“Их Засаг” олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Монголын өмгөөлөгчдйин холбооны гишүүн өмгөөлөгч Ж.Баасанжавтай ярилцав. Тэрээр хүн худалдаалах гэмт хэргийн талаар судалгаа хийхийн сацуу энэ гэмт хэргийн хохирогчдыг өмгөөлдөг цөөн хуульчийн нэг.
-Та бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидод өмгөөлөгчийн тусламж үйлчилгээг олон жил үзүүлсэн. Гэмт хэрэгтнүүд бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгийг нэг дор үйлдэх нь их. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг өмгөөлөх явцад ямар хүндрэлүүд тулгардаг вэ?
-Энэ төрлийн гэмт хэрэгт өмгөөлөгчөөр ажиллах явцад хохирогч ихэвчлэн насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүд байдаг. Тэдгээр хохирогчдын гэр бүлийн хараа хяналтгүй эсхүл эцэг эх нь архины хамааралтай, санхүүгийн хувьд сул дорой байдлыг ашиглан, хуурч мэхлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх эсхүл найз нөхдөөр нь дамжуулан гэмт этгээд хараа хяналт тогтоон, эрхшээлдээ оруулсан байдаг.
Хүндрэл бэрхшээлүүд багагүй гардаг. Жишээ нь хохирогч хүүхэд учраас зарим нь өгч буй мэдүүлгийн аль хэсэг чухлыг мэддэггүй. Хуульд заасан хугацаанд мэдүүлгээ өгч амжихгүй, эсхүл цагдаагийн байгууллагаас айж эмээх, мэдүүлэг авч буй мөрдөгч заримдаа эрэгтэй байдаг зэргээс шалтгаалж мэдээллээ бүрэн өгч чадахгүй нөхцөл гардаг. Эсхүл холбогдогчийн зүгээс ирэх дарамт шахалт, хүчирхийллээс айж, мэдүүлгээ өөрчлөх нь хэрэг хэрэгсэхгүй болох, мөрдөн шалгах ажиллагаа удаашрах нэг шалтгаан болдог.
Хүн худалдаалах гэмт хэргийг гэмт этгээд ганцаараа бус, хоёроос дээш этгээдтэй хамтарч үйлддэг тул түүнийг нотлох ажиллагаа хийхэд цаг их орно. Сүүлийн үед хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд техник технологийн дэвшил ашиглаж, хэргийг шуурхай шалгаасай.
Тухайлбал БНСУ-д дуу, дүрсний бичлэг ашиглан мэдүүлэг авах зэргээр ажил нь цахимжиж байхад манайх хоцрогдсон аргаар, тэмдэглэл үйлдэж, цаг алдах нь их. Цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулах шинэ арга зүй, техник хэрэгсэл ашиглахад анхаарах цаг болсон.
-Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч нэгэн зэрэг олон төрлийн хэргийн хохирогч болдог нь үнэн үү?
-Тийм. Халдашгүй чөлөөтэй байх эрхээрээ хязгаарлуулна, бие мах бодод нь халдаж гэмтээнэ, хүчээр ёс бус үйлдэл хийлгүүлнэ, хууль бусаар үр хөндүүлнэ, сэтгэл зүйн дарамтад байлгана, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хуурч өгөх, согтууруулах ундаа хүчээр уулгах гэх мэтээр давхар хохирсон байдаг.
-Таны бодлоор манай улсад энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хуулийн орчин бүрдсэн үү?
-Энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тусам өсөж байна. 2000 оны эхээр энэ төрлийн гэмт хэргийн ойлголтгүй байсныг бодоход одоо иргэд тодорхой хэмжээнд ойлголттой болж, олон улсын гэрээ конвенцод нэгдсэн. Эрх зүйн орчин бүрдэж, төрийн бус байгууллагууд хохирогчийг хамгаалах цогц үйлчилгээ үзүүлдэг болсон, энэ төрлийн хэргийг шалгах тусгай нэгжтэй, бие даасан хуультай болсон зэрэг дэвшилтүүд бий. Цаашид энэ гэмт хэргийн суурь шалтгаан болох ажилгүйдэл, ядуурлыг багасгахад төрөөс зөв, оновчтой бодлого явуулах, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжид стандарт тогтоож, цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг нь урьдчилан сэргийлэх алхам болж чадна.
-Шүүхээс гэмт хэрэгтнүүдэд шударга ял оноодог уу?
-Сүүлийн 10 жилд хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн 59 хүнд ял оноосон байна. Үүнээс 13 хүнд нь 5-8 жилийн хорих ял, 10 хүнд нь 10-15 жилийн хорих ял, нэг хүнд бүх насаар хорих ял оноосон талаар шүүх байгууллагаас гаргасан судалгааны тайлангаас харахад шүүх хуульд заасан ялыг шударгаар оноож байна.
Харин хохирогчийн өмгөөлөгчийн хувьд маш их ажиллагаатай, багагүй цаг хугацаа зарцуулж ажилласан хэрэг шүүхийн шатанд ирээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах тохиолдол гардаг. Шүүхийн шатанд шантралгүй ирээд шийдвэрлүүлэх гэтэл буцаана, буцсан хэрэг зүйлчлэл өөрчлөгдөнө. Ядаж буцаахдаа холбогдсон этгээдүүдийг хорихгүй, гадуур шалгана, хорихгүй болохоор хохирогчоо айлгана, дарамтална, нөлөөлсөөр байгаад мэдүүлгээс нь буцаадаг, хохирогч залхаж, салмаар байна гэх тохиолдол цөөнгүй.
-Хүүхдийн эсрэг, хүнд хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүдэд уучлал өршөөл үзүүлэхгүй байх боллоо. Ер нь хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг бусад улсууд ялын хатуу бодлого явуулдаг уу?
-Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэг 2-8 жил хорих ялтай бол хүүхэд гэдгийг мэдсээр байж хүн худалдаалах гэмт хэрэгт өртүүлбэл 5-12 жилийн хорих ялтай. Хэрэв энэ гэмт хэргийг зохион байгуулалттай, гэмт бүлэглэл үйлдвэл бүх насаар хорих ялтай. Хөрш хоёр улсын хуульд насанд хүрээгүй хүнийг худалдаалсан бол ОХУ-д 3-10 жилийн хугацаагаар хорих, БНХАУ-д 5-10 жил хорих, хүндрүүлэх нөхцөлтэй үйлдвэл ял хүндэрнэ.
Бусад улсын хүн худалдаалах, худалдан авах гэмт хэрэгтэй тэмцэж байгаа туршлагаас үзэхэд чанга хатуу ял шийтгэх замаар сүрдүүлэг хэрэглэх, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, ажилтнуудын энэ талын мэдлэг, мэдээллийг сайжруулах, төрийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг сайжруулах, мэдээлэл солилцох уялдаа холбоог бий болгох замаар тэмцэж байна.
Манай улсад энэ чиглэлээр төрийн, төрийн бус байгууллага урьдчилан сэргийлэх талаар сүүлийн дөрвөн жилд өргөн хэмжээнд сургалт, сурталчилгаа зохион байгуулж, зохих мэдээлэл мэдлэгтэй болсон.
-Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчид өмгөөлөгч авах боломжгүй гэрч, холбогдогчид үйлчилгээ үзүүлдэг байсан бол энэ оноос хохирогчийг ч өмгөөлөх болжээ. Энэ нь дэвшил мөн үү?
-Энэ маш зөв шинэчлэл болсон. Өмнө нь төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч л үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа, үйлчилгээ авдаг байсан бол Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 6 дугаар зүйлд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй авах хүн гэж заалаа.
Түүн дотор бэлгийн хүчирхийллийн насанд хүрээгүй хохирогч, хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогч, хүн худалдаалах гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогч өмгөөлөгч авч, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломж бүрдсэн.
-Иргэд, олон нийт хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, мэдээлэхэд ямар үүрэг гүйцэтгэж болох вэ?
-Манай улсад иргэд, хохирогч нарын мэдээллээр гэмт хэргийг илрүүлж байгаа гэхэд хилстэхгүй. Сэжигтэй зарлал, гадаадын иргэдтэй хамт яваа хүүхэд болон эмэгтэйчүүдээс ганцаарчлан асуух зэргээр тухайн гэмт хэргийг мэдээлж, хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд таны оролцоо маш чухал.
-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хуульд мөн нэмэлт өөрчлөлт оруулсан. Таны бодлоор аль хуульд, ямар зүйл заалт нэмэх шаардлагатай вэ?
-Холбогдох хуулиудаас гадна Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зарим төрлийн эрүүгийн гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан.
Үүнд хүн худалдаалах гэмт хэргийг нэмэх, 2023 оны 07 сарын 03 өдөр Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан. Үүнд хүн худалдаалах гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогчийг оруулах шаардлагатай.
2012 онд батлагдсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд хохирогч учирсан сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх эрхийг тусгасан ч шүүх практикт энэ нь хэрэгжихгүй, иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж байгаа нь хохирогч дахиад л хуулийн байгууллагаар явах нөхцөл болсон.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх