анхаарах эгч Мика, сэтгэлзүйн асуудалтай ээж Михо болон компьютерт донтсон аав Ясуо нартай хамт амьдардаг. Түүний сургууль дээр Чиса гэх охин нас барсан ба сургуулийн бүх хүүхдүүд түүнээс мэйл хүлээн авна. Гэвч үүнийг хэн ч тоодоггүй. Лаин охин түүнийг жинхэнэ Чиса мөн эсэхийг шалгахын тулд хуучин компьютероо нээн мэйлээ шалгана. Чиса өөрийгөө үхээгүй, одоохондоо бие махбодоо орхисон бөгөөд “Wired”-ийн виртуал ертөнцийн гүнд гацсан байгаагаа ойлгуулна. Лаин охин түүнд туслахаар бодит байдал, виртуал ертөнцийг судлан гүн рүү нь нэвтрэх гэж оролдоно.
Эх сурвалж: Bored panda
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх