Савласан усанд нано хуванцар агуулагдаж болох талаар эрдэмтэд эртнээс таамаглаж байсан ч нано ширхэглэг бүрийг тусад нь илрүүлэх технологи дутагдалтай байжээ
Ердийн нэг литрийн савлагаатай усанд дунджаар 240 мянга гаруй жижиг хуванцрын хэсгүүд агуулагдаж байдгийг шинэ судалгаагаар тогтоожээ. Энэ нь өмнөх тооцооллоос даруй 100 дахин их тоо болж байна.
АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн гаргадаг “Proceedings” сэтгүүлд хэвлэгдсэн тэрхүү судалгаа нь савтай усан дахь "нано хуванцар"-ын агууламжийг үнэлсэн анхны судалгаа болсон байна. Уртаараа нэг микрометрээс бага буюу хүний ширхэг үсний өргөнийг 17 хуваасны нэгтэй тэнцэхүйц хэмжээтэй хуванцрын хэлтэрхийг нано хуванцар гэж нэрлэдэг.
Хүний эсүүд, цусны судас руу нэвтэрч, эд эрхтэнд нөлөөлж болохуйц өчүүхэн хэмжээтэй учраас нано хуванцрын эрүүл мэндэд учруулах эрсдэл нь бичил хуванцрынхаас илүү байдаг байна. Мөн эхэст нэвтэрч, ургийн биед орох боломжтойг ч тогтоосон аж.
Савласан усанд нано хуванцар агуулагдаж болох талаар эрдэмтэд эртнээс таамаглаж байсан ч нано ширхэглэг бүрийг тусад нь илрүүлэх технологи дутагдалтай байсан юм. Энэхүү сорилтыг давахын тулд дээрх судалгааг явуулсан эрдэмтэд микроскопын шинэ технологи хөгжүүлж, датад суурилсан алгоритм программчилсан байна. Эдгээрийг ашиглан тэд АНУ-ын алдартай гурван брэндийн нийт 25 литр цэвэр усанд шинжилгээ хийхэд литр бүрээс 110 мянгаас 370 мянган жижиг хуванцрын хэсэг илэрсэн бөгөөд тэдгээрийн 90 гаруй хувь нь нано хуванцар байжээ.
Дээрх мэдээлэл гарсны дараа Олон улсын савласан ус үйлдвэрлэгчдийн холбооноос мэдэгдэл гаргаж, судалгааны аргачлалд "Шинжлэх ухааны нийгэмлэгүүд бүрэн шалгалт хийх шаардлагатай"-г тодотгосон байна. Мөн нано болон бичил хуванцрын ширхэглэгийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар шинжлэх ухааны эцсийн дүгнэлт байхгүйг онцолжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх