Хүн бүрд өөр өөрийн гэсэн айдас бий. Тэд ихэвчлэн өндөр, харанхуй, ус, шавж гэх мэт нийтлэг зүйлсээс айдаг. Харин зарим нэг нь хачирхалтай, бүр утгагүй зүйлээс айдаг байна. Айдас бол бидэнд байдаг сэтгэлийн эмгэг түгшүүр хэмээн тодорхойлогдсон байдаг. Тэгвэл энэ удаагийн нийтлэлдээ тэр бүр мэддэггүй хүмүүсийн айдаг хачирхалтай 12 айдсыг хүргэж байна.
Nomophobia – Гар утасгүй байхаас айх айдас
Энэ төрлийн айдастай хүмүүс утсаа хажуудаа байлгахгүй байх, батарей нь багасах, утас нь ажиллахгүй байх зэрэгт хэт их санаа зовдог. Нөхцөл байдлаас үл хамааран утсаа ашиглаж чадахгүй байх нь номофоби өвчтэй хүмүүст сандрах, түгшүүрийн шинж тэмдэг илэрдэг байна. Энэ нь ховор тохиолддог айдас гэж оношлогддог ч сүүлийн жилүүдэд утасны хэрэглээ хэт ихэссэнээс болж номофоби айдас нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
Arithmophobia – Тооноос айх айдас
Арифмофоби нь математикаас айх айдсыг илтгэнэ. Ийм айдастай хүмүүс бүх тооноос эсвэл тодорхой хэдэн тооноос айдаг. Тоонууд харах, тоотой холбоотой зүйл хийх, бодох төдий л таагүй мэдрэмж төрж айдсыг мэдэрдэг байна.
Plutophobia – Мөнгөнөөс айх айдас
Олон хүн их мөнгөтэй байхыг хүсдэг. Гэхдээ плутофоби өвчтэй хүмүүс мөнгө, эд баялаг, чинээлэг хүн эсвэл өөрсдөө баян болохоос айдаг байна. Мөнгө харах, түүнтэй харьцахаас аль болох зайлсхийдэг. Гэвч бидний өдөр тутамд мөнгө маш их хэрэгтэй учир энэ төрлийн хүмүүст мөнгөнөөс хол байх хэцүү байдаг гэжээ.
Xanthophobia – Шар өнгөнөөс айх айдас
Ийм ховор төрлийн айдастай хүмүүс ихэвчлэн шар өнгийн автобус, цэцэг, барилга, хувцас гэх мэт шар өнгөтэй зүйлсээс айдсыг мэдэрдэг. Мөн шар өнгөтэй хоол хүнс хэрэглэхээс аль болох татгалздаг гэнэ. Гэвч шар өнгөтэй зүйлс хаа сайгүй байдаг тул энэ төрлийн өвчтэй хүмүүст амар тайван амьдрахад нь ихэд саад болдог аж.
Ablutophobia – Усанд орохоос айх айдас
Аблутофоби бол усанд орох, угаах, өөрийгөө цэвэрлэхээс айх айдас юм. Энэ нь ихэвчлэн хүүхдүүдэд тохиолддог бөгөөд нас ахих тусам айдас нь багасдаг ч зарим нэгэн насанд хүрэгчдэд одоо болтол байдаг. Тэд усанд орох, шүршүүрт орохоос зайлсхийдэг бөгөөд энэ нь биеийн тааламжгүй үнэр, заримдаа нийгмээс өөрийгөө тусгаарлахад хүргэдэг.
Optophobia – Нүдээ нээхээс айх айдас
Оптофоби төрлийн айдастай хүмүүс нүдээ нээхээс айдаг гэнэ. Гэвч нүдээ нээхгүйгээр амьдрахад төвөгтэй шүү дээ. Тэд гэртээ эсвэл гэрэл муутай газар байхыг илүүд үздэг байна. Энэ айдас нь ихэвчлэн өмнө нь болж байсан таагүй зүйлсээс үүссэн байх магадлалтай.
Hippopotomonstrosesquippedaliophobia – Урт үгнээс айх айдас
Энэ бол урт үгнээс айх айдас юм. Сонирхолтой нь түүний тодорхойлолт хүртэл урт үг байна. Урт үгийг буруу дуудсаных нь төлөө бусдад шоолуулахаас эмээх нь сэтгэлийн зовуурь, түгшүүрийг үүсгэж, энэ төрлийн айдсыг бий болгодог.
Omphalophobia – Хүйсний нүхнээс айх айдас
Энэ төрлийн айдастай хүмүүс хүйсний нүхийг харахаас айдаг. Тэр ч бүү хэл өөрийн хүйсний нүхийг харах, хүрэхээс айдаг байна. Тэд хүйсээ харахгүйн тулд боолтоор ороож далдалдаг. Мөн далайн эрэг гэх мэт хүйсээ гаргасан газраас аль болох хол байж өөрийгөө тайвшруулдаг аж.
Linonophobia – Утаснаас айх айдас
Линонофоби бол утаснаас /юм оёдог/ айх айдас юм. Тэд утсыг харах эсвэл зүгээр бодох төдийд л сандарч, айдсыг мэдэрдэг ба гутал, хувцас оёх, уяа гэх мэт утастай холбоотой зүйлсээс зайлсхийдэг. Хулгайлагдсан эсвэл шийтгэл болгон хүлсэн гэх мэт гэмтлийн үйл явдлыг мэдэрсэн хүмүүс ийм төрлийн айдастай болдог байна.
Pogonophobia – Сахалнаас айх айдас
Энэ нь ихэвчлэн сахалтай хүнээс үүссэн түгшүүрт явдлаас үүсэлтэй байдаг. Ийм өвчтэй хүмүүс сахалтай хүнтэй найзлахгүй бөгөөд сахалтай хүнтэй юм ярих эсвэл зүгээр л зургийг нь харах үед маш их сандардаг.
Eisoptrophobia – Толиноос айх айдас
Толиноос айдаг хүмүүс ихэвчлэн хоёр шалтгаанаас болж айдаг байна. Нэгдүгээрт, толины талаарх мухар сүсэгтэй холбоотой. Толинд харах нь бүтэлгүйтэл авчирна, толинд өөрийн тусгалаа харах муу эсвэл толинд хар муу энерги сүнс, чөтгөр шингэсэн байдаг гэх үзлээс үүдэн толинд харж чаддаггүй. Хоёрдугаарт, өөрийн үнэлэмжтэй холбоотой. Өөрийгөө үнэхээр царай муутай гэж боддог, гадаад төрхөөсөө ичдэг хүмүүс толинд өөрийгөө харахаас айдаг байна.
Deipnophobia – Бусадтай хамт хооллохоос айх айдас
Энэ нь ихэвчлэн оройн зоог барихаас айх айдас бөгөөд оройн хоол идэхдээ бусадтай яриа өрнүүлэхээс айх айдас юм. Ихэнх тохиолдолд бусадтай хамт хооллохоос айх айдас нь хүүхэд байхдаа хоолоо буруу идсэнээс болж шоолуулах, тухайн хүний хооллож буй арга барилаар шүүмжлэлд өртөх вий гэсэн бодлоос үүдэлтэй байдаг аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх