Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: ...Гэхдээ л түүнийг ил тод хайрлаж үерхмээр байна
Сайн байна уу. Би 14 настай охин байна аа. Би нэг хүүхдэд сайн юм л даа. Манай доод анги гэр нь манайхтай ойрхон. Тэгээд энэ хавьдаа бид нар зургуулаа нийлдэг юм. Бид хоёр өнгөрсөн жилийн хавар чатаар танилцаж байсан юм. Тэр үедээ бид таарвал мэнд мэдээд л зөрдөг, бас чатладаг байсан.Тэр үед тэр хүүг надад сайн болчихсон гээд найзууд нь надад их ярьдаг байлаа. Тэгээд би нээх тоодоггүй л байсан. Харин энэ зун 8 сараас хойш би эндхийнхээ хүүхдүүдтэй нийлдэг болсон, түүнтэй ч бас.
Бид орой болгон уулзаж сагс тоглоод, саравчинд юм ярьж суугаад л их сайхан байдаг байсан. Бид нар энгийн сайхан нөхөрлөж байлаа. 9-р сараас л түүнд татагдаад байгаагаа мэдэрсэн. Нэг л өдөр уулзахгүй бол санаад ч байгаа юм шиг, үгүйлээд ч байгаа юм шиг. Намайг гарч уулзаж чадахгүй нь гэхэд тагтан доор ирчихсэн байдаг. Нэг сургууль болохоор хамт хичээлдээ яваад л..
Тэгээд нэг өдөр түүнд сайн гэдгээ хэллээ. Тэгсэн бид улам дотносоод л... Бараг үерхэх дээрээ тулав. Гэтэл аажим аажмаар хөндийрөөд байгааг анзаарсан. Би ч энэ талаар түүнтэй ярилцав. Тэгээд л тэр хоёулаа зүгээр найзууд байя гэсэн. Тэгээд л би зүгээр найз шиг нь хандах болсон. Тэгж явсаар 4 сар өнгөрчихөж. Би одоо болтол сэтгэлээ татаж чадахгүй л явна. Гэхдээ найзуудын харилцаа байгаа болохоор тийм ч хэцүү биш байна. Гэхдээ л түүнийг ил тод хайрлаж үерхмээр байна. Тэр одоо намайг өөрт нь сайн байхаа больсон гэж бодож байгаа. Түүнд ахиж сэтгэлээ илчилбэл яаж хүлээж авах бол?....Би яасан нь дээр вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Найзынхаа шийдвэрийг хүндлээрэй
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе.
Аливаа харилцаа нь харилцагч 2 талын ойлголцол, зөвшилцөл дээр тулгуурлан амжилттай явагддаг. Зөвхөн нэг талын хүсэл сонирхлоор биш хоёулаа ижил зүйл дээр төвлөрөх хэрэгтэй байдаг. Нөхөрлөл, үерхэл ч гэсэн харилцааны хэлбэрүүд юм. Зөвхөн 1 хүн нь найзлахыг хүсээд нөгөө хүн нь хүсэхгүй байвал яаж ч хичээгээд нөхөрлөж чадахгүй. Үерхэл дээр ч мөн адил 1 хүн нь хичнээн сайн байлаа гээд нөгөө хүн нь хүсэхгүй байвал удаан тогтнож чадахгүй билээ.
Тэр хөвгүүн чамайг найзын хувьд бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ч түүнээс өөр харилцааг зөвшөөрч чадаагүй учраас 9 сард тийм шийдвэр гаргасан байх боломжтой юм. Хэдий зөвхөн найз нь байхыг хүсэхгүй байгаа ч харилцаанд хоёр талд хоёулаа уг харилцаагаа зөвшөөрч байж амжилттай явагдана гэдгийг санаарай. Тийм учраас найзынхаа шийдвэрийг хүндлээрэй.
Мөн найзуудтайгаа хөгжилтэй байж нөхөрлөхийн зэрэгцээ хичээл сургуульдаа илүү анхаарал хандуулж, гэр бүл ойр дотныхондоо анхаарал тавих хэрэгтэй гэдгээ санаарай. Чамд амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Номин-Эрдэнэ
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх