Марк Зукерберг цахим сүлжээнээс болж хохирсон хүүхдүүдийн гэр бүлээс уучлалт гуй


А.Номин | YOLO.MN
2024-02-03
Зургийн эх сурвалж: BBC

"Meta" компанийн захирал Марк Зукерберг АНУ-ын Сенатын сонсголын үеэр цахим сүлжээнээс болж хохирсон хүүхдүүдийн гэр бүлээс уучлалт гуйжээ. 

Тодруулбал тус сонсголд Зукерберг болон “TikTok”, “Snap”, “X”, “Discord” платформын удирдагчдыг оролцуулсан бөгөөд дөрвөн цагийн турш мэдүүлэг авсан аж.

Хууль тогтоогчид тэднээс “Хүүхдүүдийг цахим орчинд хамгаалахын тулд юу хийж байгаа”-г нь тодруулах зорилготой уг сонсголыг хийсэн байна.

Зукерберг болон “TikTok”-ын захирал сайн дураараа мэдүүлэг өгч буй бол “Snap”, “X” (хуучнаар Твиттер) болон “Discord”-ын захирлууд эхэндээ татгалзсан. Улмаар Засгийн газраас зарлан дуудах хуудас илгээснээр мэдүүлэг өгч байгаа юм.

Уг сонсголд цахим сүлжээнд нийтлэгдсэн контентоос болоод амиа егүүтгэсэн, өөрсдийгөө гэмтээсэн хүүхдүүдийн гэр бүлийнхэн оролцжээ.

Марк Зукерберг мэдүүлгийн үеэр босож, хүүхдүүдийн гэр бүлийнхнээс уучлалт гуйсан юм. "Та бүгдийн туулсан бүх зүйлд уучлалт гуйж байна. Үүнийг хэн ч туулах ёсгүй" гэсэн байна. 

Мөн сонсголын үеэр "Meta" компани өсвөр насныханд аюулгүй цахим орчныг бий болгохын тулд 30 гаруй тохиргоо хийснээ мэдэгджээ. 

Хэдийгээр сонсголын гол сэдэв нь цахим орчин дахь хүүхэд хамгаалал байсан ч хууль тогтоогчид технологийн салбарын тэргүүлэгчид нэг дор цуглан мэдүүлэг өгч буй энэ боломжийг алдахыг хүссэнгүй.

Тодруулбал “TikTok”-ын захирал Шоу Зи Чьюгээс түүний компани АНУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын засгийн газартай хуваалцдаг эсэхийг асуухад тэрбээр үгүйсгэжээ.

Эх сурвалж: ВВС

#мэдээ