XXI зуунд орчин үеийн урлаг байнгын хувьсан өөрчлөгдөхийн хирээр шинэ урлагийн урсгалыг тодорхойлох уран бүтээлчид урлаг судлаач, урлаг таашаагчдын анхаарлыг татсаар байна.
Энэхүү цуврал видео мэдээллээс өнөө цагийн орчин үеийн урлагийн хамгийн алдартай 5 артисттай танилцах болно. Эдгээр уран бүтээлчид өөрсдийн өвөрмөц үзэл бодол, шинэлэг арга барилаараа урлагийг тодорхойлж байна.
1. Нууцлаг гудамжны зураач Бэнкси
Их Британийн нууцлаг гудамжны зураач, кино найруулагч Бэнкси бол орчин үеийн урлагийн гол төлөөлөгчдийн нэг юм. Бэнкси өөрийн нэр, нүүр царайг нууцалж, гудамж, хана, гүүрэн дээр нийгмийн сэтгэхүйн доголдол, гажуудлыг хошноор заримдаа сэтгэл өвтгөм дүр төрхийг граффитаар илэрхийлдэг.
Бэнкси урлагийн бүтээлийг заавал галерей зорин үзэх уламжлалт гоо зүйн ойлголтыг эвдэж хотын эргэн тойрон, магадгүй гэрийнхээ ойроос ч үзэж болох урлагийг хүмүүст мэдрүүлэхийг хүсдэг байна.
Бэнскигийн дэлхийд танигдсан бүтээл нь “Бөмбөлөгтэй охин” хэмээх граффит зураг юм. Үс, даашинз нь салхинд хийсэх бяцхан охин улаан, зүрх хэлбэртэй бөмбөлгийг салхинд хийсгэнэ. Эсвэл охины гараас мултран хийссэн ч байж магадгүй нь хүн төрөлхтөнд итгэл найдвар хорвоо ертөнцөд үргэлж байдгийг сануулсан урлагийн бүтээл болж чадсан байна.
2. Контемпорари уран бүтээлч Яёи Кусама
Орчин үеийн урлагийн томоохон төлөөлөгч контемпорари уран бүтээлч Яёи Кусама дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өнөө цагийн эмэгтэй уран бүтээлч юм. Уран зураг, баримал, инстоляц мөн яруу найргаар дамжуулан өөрийн ертөнцийг үзэх үзлээ бусадтай хуваалцдаг. Кусамагийн бүх бүтээлүүд толбоноос бүтдэг.
Хорвоо ертөнцөд бид бүхэн нэг л мэдрэмжийг олон өнгөөр авдаг бол яах вэ? Тэр мэдрэмж олон өнгийн толбо болон сэтгэлийн гүнд нуугдсан гуниг бүхнийг өөртөө шингээн авч хязгааргүй огторгуй руу шиднэ. Зүрхний мухарт хатгах тэр толбыг урлагаар дамжуулан сэтгэлийг анагаах гайхалтай аргыг Кусама бүтээсэн байна. Урлаг хаана эхэлж, хаана дуусахыг бид бүхэн мэдэхгүй ч урлаг, үзэгч хоёрын хооронд орших заагийг бүдгэрүүлэхийн тулд Кусама өөрийн оршихуйг хэсэгхэн зуур мартаад эцэс төгсгөлгүй мэт санагдах өнгөт толбоор ухамсрыг сэргээн өгөхийг хүсдэг байна.
3.“Поп урлагийн хаан" Жефф Кунс
Орчин цагийн “Поп урлагийн хаан" гэгддэг Америкийн уран бүтээлч бол Жефф Кунс юм. Урлаг судлаачдын дунд түүний бүтээлүүд ихээхэн маргаантай байдаг. Кунсын уран бүтээлүүд ихэвчлэн уран баримлын төрлүүдээр дамжуулан хөнгөн, хөгжилтэй мэдрэмжийг үзэгчдэд төрүүлдэг.
Тэрээр уламжлалт гоо сайхны тухай ойлголтыг орчин цагийн амьдралын хэв маягтай холбон урлаг таны амьдралын зүрхний цохилт болон өөрчилж чадна хэмээн сануулдаг байна.
4. Германы уран бүтээлч Герхард Рихтер
Фотореализм, поп-арт, абстракт урсгалаар уран бүтээлээ туурвидаг Германы уран бүтээлч Герхард Рихтер орчин цагийн дүрслэх урлагийн нэгэн том төлөөлөгч юм. Рихтерийн бүтээлийн хүч чадал нь оюун санааны хязгааргүй таашаал, нууцлаг байдал, өнгө зураас бүхнээр дамжуулан эсрэг тэсрэг зүйлсийг нэгтгэхэд оршдог байна.
Рихтерийн бүтээлүүд үзэгчдэд олон зэрэг сэтгэлийн таашаал, оюуны бодролыг төрүүлдгээрээ онцлог юм.
5. Английн уран бүтээлч Дэмьен Хёрст
Английн уран бүтээлч Дэмьен Хёрстийн инстольяц бүтээлүүд 1990-д оны эхээр урлагт томоохон тэсрэлтүүдийг хийсэн байдаг. Түүний “Бодит бие үхэхгүйг амьд биетээр тайлбарласан нь” хэмээх бүтээлд уусмал бүхий шилэн хоргонд байрлах махчин загасны шүднvvд ирт мэс мэт харагдах нь хүн болон далайн олон амьтны эрлэг мөн гэдгийг илтгэнэ. Энэ үед шилэн хорго түүнийг барьж чадах болов уу гэсэн айдас төрхийн дээр түүнтэй далайд учирвал яах вэ гэсэн үхлийн тухай төсөөлөл ч орж ирдэг байна.
Нийтлэлийг бичсэн Урлаг судлаач А.Тунгалаг
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх