ОЮУТНЫ "УНИВЕРСИАД" НААДАМ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЭЛНЭ


YOLO.mn | YOLO.MN
2024-02-15

Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.5, 17.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын хорооны даргын (ЗГТА-БТСУХ) 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Монголын оюутны спортын Универсиад VI наадмыг 2024 оны дөрөвдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. 

Уг наадмын зорилго нь оюутны бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, тэдний дунд спортыг хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, оюутны тив, дэлхийн тэмцээн, дэлхийн оюутны “Универсиад” наадамд өрсөлдөх тамирчдыг сонгон шалгаруулахад оршиж байна. 

Наадмыг улсын хэмжээнд Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо (ОНБТСҮХ) Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) ЗГТА-БТСУХ, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Монголын оюутны холбоо, их, дээд сургууль (ИДС), спортын холбоод удирдан зохион байгуулж, Засгийн газраас холбогдох зардал төсөв нь гарах юм. 

Наадам хоёр үе шаттай явагдах ба анхан шатны тэмцээнийг нэгдсэн зааварт тусгагдсан спортын төрлүүдээр ИДС-ийн захиргаа, биеийн тамирын тэнхим, спорт клуб, оюутны холбоо хамтран 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 04 сарын 1-нд зохион байгуулна. 

Наадмыг Монгол Улсын бүх хэвшлийн их, дээд сургууль, коллеж, салбар сургуулиуд болон бүрэлдэхүүн сургуулиудын оюутны дунд нэгдсэн зааврын дагуу волейбол, гандбол, жүдо, сагсан бөмбөг 5х5, таеквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннис зэрэг зуны спортын 10 төрлөөр зохион байгуулна. 

Анхан шатны тэмцээнээс шалгарсан баг тамирчдын дунд 2024 оны дөрөвдүгээр сарын 15-26-нд Улаанбаатар хотноо шигшээ наадмыг нэгдсэн шугамаар явуулна. 

Наадамд ИДС-ийн (өмчийн хэлбэр харгалзахгүй) өдрийн ангид суралцдаг, дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй 1999 оны нэгдүгээр сарын 1-нээс 2006 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн 18-25 насны оюутан, Монгол Улсын иргэн оролцох ба оролцогч оюутан нь тухайн ИДС-д нэгээс доошгүй хичээлийн улиралд суралцсан байх ёстой ажээ. Мөн наадамд нэг тамирчин нэг спортын төрөлд оролцох боломжтой юм. 

Спортын төрлийн зай, жин тус бүрт медальт байрт шалгарсан баг, тамирчид, байгууллагын дүнгээр эхний гурван байрт шалгарсан дасгалжуулагчдыг наадмын медаль, өргөмжлөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 тогтоолоор батлагдсан “Үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу алтан медальт тамирчинд 400 мянган төгрөг, мөнгөн медальд 300 мянган төгрөг, хүрэл медальт тамирчдыг 200 мянган төгрөгөөр шагнах юм. 

Харин нэгдсэн дүнгээр эхний 6 байр эзэлсэн их, дээд сургуулиудыг бага онооны журмаар дүгнэн 6-1 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг олгоно. 

Наадмын ерөнхий удирдлагаар ОНБТСҮХ, БШУЯ, ЗГТА-БТСУХ ханган, наадмын нэгдсэн зааврын дагуу хэрэгжүүлэх, зохион байгуулах чиг үүргийг Олон улсын оюутны спортын холбооны гишүүн МОСХ бүрэн хариуцан явуулна. 

Энэхүү оюутны спортын Универсиад наадам нь 2005, 2009, 2013, 2017 онуудад дөрвөн жил тутамд нэг удаа болж байсан бол 2018 оны Засгийн газрын 183 дугаар тогтоолын дагуу 2020 оноос эхлэн хоёр жил тутамд явагдахаар шийдвэрлэгдсэн юм. 

Харин 2020 онд эхлүүлсэн Монголын оюутны спортын Универсиад V наадам нь Ковидын цар тахлын улмаас хойшлогдон 2022 онд бүрэн зохион байгуулагдаж дуусаж байсан. Ийнхүү хоёр жил тутамд явагдах болсон Оюутны спортын наадам нь 2024 оны 04 дүгэр сарын 15-ны өдрийн 15:00 цагт Спортын төв ордонд нээлтээ хийн, 11 хоногийн туршид Улаанбаатар хотын спортын 11 заал, танхим, ордонд явагдан, 700 орчим багц медалийн эзэд тодрон, шилдэг спортын үйл ажиллагаатай ИДС-иуд нь шалгарах болно.Дашрамд дурдахад, 2022 оны наадамд 33 их, дээд сургуулийн 1800 орчим оюутан тамирчид оролцож, МУИС-ийн баг тамирчид тэргүүн байрыг эзэлж байв. 

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО 

#мэдээ