"Би ОНЦ СУРДАГ болохоор тэд надад МУУХАЙ ХАНДДАГ юм шиг САНАГДДАГ"


ССҮТөв | YOLO.MN
2017-01-19

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ангийн хүүхдүүд надад атаархдаг юм шиг санагддаг

Тэгээд би олон удаа уйлж, гомдож, шилжмээр санагддаг. Би яг яах ёстой вэ?

Сайн байна уу? Би 9-р ангийн сурагч байна. Би бага ангиасаа л онц сурсан. 6-р ангиасаа бүх дүн минь А гардаг. Мөн дандаа олимпиад уралдаан тэмцээнд орж амжилт гаргадаг.Тийм учраас багш нар минь надад илүү сайн.

Гэвч ангийн хүүхдүүд надад атаархдаг юм шиг санагддаг. Бас надад дургүй. Надаас дүнг минь байнга асууж, өөрсдийнхөө шалгалтын цаасыг минийхтэй харьцуулдаг.Тэгээд л надтай барьцаж багш нарт уурладаг. Намайг тэргүүний сурагч болж өвлийн өвгөнөөс бэлэг авахад хэн ч баяр хүргээгүй. Намайг тэдний ангийн хүүхэд биш юм шиг л ханддаг. Тэгээд би олон удаа уйлж, гомдож, шилжмээр санагддаг. Би яг яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Ангийнхнаасаа энэ зан чанарыг хүлээхийн оронд найзуудтай болох гэж хичээгээрэй

Хичээлээ сайн хийх, шагнал авах, амжилттай байх сайхан ч гэсэн амжилтаа хуваалцах хүнтэй байна гэдэг аз жаргал мэдрүүлдэг юм шүү.

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Бүх хүн чиний бодсон шиг чамд хандаж, төсөөлж байгаа шиг үйлдэл гаргахгүй гэдгийг юуны өмнө ойлгоорой. Чиний гаргасан амжилтанд чинь баярлаж өөртэй чинь адил баяртай байж хүн бүхэн чадахгүй. Ховор байдаг зан чанар ч гэсэн хүний жинхэнэ  найз тэр хүний өмнөөс чин сэтгэлээсээ баяртай байж чаддаг.

Тиймээс ангийнхнаасаа энэ зан чанарыг хүлээхийн оронд найзуудтай болох гэж хичээгээрэй. Хичээлээ сайн хийх, шагнал авах, амжилттай байх сайхан ч гэсэн амжилтаа хуваалцах хүнтэй байна гэдэг аз жаргал мэдрүүлдэг юм шүү. Чиний энэ сайхан талуудыг харж дотроо хүндэтгэж байгаа тийм л найзаа олохыг зориорой. Чамд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.  

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Номин-Эрдэнэ

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Teenagers #Friends #School