Төрөхдөө хагацаж, өөр айлд өссөн ихрүүд “Тикток”-оор дамжуулан нэгнээ олжээ


А.Номин | YOLO.MN
2024-01-27

Эми, Ано нар ихэр боловч тэднийг дөнгөж төрөхөд нь хулгайлж, өөр өөр гэр бүлд зарсан байна. Харин 19 жилийн дараа өөрсдийгөө ихэр гэдгийг телевизийн нэвтрүүлэг болон “Тикток” аппликэйшний тусламжтай олж мэдсэн аж.

Гүрж улсад дөнгөж төрсөн хүүхдүүдийг хулгайлж, өөр гэр бүлд зарах хэрэг их гарч байсан үеийн хохирогчид бол Эми болон Ано нар юм.

Эми 12 настайдаа “Авьяаслаг Гүржүүд” шоу нэвтрүүлгээр өөртэй нь яг адилхан охин оролцож буйг анх олж харсан гэв. “Хамаатнууд нь ээж рүү нь залгаад “Яагаад Эми өөр нэрээр тэмцээнд орж байгаа юм бэ?” хэмээн асууж байжээ.

Харин тухайн үед ээж нь “Хоорондоо адилхан хүмүүс байж л байдаг” гэсэн байна. Долоон жилийн дараа Эми Тикток платформд пийрсинг хийлгэж буй бичлэгээ байршуулсан бөгөөд түүнийг нь Ано олж харсан аж.

Ано цахим сүлжээнд бичлэгт харсан охиныг хайж буйгаа нийтэлснээр хоорондоо уулзсан байна. Тэдний гадаад төрх адилхан байснаас гадна нэг эмнэлэгт төрснөө мэджээ. Гэхдээ тэдний гэрчилгээнд төрсөн өдөр нь хэдэн долоо хоногийн зайтай байсан тул ихэр байтугай, эгч дүүс ч гэж бодоогүй гэв.

Энэ талаараа охид өөр өөрийн гэр бүлийнхэнд хэлснээр эцэг эх нь тэднийг өргөж авсан тухай мэджээ. Охидыг хулгайлсан этгээд хүүхэд төрүүлэх боломжгүй гэр бүлүүдийг онилж, тэднийг өргүүлсэн байна.

Аль ч гэр бүл охидыг өргөж авахын тулд хэр хэмжээний мөнгө төлсөн талаараа мэдэгдэхийг хүсээгүй хэмээн ВВС мэдээлсэн юм.

Эх сурвалж: ВВС

#мэдээ