Өнөөдөр АНУ-д боолчлолыг халсан "Жүүнтийнт" өдөр


Сондор | YOLO.MN
2024-06-19

Жил бүрийн 6-р сарын 19-нд Жүүнтийнт (Juneteenth) буюу АНУ-д боолчлогдсон африк гаралтай америкчуудыг чөлөөлсний, өөрөөр хэлбэл боолчлолыг халсан тэмдэглэлт өдөр юм.

Энэхүү баярыг албан ёсоор “Жүүнтийнт үндэсний тусгаар тогтнолын өдөр” гэж нэрлэдэг. "Жүүнтийнт" гэдэг үг нь “зургадугаар сарын арван есөн” гэсэн англи үгний товчлол юм.

2021 оны 6-р сарын 15-нд АНУ-ын Сенат “Жүүнтийнт” үндэсний тусгаар тогтнолын өдрийн хуулийг санал нэгтэй баталж, улмаар 6-р сарын 16-нд 415/14 саналаар (Бүгд Найрамдах Намын 14 гишүүн эсэргүүцсэн) Төлөөлөгчдийн Танхимаас баталжээ.

Улмаар 2021 оны 6-р сарын 17-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тус хуульд гарын үсэг зурснаар энэхүү хууль хүчин төгөлдөр болж, албан ёсны үндэсний баяр болсон юм. “Жүүнтийнт” бол 1983 онд Мартин Лютер Кингийн өдрийг үндэсний баяр болгон зарласнаас хойших анхны үндэсний шинэ баяр юм.

Түүх
“Жүүнтийнт” тэмдэглэлт өдөр нь Техас муж улсын Галвестон хотоос гаралтай бөгөөд 1866 оноос хойш жил бүрийн 6-р сарын 19-ний өдөр АНУ-ын янз бүрийн бүс нутагт тэмдэглэдэг болсон юм. 1865 оны 6-р сарын 19-ний өдөр Хойд армийн генерал Гордон Грэйнжер Америкийн иргэний дайн дууссаны дараахан Техас мужид боолчлогдсон хүмүүсийн эрх чөлөөг тунхаглан зарласан юм. Тийм учраас зургадугаар сарын арван есний өдөр энэхүү баярыг тэмдэглэдэг болсон. Энэхүү өдөр нь АНУ-д боолчлол албан ёсоор дуусвар болсныг тунхагласан түүхэн өдөр юм.

Уламжлал
Баярын уламжлал бол боолчлолыг халсан Ерөнхийлөгчийн зарлигийг олон нийтэд уншиж, уламжлалт боолын дууг дуулдаг. Энэ нь нэг талаараа Африк-Америкийн түүх, соёлыг хүндэтгэх өдөр юм.

Эх сурвалж: Википедиа

#тэмдэглэлт өдөр #"Жүүнтийнт"