Хаан найргийн хатан хаан Шагдарын Дулмаа Монголын утга зохиолын салбарт нөхөж үл барам уудам зайг үлдээн хөрст дэлхийдээ үүрд шингэлээ. Түүний хайрын тухай энгүүн шүлгүүд уншигч, уран бүтээлч бүрийн зүрх сэтгэлийн галд цахилсаар хэдэн арваныг илээх учигтай. Ийн нэрт найрагчийн зүрхэн таван шүлгийг хүргэж байна.
Март даа намайг
Март даа чи намайг бүр март
Магадлан дурсаж санах хэрэггүй
Угтах ирээдүй жаргалтай сайхан ч
Учрах жаргал заяахгүй бол яана Сайн ч хүн, сайхан ч хүн гэж
Санан дурсан бодож явна, би
Надаас болж зовбол яана чи
Найдвар гэдэг баталгаа биш шүү дээ
Үзээгүй жаргалаас, үзсэн зовлон
Үнэндээ дээр байж ч мэдэх юм
Аз жаргалыг чинь зовлон болгож
Алаг зүрхийг чинь эзэмдэв үү би
Сайны ерөөл өргөн дэвшүүлээд
Салахын зовлонгоор чамайгаа жаргаая
Ухаант нүдэнд чинь тунасан гунигийг
Улирах цаг мөч ариусгах болтугай
Март даа чи намайг бүр март
Маргааш би холын хол явна
Эргэж мөддөө би ирэхгүй шүү
Эгээрэл хүслээс чи салахгүй шүү
Хүсэл дурлалдаа шунан автагдаж
Хүний жаргалыг эвдэж би чадахгүй
Өрөөлийн жаргалыг хэвээр үлдээж
Өрөвчхөн зүрхэндээ нууцхан зовъё доо
Хэзээ ч юм, хожмын нэгэн цагт
Хэрэх замын уулзварт тохиолдвол
Жаргал гэрэлтсэн царайг чинь хараад
Жамыг хүндэтгэж баярлах болно, би
**********************************
Чиний гарыг чичрээгүй гараар барьж чадна
Чиний гарыг чичрээгүй гараар барьж чадна
Чиний дэргэд чиглэн харалгүй сууж би чадна
Чамайг хараад энгийн танил шиг байж чадна
Чин сэтгэлдээ харин мартаж үл чадна
Чиний нэрийг хайш яйш дуудаж би чадна
Чиний харцыг хээгүй харцаар хариулж чадна
Чамд өгсөн хайраа буцааж би чадна
Чин сэтгэлдээ харин мартаж үл чадна
Чамтай би юухэн хээхнийг ярьж би чадна
Чам уруу очих замд ногоо ургахыг тэвчиж би чадна
Чамайг хүнтэй явахад зам тавьж өгч чадна
Чин сэтгэлдээ харин мартаж үл чадна
***********************************
Амьдралаа, би чамаас дандаа сайныг горилохгүй
Алаг эрэн хорвоо наян тvмэн бартаатай
Тэмцэлгүй жаргал гэж байдаггүй болохоор
Тэрнээс гажууд явахыг би ч гэсэн хүсэхгүй ээ.....
*************************************
“ЧАМАЙГ АРГАДЪЯ”
Дэлгэрхэн зуны цагаан уул цэцгийг
Дэргэд чинь бадамлаан сөгдөн аргадъя
Дэр нийлүүлсэн онгон хайрын сайхныг бодож
Дэндүү жаргалын үүдийг сөхөн аргадъя
Нар туссан хоймортоо урин байж аргадъя
Насныхаа тоогоор мэхийн байж аргадья
Намрын мөнгөн хяруунд чичрэн байж аргадъя
Найргын уяхан дуугаараа цацал өргөн аргадъя
Тоост хорвоод амьдрах ямхын төдий агшинд
Тогоруун цуваа шиг өнгөрөх он жилүүдийн урсгалд
Тоотой насныхаа хэрээр жаргая гэсэндээ аргадъя
Аргадъя чамайг
Алиа хонгор зангий чинь эвдэхгүй гэсэндээ аргадъя
Амин халуун хайраа сэвтээхгүй гэсэндээ аргадъя
Асаасан гал голомтоо бөхөөхгүй гэсэндээ аргадъя
Алаг хонгор үрсээ өнчрөөхгүй гэсэндээ аргадъя
Аяа чамайг аргадъя
Аргадъя чамайг...
******************************************************
Аавын харц
Гоодон дээлийнхээ энгэрт эцгийн харцыг зүүж
Томоожиж өссөн хүүхэд нас минь
Өнөөдөр ч надад ихийг сануулдаг
Өвдөг сөгдөн буруугаа наманчилмаар болдог
Өргөн энэ хорвоогоос аавыгаа үгүйлэхдээ
Өвдтөл нэг гуядуулах сан гэж санадаг
Ухаарлын тэнгэртэй аавдаа баярламаар
Удаан хүлээгээд аавыгаа ирээгүйд нь гомдмоороо
Гэлээ ч аавын минь харц
Хэрсүү сууж ухаан тэлэхэд минь
Одоо ч гэсэн сэтгэлд хэвээр
Орчлонгийн их зайнаас ширтэн харсаар л...
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх