“TANGLED” киноны талаарх бидний мэдэхгүй 10 баримт


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-07-22

2010 онд Уолт Дисней кино компани бас нэгэн гайхалтай киногоороо үзэгчдэдээ бэлэг барьсан билээ. Тэр бол алтан шаргал урт үстэй Рапунзел охины түүх юм. Рапунзел нь Диснейн өмнөх гүнжүүдийг бодвол анхны компьютерын программаар бүтсэн гүнж байсан нь илүү өвөрмөц, сонирхолтой бүтээл байж чадсан бөгөөд одоог хүртэл бидний хайртай бүтээл хэвээр байна.

Бид өнөөдрийн нийтлэлдээ тус анимейшны тухай хэд хэдэн сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.

  1. Tangled-ийн зохиолыг 1937 онд бичиж байжээ

Tangled-ийн эх зохиолыг анх 1937 онд буюу кино гарахаас 70 гаруй жилийн өмнө бичиж байжээ. Хэрвээ амжилттай бичиж дуусган, киногоо бүтээсэн бол  “Алиса гайхамшгийн оронд”, “Үнсгэлжин”, “Петер Пен”, “Лусын Дагина”, “Араатан ба гоо үзэсгэлэн” зэрэг киноноос өмнө нээлтээ хийх байсан аж. Гэвч олон удаа энэ түүхийг боломжгүй хэмээн татгалзаж явсаар 2005 оноос хойш тус зохиол дээр ажиллан одоогийн бидний мэдэх “Tangled” анимейшин бүтээгдсэн гэдэг.

  1. Кино зохиол нь анхандаа өөр түүхтэй байв

Бидний мэдэх зохиолд алс холын бөглүү ойн цамхагт амьдрах Рапунзел охиныг дүрслэн харуулдаг бол түүний анхны зохиол нь огт өөр байжээ. Анхандаа орчин үеийн Сан Франциско хотод амьдрах Клер, Винс гэх хоёр өсвөр насны хүүхдүүд санаандгүй байдлаар Рапунзелын үлгэрт орж буйгаар үйл явдал өрнөх байсан гэнэ.

  1. Tangled бол Диснейн хамгийн өндөр өртгөөр бүтсэн хүүхэлдэйн кино

Киног бүтээгчид Tangled-ийг зургаан жилийн турш шаргуу бүтээсэн ба нийтдээ 260 сая долларын өртгөөр бүтээжээ. Уг анимейшин нь гараар зурсан зураг болон компьютерын программын тусламжтайгаар бүтээгдсэн нь олон жилийн хөдөлмөр болон ихээхэн хэмжээний төсөв зарцуулах гол хүчин зүйл болж байв.

  1. Флинн Рапунзел хоёр найман насны зөрүүтэй

Диснейн бүтээлүүдийн ихэнх хосуудад насны зөрүү ажиглагддаг. Түүний хамгийн том жишээ бол Цасан цагаан болон хунтайж Флориан нар юм. Тэднийг 17 насны зөрүүтэй байх магадлалтай хэмээн үздэг.

Харин “Tangled” киноны хувьд Флинн Райдерыг 26 настай, Рапунзелыг 18 нас хүрэх гэж байсан гэх таамаг бий. Тэгэхээр хосууд маань найман насны зөрүүтэй аж.

  1. Рапунзелын үс нь 30 гаруй килограмм жинтэй

Рапунзелын үс нь 23 метр урттай байх ба 30 гаруй килограмм жинтэй хэмээн киног бүтээгчид мэдээлжээ. Өдөр бүр 30 кг жинтэй үсээ чирээд явна гэдэг хэр баргийн хүнд байхгүй тэвчээр шүү.

  1. Gothel эх 400 гаруй настай байсан

Готел эх бол өөрийгөө үүрд залуу, үзэсгэлэнтэй байлгахын тулд Рапунзелыг гэрээс нь хулгайлж, цамхагт цоожилсон эмэгтэй. Киноны төгсгөлд Рапунзелын үсийг тайрахад Готелийн гоо сайхан алга болж, хөгшин эмэгтэй болон хувирдаг. Гэвч Готел нь бидний таамаглаж байгаагаас хөгшин байж магадгүй. Учир нь түүний хувцаслалтын хэв маягийг харвал энэ нь сэргэн мандалтын эрин үеэс гаралтай болохыг анзаарах болно. Мөн Tangled нь 1700-аад оны сүүлчээр киноны үйл явдал өрнөдөг тул Готел 400 гаруй жил оршин тогтнож байгаа гэсэн үг юм.

  1. Рапунзелын тоглоом түүнд юу тохиолдохыг харуулж байсан

Киноны эхний үзэгдэлд Рапунзел охин нялх хүүхэд байх ба түүний дээрээс саатуулагч тоглоом өлгөсөн байгаа харагддаг. Сайн ажиглаж харвал энэ нь түүний ирээдүйд учрах зүйлсийг харуулж байна. Ногоон хамелиан болон цагаан морь. Тийм ээ, энэ бол Максимус болон Паскал хоёрыг илэрхийлж байна. Мөн цэнхэр шувуу, нугасны дэгдээхэйтэй ч таардаг шүү дээ.

  1. Паскал хэрэм байх ёстой байжээ

Рапунзелийн хамгийн сайн найз, өхөөрдөм хамелеоныг санаж байгаа л биз дээ. Киног бүтээгчид эхэндээ түүнийг хэрэм байх ёстой хэмээн бодож байжээ. Учир нь хэрмийн үслэг урт сүүл, дүр төрх нь илүү тохирно гэж бодож байсан аж.

Гэвч кино бүтээгчдийн нэгэнд нь хамелеон байж таарснаар түүнээс санаа аван, мөн Рапунзелын даашинзтай төгс зохицно хэмээн үзсэнээр хамелеоныг сонгосон байна.

  1. Корона Вант улсыг Францын нэгэн арлаас санаа авчээ

 

Корона вант улс буюу Рапунзелын төрөлх улс нь Францын нэгэн арлаас санаа аван бүтээгджээ. Тус арал нь Францын улсын хувьд жил бүр 2.5 сая жуулчин хүлээн авдаг Нормандын эрэг дээр орших Мон Сен-Мишель гэх арал аж.

  1.  Анх дэнлүү биш салют байсан

Киног бүтээгчид анхандаа дэнлүүний оронд салют байхаар төлөвлөж байжээ. Гэсэн ч зураач Жон Рипа дэнлүү ашиглах санааг гарган ахлах ажилтан Жон Лассетерт танилцуулав. Жон Лассетерт эхнэртэйгээ хамт жилийн ойгоо тэмдэглэхдээ дэнлүү асаасан бөгөөд түүнд ихэд таалагдсан байсан учир кинондоо оруулахыг эергээр хүлээн авсан гэдэг.

Эх сурвалж: Yardbarker, Bored Panda

#TANGLED #Рапунзел