“Олон Улсын Өсвөрийн Энтрепренеруудийн Уралдаан 2024”-ийн бүртгэл эхэллээ


О.Батхишиг | YOLO.MN
2024-01-30

Хүүхдийг Ивээх Сан, “Хөгжлийн шийдэл” ТББ, Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн Газар хамтран  Олон улсын өсвөрийн энтрепренеруудийн уралдааныг 2017 оноос Монгол Улсад зохион байгуулж, улсаа төлөөлөх баг бэлтгээд буй. Энэ уралдааныг Японы “Center for Entrepreneurship Development” төвөөс олон улсын түвшинд зохион байгуулдаг ба өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой юм. 

Энэ жил GYEC уралдааныг Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн дунд ахлах ангийн бүх сурагчдын дунд монгол, англи хэлний сонголттой зохион байгуулагдах гэж байна. 

Хэн оролцох боломжтой вэ? 

  • 14-19 насны дунд, ахлах ангийн сурагчид
  • Баг бүр 3-8 хүртэлх гишүүнтэй байна

Хэрхэн оролцох вэ? 

  • Уур амьсгалын өөрчлөлт ба хиймэл оюун ухаан сэдэвт бизнес санаагаа танилцуулсан 1 минутын видеог улсын тэмцээнд оролцох бол монгол хэлээр, олон улсын тэмцээнд оролцох бол англи хэл дээр бэлтгэн,  видеогоо youtube платформ дээр хэн ч үзэж болох тохиргоотойгоор байршуулна. Видеоны бүтэц 1) асуудал 2) шийдэл 3) санаагаа хэрхэн олсон талаар тайлбарлах 
  • Багийн мэдээлэл болон видеоны линкээ доорх Google form-г бөглөн бүртгүүлнэ. 

Уралдааны үе шат: 

Өсвөрийн Энтрепренеруудийн уралдаан үндэсний хэмжээнд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. 

Уралдааны I шат: Эхний шат 2 дугаар сарын 25-ны 23:00 цагт хаагдана. Эхний шатанд оролцох багууд өөрсдийн сонгосон хэл дээр бэлтгэсэн видеоны линк бүхий мэдээллээ Google form  https://forms.gle/6uyQESisgeexwiUG9 -г бөглөн ирүүлнэ. 

I шатны шалгаруулалтад  (AI буюу хиймэл оюун ухаан ашиглаж болох ч шууд хуулбарлахыг хориглоно, Зохиогчийн эрх зөрчих, бусдын санааг хуулбарлахыг хориглоно) 

  • Багуудын санаа, түүний шинэлэг байдал 
  • Асуудлыг олж харах чадвар, 
  • Шийдлийн оновчтой байдал гэсэн үзүүлэлтээр шалгаруулна

Эхний шатанд шалгарсан багууд энтрепренершип ур чадвар олгох монгол хэл дээр явагдах сургалтад үнэ төлбөргүй хамрагдан Улсын тэмцээнд өрсөлдөнө. 

II шат: Эхний шатнаас шалгарсан багийн оролцогчид 4 удаагийн цахим болон биечилсэн сургалтад хамрагдана. Сургалтууд хичээлийн бус цагаар буюу Бямба гарагт зохион байгуулагдана. 

 II-р шатны Улсын тэмцээн, Олон улсын тэмцээний зарчмаар явагдана. Тэмцээний үеэр багууд өгөгдсөн сэдвийн дагуу нэг өдрийн дотор бизнес санаагаа боловсруулж, бизнес төлөвлөгөө бичин, түүнийхээ дагуу бүтээгдэхүүний 3D загвар гарган өрсөлдөнө. 

Монгол хэл дээрх Уралдааны II шат 

4 дүгээр сарын 6-ны өглөө 08.00 цагаас цахимаар эхэлж 10 цаг үргэлжилнэ. Багууд өгөгдсөн сэдэв/даалгаврын дагуу доорх зүйлүүдийг боловсруулж 21.00 цагт өгөгдсөн и-мэйл хаягаар ирүүлнэ. 

  • 1 минутын видео танилцуулга, үүнд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ 3D прототайп /биет жишээ макет эсвэл дижитал хэлбэрээр харуулах/. Бэлэн зураг, график, бичлэг ашиглахыг хориглоно. 
  • 2 нүүр бизнес төлөвлөгөө. 

Шүүгчид видео, бизнес плантай танилцаж, 4-р сарын 20-ны дотор Монгол хэл дээрх тэмцээний ялагчдыг тодруулна. 

Монгол хэл дээрх улсын тэмцээнд шалгарсан баг өргөмжлөл, багийн гишүүн тус бүр сертификат гардан авна. 

Англи хэл дээрх Уралдааны II шат 

4 дүгээр сарын 06-ны өглөө танхимаар Улаанбаатар хотын Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд 07.00 цагаас эхэлж шүүгчдийн үнэлгээний цагтай нийлэн нийт 12 цаг үргэлжилнэ. Багууд өгөгдсөн сэдэв/даалгаврын дагуу доорх зүйлүүдийг боловсруулж 17.00 цагт илгээн шүүгчдийн өмнө Питч танилцуулга хийнэ: 

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ 3D прототайп /биет жишээ макет эсвэл дижитал хэлбэрээр харуулах/
  • 1 минутын видео танилцуулга – бэлэн зураг, график, бичлэг ашиглахыг хориглоно. 
  • 2 нүүр бизнес төлөвлөгөө боловсруулна 

Орон нутгаас оролцож буй багууд цахимаар холбогдож шүүгчдийн өмнө шууд Питч танилцуулга хийнэ. 

Шүүгчдийн дүн тухайн өдрөө гарч, шалгарсан гурван баг “Global Youth Entrepreneurship Challenge –” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрх авна. 

III шат: Олон улсын уралдаанд шалгарсан 3 баг мэдүүлгээ өгч, 5 дугаар сарын 25-ны өдөр Олон улсын уралдаанд цахимаар оролцоно. 

Чухал огноо

  • 2-р сарын 25  Багууд материалаа ирүүлэх сүүлчийн өдөр
  • 3-р сарын 06  I шатны шалгаруулалтын дүн зарлана 
  • 3-р сарын 9,16,23,30-нд цахим сургалт  
  • 4-р сарын 06  Үндэсний тэмцээн (Англи хэл, Монгол хэл дээрх тэмцээн) 
  • 4-р сарын 12  Шалгарсан багууд олон улсын тэмцээнд бүртгүүлэх өдөр 
  • 5-р сарын 25  Олон улсын тэмцээн 

Олон улсын тэмцээнд оролцсон багуудын жишээ видео 

Өмнөх оролцогчдын сэтгэгдлээс: 

  • Орчин үеийн мэдлэг ур чадварт суралцсандаа баяртай байна 
  • Өөрт байсан санаагаа баяжуулах арга барилд суралцлаа 
  • Туршлагатай багш нараас бодит амьдрал дээрх жишээнүүд сонсох нь сонирхолтой байлаа 
  • Бусад сургуулиас өрсөлдөж буй үе тэнгийнхнээсээ сурах зүйл их байгааг ойлгож хурцлагдлаа 
  • Багаар ажиллах чадварыг минь нэмэгдүүллээ 
  • Өөрийгөө дайчилж хөгжүүлэх урам зориг өглөө 
  • Ирээдүйд минь хэрэг болохоор сургалт шиг санагдав. 

Сонирхож буй багууд I шатны сонгон шалгаруулалтад 2 дугаар сарын 25-ний 23:00 цагаас өмнө google form https://forms.gle/6uyQESisgeexwiUG9 бөглөн бүртгүүлнэ.  Багууд видеогоо монгол хэлээр илгээвэл зөвхөн үндэсний тэмцээнд, англи хэлээр илгээн шалгарвал олон улсын тэмцээнд өрсөлдөх боломжтой болно. 

Эх сурвалж: Save the Children

 

 

#мэдээ