Сарын тэмдэг ирсэн үед ЯМАР БАЙРЛАЛААР унтах вэ?


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2024-08-02

Сарын тэмдэг ирсэн үед ихэнх эмэгтэйчүүдийн хэвлий базалж өвдөг. Ийм нөхцөлд шөнө сайн унтаж амарч чаддаггүй билээ. Америкийн нойр судлалын хүрээлэнгээс мэдээлснээр эмэгтэйчүүдийн 30 хувь нь сарын тэмдэг ирсэн өдрүүдэд нойргүйдэлтэй нүүр тулгардаг гэсэн байна.

Тэгвэл дараах нийтлэлээс сарын тэмдгийн үед сайтар унтаж амрахын тулд ямар байрлалаар хэвтэх тухай мэдээллийг хүлээн аваарай. 

САРЫН ТЭМДЭГ ИРСЭН ҮЕД ЯАГААД УНТАЖ АМАРЧ ЧАДДАГГҮЙ ВЭ?

Сэтгэл санаа тогтворгүй байх. Сарын “найз” нь ирэхээс өмнө болон ирсэн өдрүүдэд ихэнх эмэгтэйчүүд огцом түргэн уурлаж, ямар нэг зүйлд хэтэрхий амархан гоморхдог. Гэвч энэ нь хэвийн зүйл бөгөөд мэргэжлийн эмч нар үүнийг эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед эстроген дааврын хэмжээ буурдагтай холбон тайлбарладаг аж.

Хэтэрхий их халууцах. Шөнө сайтар унтаж амрахын тулд өрөөний болон таны биеийн температур хэвийн хэмжээнд байх хэрэгтэй. Гэвч сарын тэмдэг ирсэн үед биеийн дулаан нэмэгддэг бөгөөд унтах үед хэтэрхий их халууцаж, улмаар унтахад нөлөөлдөг байна.

Хэвлий базалж өвдөх. Энэ бол ихэнх эмэгтэйчүүдэд тохиолддог өвдөлт юм. Умайн салст бүрхүүл дэх простагландин хэмээх химийн нэгдлийн идэвхтэй үйл ажиллагаанаас болж хэвлий хэсэгт базлах, өвдөх мэдрэмж төрдөг байна. 

  • УРГИЙН БАЙРЛАЛ

Эмэгтэйчүүдийн эмч нар ургийн байрлалаар унтаж амрах нь хэвлийн хөндий орчмын булчингуудыг сулалж, цусны эргэлтийг сайжруулдаг гэдэг.

  • ХҮҮХДИЙН БАЙРЛАЛ

Йогийн дасгал хийдэг хүмүүс энэ дасгалыг сайн мэдэж буй байх.  Хүүхдийн байрлалаар унтах үед хэвлий орчмын өвдөлт багасаж, сайтар амардаг байна. Харин та энэ байрлалаар унтаж чадахгүй бол унтахаасаа өмнө хэдэн минут уг байрлалаар хэвтээд үзээрэй.

  • НУРУУГААРАА ХЭВТЭХ

Сарын тэмдэг ирсэн үед хэвлийгээр чинь базалж өвдөж байвал дээшээ харж хэвтээд гэдсэндээ иллэг хийгээрэй. Ингэснээр хэвлий орчмын өвдөлтийг багасгаж, шөнө сайн унтаж амрахад тусалдаг аж.

  • ХАЖУУ ТИЙШ ХАРЖ УНТАХ

Хэрвээ дээрх байрлалууд тухгүй санагдаж байвал хажуу тийш хараад, хөлөө хумьж унтаарай. Энэ үед хэвлий орчмын булчингууд амарч, өвдөлт бага мэдрэгддэг. Илүү их тухтай унтмаар байвал хоёр хөлийнхөө завсарт дэр хавчуулж болно.

  • УНТАХААСАА ӨМНӨ ДАСГАЛ ХИЙХ

Дасгал хийнэ гэхээр хөлсөө гаргаж, ядартлаа хийнэ гэж санаа зовох хэрэггүй. Сарын тэмдэг ирлээ гээд өдөржин хөдөлгөөнөө хязгаарлаж “залхуурч” болохгүй. Шөнө сайн унтаж амаръя гэвэл унтахаасаа өмнө бага зэрэг дасгал хөдөлгөөн хийж усанд ороорой. Магадгүй 30 минут орчим агаарт алхах, эсвэл бага зэргийн хөнгөн сунгалтын дасгал хийж болох юм.

Эх сурвалж: Teen Vogue

#сарын тэмдэг