АНУ-ын эрдэмтэд өөрийгөө устгадаг хуванцар зохион бүтээснээ танилцуулжээ


А.Номин | YOLO.MN
2024-05-01
Сүүлийн жилүүдэд хуванцрын хог хаягдал дэлхий нийтийг хамарсан том асуудлын нэг болоод байна.

АНУ-ын эрдэмтэд хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “өөрийгөө устгадаг” хуванцар зохион бүтээснээ танилцуулав.

Полиуретан хуванцрыг гар утасны гэрнээс эхлээд олон төрлийн эд хэрэгсэлд өргөнөөр ашигладаг ч дахин боловсруулах тал дээр асуудал тулгардаг.

Харин Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хуванцар иддэг бактери ашиглан “өөрийгөө устгадаг хуванцар” буюу хог хаягдлыг бууруулахад үр дүнтэй байж болохуйц шинэ технологи бүтээжээ.

Тодруулбал хуванцрыг зориулалтынх нь дагуу ашиглах явцад бактери нь “унтаа” байдалд байна. Харин ашиглалтын хугацаа дуусаж, хөрсний шим тэжээлтэй холилдох үед сэрж, тухайн хуванцар өөрийгөө устгах буюу хөрсөнд бүрэн задарч эхлэх аж.

Полиуретан хуванцар болон хуванцар иддэг бактерийн нунтаг.

Одоогоор уг технологийг лабораторийн орчинд туршиж байгаа бөгөөд бодитоор хэрэгжүүлж эхлэх хүртэл хэдэн жил шаардлагатай гэв.

Хуванцрыг байгальд хоргүй байдлаар устгах асуудал сүүлийн жилүүдэд эрдэмтдийн гол зорилтын нэг болоод буй.

Гэхдээ зарим эрдэмтэн хуванцрыг устгах шинэ технологи боловсруулахаас илүүтэй, хуванцрын хэрэглээг бууруулахад анхаарах шаардлагатайг онцолдог.

Эх сурвалж: ВВС

#мэдээ