Өсвөр насныхны эзэмшвэл зохих чухал 15 ур чадвар


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-02-20

Хүүхдүүд өсөж том болж, биеэ даасан хувь хүн болох нь цаг хугацааны л асуудал. Өсвөр насандаа сурсан зүйлс нь том болоод ямар хүн болох, яаж амьдрах зэрэг амьдралын сорилт бэрхшээлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс өсвөр насныханд зориулан амьдралд хэрэг болох 15 чухал ур чадварыг танилцуулъя.  

enlightenedСанхүүгээ удирдах чадвар 

Өсвөр насны хүүхдүүд санхүүгийн мэдлэгтэй байж мөнгөө зөв удирдаж сурах нь хамгийн чухал. Мөн банкны данс нээх, АТМ ашиглах, онлайнаар мөнгө шилжүүлэх, хуримтлал үүсгэх, санхүүгээ хөтлөх талаар мэддэг байх ёстой. 

enlightenedХоол хийх чадвар 

Хоол хийхэд суралцах нь амьдралын үндсэн чадваруудын нэг. Тэр дундаа эрүүл зөв хоолны дэглэмтэй, шим тэжээлээр баялаг хоолыг хийж хэвших нь хэзээд хэрэгтэй. Хүнс цуглуулахдаа хүртэл шошго дээрх мэдээлэл, орц зэргийг хараад уншиж мэддэг байх нь аливаа эрсдэлээс сэргийлнэ. 

enlightenedХувцаслах мэдрэмж 

Өөрийн стиль имижээ тодорхойлж хаана, ямар хувцас өмсөх вэ гэдгээ мэдэж, сонгож чаддаг байх хэрэгтэй. Энэ нь өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлдэг. Мөн дан ганц мэдрэмжтэй хувцаслахаас илүүтэй хувцсаа цэвэрхэн өмсөх, индүүдэх, материалыг ялгаж сурах, хувцасныхаа шошгыг уншиж хэрхэн зөв угаах аргачлалыг ч мөн сурах хэрэгтэй. 

 enlightenedЦэвэр орчин, эрүүл мэнд, анхны тусламж 

Өөрийн амьдрах орчин, суралцах хэсгээ хэзээд цэвэрлэж хэвших  хэрэгтэй. Нэгэнт суусан эрүүл зөв дадал насан туршид таныг эрүүл, зөв амьдрахад чухал хөшүүрэг болдог юм шүү. Мөн та аливаа өвчин эмгэгийн талаар тодорхой мэдлэгтэй байж, яаралтай тусламжийн үед анхны тусламж үзүүлэх чадварт суралцаарай.  

enlightenedХарилцааны ур чадвар 

Нийгэмд маш олон төрлийн зан ааш, ёс суртахуунтай хүмүүс бий. Тэр дундаас найз нөхдөө сонгоно гэдэг хэцүү. Гэхдээ хэцүү гээд хойш нь суулгүй хүн бүртэй танилцаж, нөхөрлөөрэй. Хүмүүстэй танилцахаас гадна тэдний үзэл бодлыг хүндэтгэн, хичээл зүтгэлийг нь үнэлж, эрүүл зөв харилцааг бий  болгох нь чухал ур чадваруудын нэг юм. 

enlightenedЗохион байгуулах, зохицуулах ур чадвар 

Ямар нэг зүйлийг хийхдээ эмх цэгцтэй, зохион байгуулалтай байх хэрэгтэй. Өөрт тулгарч буй асуудал, ажил үүрэг, өдөр тутмын зуршлуудаа хүртэл зохицуулж сурах нь цаг хугацаанд ч хэмнэлттэй.  

enlightenedЗан төлөв, хүмүүжлийн ур чадвар 

Өсвөр насны хүүхдүүд зөв төлөвшил, шударга зан чанар, хүмүүжлийг өөртөө суулгах нь чухал. Алдаагаа хүлээн зөвшөөрч, хийсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж сурах нь хувь хүний зан төлөвийг шууд илэрхийлнэ. Мөн “Уучлаарай”, “Баярлалаа” гэх үгийг харамгүй хэлж сураарай. 

enlightenedАюулгүй байх ур чадвар 

Хамгийн эхэнд 108, гал команд, эмч, цагдаагийн дугаарыг мэддэг байх хэрэгтэй. Танихгүй хүнтэй хамт явах, шөнө оройн цагаар ганцаараа явах, чихэвч сонссон үедээ орчны чимээгээ сонсож байхаар тохируулах, зам гарахдаа гарцаар гарах зэрэг өдөр тутамд хийдэг үйлдэлдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Аюул хаана ч байж болно. Гадуур явж байгаа үедээ хаана, хэнтэй явж байгаа гэдгээ дотны хүмүүстээ байнга хэлж, мэдээлж сураарай. 

enlightenedСэтгэл хөдлөлөө даван туулах ур чадвар 

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санаа нь гэнэт л тогтвортой бус болж, ойр тойронд байгаа хэн ч чамайг ойлгохгүй байгаа юм шиг санагдах, маш олон асуудлууд зөвхөн чамайг л чиглээд байгаа юм шиг мэдрэмж төрснөөс үүдэн хэт эмзэг болдог. Асуудлыг даван туулахдаа бусадтай ярилцаж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь чухал. 

Заримдаа стрессээс үүссэн бухимдлаа тэсвэрлэх, удирдаж сурах хэрэгтэй. Удирдаж сурахын тулд өөрийгөө өөр зүйлд төвлөрүүлэх нь илүү үр дүнтэй. Жишээ нь, бясалгал хийх, дасгал хийх, хөгжим сонсох, эсвэл зүгээр л хэн нэгэнтэй ярилцах гэх мэт олон янзаар сэтгэл хөдлөлөө зохицуулж болно.  

enlightenedАсуудлыг шийдвэрлэх ур чадвар 

Өсвөр насан дээрээ байна гэдэг нь чи удахгүй биеэ даасан том хүн болно гэдгийн дохио. Том болох тусам олон асуудал чамд тулгарч, аав ээжийн дэмжлэггүйгээр ганцаараа шийдэх хэрэгтэй болно. Асуудлыг аль болох олон талаас нь харж, ирээдүйд үүсэх үр дагавруудыг урьдаас тооцоолж сурах хэрэгтэй. 

enlightenedСурч мэдэх ур чадвар 

Техник технологийн эрин үе 21-р зуунд сурч мэдэх хүсэлтэй хүн бүрд боломж бий. Юу сурмаар байна, юуг илүү сонирхож байна, ямар зүйлийг илүү дэлгэрүүлэн уншиж судалмаар байна гээд хайсан бүх зүйлээ интернэтээс мэдэх боломжтой. Дан ганц интернэтээс биш амьдарч буй нөхцөлөөсөө ч амьдралын талаар сурч мэдэх хэрэгтэй.  

enlightenedЗорилгоо тодорхойлох, тууштай байх ур чадвар 

Хүн бүрд өмнөө тавьсан зорилго бий. Гэвч тэдний ихэнх нь тавьсан зорилгоосоо шантран бууж өгдөг. Гэхдээ бууж өгөлгүйгээр тууштай байн, зорилгодоо хүрэх нь хамгийн чухал, үнэлэгдэхүйц чадваруудын нэг юм. 

enlightenedЦаг төлөвлөх  чадвар 

Заримдаа төлөвлөсөн ажил чинь амжихгүй хоногийн 24 цаг ч бага мэт санагддаг уу? Хоногийн 24 цагийг нэмэх боломжгүй ч төлөвлөсөн ажлаа өдөрт нь багтаах хамгийн сайн арга бол цагийн менежмент. Цаг сайн төлөвлөж сурах нь богино хугацаанд олон зүйлийг бүтээх үр дүнтэй.  

enlightenedАжлын байрны ур чадвар 

Одоо үед мэргэжил, ур чадвараас гадна хувь хүний зан төлөвшил, харилцаа, суурь хүмүүжлийг харж ажилд авч байгааг анзаарсан уу? Ирээдүйд чадварлаг ажилтан болохын тулд хэд хэдэн ур чадварыг өөртөө суулгах хэрэгтэй. Үүнд: 

  • Багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээ 
  • Шүүмжлэх, шүүмж хүлээн авах сэтгэлгээ 
  • Ажлын ёс зүй, шударга байдал 
  • Дасан зохицох 
  • Асуудлыг шийдвэрлэх 
  • Техник технологийн мэдлэг, хэрэгцээ 
  • Алдаагаа хүлээн зөвшөөрөх 

enlightenedИлтгэх ур чадвар 

Илтгэх ур чадвар нь өсвөр үеийнхэнд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, харилцааны чадварыг сайжруулах, сурлагын амжилтад нөлөөлөхүйц чухал чадварын нэг юм. Илтгэл гэж хэт томоор бодож, айж сандрах огтхон ч хэрэггүй. Өөрийгөө бусдад танилцуулах  хүртэл илтгэлийн нэг төрөл шүү дээ. Бусдын өмнө ярихаас ичиж, санаа зовж байгаа бол толь руу харж өөрөө өөртэйгөө яриад үзээрэй. Дараа нь ээж, аавдаа, найзууддаа, ангийнхандаа, бүлэг хүмүүст гээд хүрээллээ тэлэхэд болно.  

#нийтлэл