Дэлхийн хамгийн царай муутай нохойг шалгарууллаа


Сондор | YOLO.MN
2024-06-25

"Дэлхийн хамгийн царай муутай нохой-2024" тэмцээн боллоо.

Жил бүр зохиогддог уг тэмцээн Калифорниа мужийн Петалума хотын Сонома-Марины үзэсгэлэнд  саяхан болж, шилдгээ шалгаруулжээ. Хамгийн царай муутай нохойгоор 8 настай Бээжин хав үүлдрийн Зэрлэг Танг шалгарч, 5000 долларын шагнал хүртжээ.

Зэрлэг Танг гөлөг байхдаа вирусээр өвчилж, үхэх шахаж байжээ. Шүд нь ургаагүй тул хэл нь бултайж, баруун урд хөл нь байнга татганадаг байна.  мөн Украинаас нүүлгэж ирсэн долоон бээжин хавыг орон гэртэй болоход нь Зэрлэг Танг болон түүний эзэн тусалж хандивыг аян өрнүүлж байв.

Түүний эзэн Ма хэлэхдээ "Тэр хэзээ ч үсээ засуулж байгаагүй ч би гэдэснийх нь үсийг хусдаг, тэр халууцаад байдаг тул мөсөн дээр унтах дуртай. Зэрлэг Танг миний хувьд хамгийн хөөрхөн нохой, би түүнийг тэврээд явах дуртай. Ямар ч нохойд гэр орон хэрэгтэй, тиймээс дэлгүүр хэсэхийн оронд үрчилж аваарай" гэжээ.

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү уралдаан нь нохойг шоолж, тохуурхах зорилготой биш, харин "Эгэл биш дүрүүдийг харж хөгжилдөн,  эдгээр ноход үнэхээр үзэсгэлэнтэй гэдгийг дэлхийд харуулах зорилготой" гэжээ.

Тэмцээнд анх удаагаа оролцсон Ром хэмээх 14 настай, нэг нүдтэй, хөгжлийн бэрхшээлтэй паг үүлдрийн нохой хоёрдугаар байрт шалгарчээ.

Тэмцээнд оролцсон ихэнх нохдыг эзэд нь гудамжнаас эсвэл амьтны асрамжийн төвөөс авсан байна. Тэр дундаа гуравдугаар байрт орсон Дэйси Мэй олон жилийн турш үс, шүд, хараагаа алдсан ч "Найз ноходтой болж, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, маш цоглог болсон" гэж түүний намтарт бичсэн байна.

=

#амьтад #нохой