Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас Дэлхийн ойн өдөр болгон тунхагласан. Энэ өдөр дэлхийн улс орнууд ой хамгаалах, модны төрөл зүйлийг нэмэх, бүх нийтийг мод тарьж, арчлахад уриалдаг. Энэ өдөр бид дэлхийн ойн сангийн эзлэх хувийг харуулсан товч мэдээллийг бэлтгэлээ.
Дэлхий дээр одоогоор гурван их наяд гаруй мод ургаж байна. Үүнээс дулаан бүсийн орнуудад нийт модны бараг тал хувь (1.3 их наяд), хойд туйлын бүсэд дөрөвний нэг (0.74 их наяд), сэрүүн бүсийн ой тавны нэгийг (0.66 их наяд) эзэлдэг.
Дэлхийн банкнаас гаргасан мэдээлэлд үндэслэн дэлхийн ойн талбайн нэг улсад эзлэх хувийг дор зурагт харуулав.
Том улс орнууд ойн талбай ихтэй байдаг ба ойн ихэнх хувийг эзэлдэг нь уг зургаас харагдаж байна.
Орос улс нь дэлхийн ой модны тавны нэгээс илүү хувийг эзэлдэг бөгөөд 8 сая км2 талбайг хамарсан ойн сан бүхий газар нутагтай. Харин Бразил 4 сая, Канад 3 сая км2 ойн сан бүхий газар нутагтай аж.
Бразил хүн амын тоогоороо дэлхийд зургаадугаарт жагсдаг. Тус улсын 60 гаруй хувийг ойн сан бүхий газар эзэлдэг. Ойн сан бүхий газрын дийлэнх хэсгийг нь Амазоны ширэнгэн ой бүрдүүлдэг. Гэвч сүүлийн таван жилийн хугацаанд Амазоны ой модыг ихээр устгасны улмаас 237,000 км2 талбайгаа алдсан байна. Үхрийн мах, шар буурцаг, какао зэрэг ашиг орлого ихтэй салбаруудын үйлдвэрлэл өргөжсөнөөр ой модыг их хэмжээгээр устгах болжээ.
Канад, АНУ тус бүр дэлхийн ойн 8 орчим хувийг эзэлдэг. Хоёр улс байгалийн мод, ургамал биологийн төрөл зүйлийг хамгаалахад чиглэсэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн системийг бий болгожээ.
Хятад улс дэлхийн ойн бүсийн 5,5 хувийг эзэлдэг. Ойн сан тогтмол буурч байгаа улс орнуудаас ялгаатай нь Хятад улс ойн талбайгаа хоёр жил хагасын хугацаанд 511,807 км2-аар нэмэгдүүлж чадсан. Тус улс 2050 он гэхэд нийт нутгийн 30 орчим хувийг ой модоор бүрхэх зорилт тавин ажиллаж байна.
Австрали, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАСАУ) тус бүр дэлхийн ойн сангийн 3 хувийг эзэлдэг. Конгогийн сав газар нь дэлхийн хоёр дахь том халуун орны ширэнгэн ойг бүрдүүлдэг байна.
Харин манай Монгол Улсын хувьд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж ойн санг 9 хувьд хүргэхээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа. Хэрвээ мод тарихыг хүсвэл “Shambala2056” болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д хандан өөрийн нэр дээр эсвэл хайртай дотнын хүмүүсийнхээ нэр дээр мод тариулах боломжтой байдгийг мөн дуулгая.
Эх сурвалж:visualcapitalist.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх