Өсвөр насныхан яагаад хар өнгийн хувцасыг илүүд үздэг вэ?


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-07-22

Бага ангидаа барбитай цүнх барьж, өнгө өнгийн даашинзаар гоён тод өнгийн хувцас өмсөөд гүйдэг байсан хүүхдүүд өсвөр насанд шилжихдээ ихэвчлэн хар өнгийн хувцас өмсөж байгаа ажиглагддаг. Цүнх, малгай, хувцас гээд л хэрэглэж буй зүйл нь ихэнхдээ хар өнгийн байх нь бий.

Хэдийгээр хар өнгийн хувцас өмсөх нь өөртөө итгэлтэй, загварлаг дэгжин харагдах, галбираа илүү тодотгох эсвэл зүгээр л түүний дуртай өнгө нь байж болох ч өсвөр насныхны хувьд энэ нь арай өөр утгатай гэнэ.

Тэдний хувьд нэг талдаа жаахан хүүхэд байхаа болин эрээн мяраан хувцаснаас татгалзаж том хүн болж буйгаа илэрхийлж байж болох ч нөгөө талд өөрийн сэтгэл зүйн хүндхэн байдлаа хувцсаараа илэрхийлж байдаг аж.

Өсвөр насныхан бие, сэтгэл зүйн хүндхэн асуудалтай өдөр бүр тулгарч тогтворгүй ааш зантай байдаг учир хар хувцсаар дамжуулан сэтгэл санаагаа илэрхийлдэг гэнэ. Эцэг эх, ойр дотны хүмүүс нь тэр бүр түүнийг ойлгож чаддаггүй тул хувцсаараа сэтгэл санаагаа муу байгаагаа илэрхийлж байдаг.

Мөн шилжилтийн насанд сэтгэл зүйгээс гадна бие организмд ч олон өөрчлөлт гардаг шүү дээ. Нүүрэн дээр их хэмжээний батга гарах, хэт их жин нэмэх эсвэл турах, зүс царай нь өөрчлөгдөх зэргээс болж өсвөр насныхны өөртөө итгэх итгэл нь буурч, түүний стиль имиж, сонголт ч өөрчлөгддөг байна. Тиймээс даашинз, юбканаас илүүтэй сул өмд, цамц өмсөх нь өөрт нь тухтай санагддаг аж.

#өсвөр нас #teenagers