Видео тоглоом тоглодог хүмүүст чих шуугих эмгэг элбэг тохиолдож байгааг тогтоожээ


А.Номин | YOLO.MN
2024-01-17

Дэлхий даяар чөлөөт цагаа өнгөрөөх нийтлэг нэг хэлбэр нь видео тоглоом байна. Гэхдээ видео тоглоом тоглож буй хүмүүсийн сонсгол муудах, чих нь шуугих тохиолдол элбэг байгааг судалгаагаар тогтоожээ.

54 мянга орчим насанд хүрэгч болон хүүхдээс 14 төрөл зүйлийн судалгааг авсан аж. Ингэхэд, хүмүүс тоглоомын дуугаа хэвийнд тооцогдох дууны хэмжээнээс хэтрүүлэн сонсдогийг тогтоосон байна.

Түүнчлэн тогтмол тоглодог хүмүүс хааяа тоглодог хүмүүстэй харьцуулахад чих нь шуугих эмгэг илүү түгээмэл байжээ. Чих шуугих эмгэг нь жирийн хүмүүсийн 10-25 хувьд илэрдэг.

Видео тоглоом тоглодог хүмүүсийн дийлэнх нь чихэвчээр дуугаа сонсдог бөгөөд энэ нь дуу чимээг чихэндээ илүү ойртуулж, эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар нэг тэрбум гаруй залуус сонсголын буруу дадал зуршилтайн улмаас сонсголын бэрхшээлтэй болох өндөр эрсдэлтэй байна. Тэгвэл ямар хэмжээ хэвийнд тооцогдох вэ?

Олон улсын цахилгаан холбооны нэгдлээс ДЭМБ-тай хамтран гаргасан дууны хэвийн хэмжээ нь 80 децибел байна. Яг энэ хэмжээгээр долоо хоногт 40-өөс дээшгүй цаг сонсох нь хэвийн гэж тодорхойлжээ.

Уг хэмжээнээс хэтрүүлэн сонсох бол долоо хоногт дуу сонсох цагаа багасгах нь зүйтэй аж. Тухайлбал 3 децибел тутамд сонсох цагаа хоёр дахин багасгах нь зүйтэй. Жишээ нь 83 децибелээр сонсож буй бол долоо хоногт 40 биш, 20 цаг сонсох нь сонсголоо хамгаалах нэг арга юм. Харин хүүхдүүд 75 децибелээс хэтрүүлэхгүй байх нь зүйтэй.  

Сүүлийн үеийн ухаалаг утаснууд ямар хэмжээний дуу сонсож байгааг тань хэмжих боломжтой болсон тул гар утсаараа сонсож буй дууныхаа хэмжээг хянаж болно. Хэрэв дууг децибелээр хэмжих боломжгүй бол дууны хэмжээг 60 хувиас дээшлүүлэхгүй байх нь зүйтэй гэжээ.

Эх сурвалж: CNN

#мэдээ