Хөгжлийн ялгаатай сурагчид мэргэжил сургалтын төвтэй танилцлаа


YOLO.mn | YOLO.MN
2024-01-10

Ерөнхий боловсролын ахлах ангийн хөгжлийн ялгаатай сурагчдын мэргэжил сонголтод тус дөхөм, чиг баримжаа олгох зорилгоор Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв ТББ (БЗМТ ТББ)-с Канадын ЭСЯам, Канад сангийн дэмжлэгээр нийслэлийн 29-р сургуулийн сурагчдад зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрөөр тус сургуулийн 8 багш, 100 сонсголын бэрхшээлтэй 100 сурагч Америк дохионы хэлний хичээл, хувь хүний хөгжил, мэргэжил сонголтын хичээл, хөтөлбөрүүдэд хамрагдлаа. Ингэснээр сурагчид өөрийгөө танин мэдэх, өөрийн зан чанараа тодорхойлох, өөрийн санаа бодлоо илэрхийлэх чадвартай болох, Америк дохионы хэлээр чөлөөтэй харилцдаг болох, ирээдүйн мэргэжлийн талаар мэдлэгтэй болох юм.  

Уг хөтөлбөрийн хүрээнд “Монгол-Солонгосын Политехник Коллеж”-ийн үйл ажиллагаа, хөтөлбөрүүдтэй 29-р сургуулийн сурагч, багш нар танилцлаа. Сурагчид коллежийн хичээлийн байр, анги танхим, сургалтын материал болон багш, сурагчидтай танилцаж мөн 29-р сургуулийн сэтгэл зүйч, дохионы хэлний хэлмэрч багшийн тусламжтайгаар багш нараас асуулт асууж сургуулийн талаар мэдээлэл авцгаав.

Тус коллежийн сургалтын менежер Одмаа багш дохионы хэлмэрч багштай хамтран 29-р сургуулийн сурагч хүүхдүүдэд коллежид элсэн суралцах боломжийн талаар болон коллежид элсэн суралцах давуу талуудын талаар мэдээлэл өгч, чөлөөт яриа өрнүүлэв. 

Энэхүү коллежид хөгжлийн ялгаатай сурагчид суралцахад тохиромжтой Компьютер, График дизайн, Сүлжмэлийн үйлдвэрийн технологийн техникч, Инженерийн байгууламжийн технологийн техникч, Хувцасны загвар зохион бүтээгч зэрэг хөтөлбөрийг сурагчдад санал болгож байлаа. Тус коллеж нь 9-р ангиас эхлэн Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөртөө элсэлт авч эхэлдэг бөгөөд ахлах ангийн сурагчид дотуур байранд үнэ төлбөргүй амьдрах боломжтойгоос гадна сар бүр стипенд авдаг байна.  

Энэ мэтчилэн хөгжлийн ялгаатай сурагчдад тохирсон мэргэжил, хөтөлбөрүүдийг сургуультай танилцах аяллыг зохион байгуулах нь сурагчдад илүү өргөн мэдээлэл, туршлага, суралцах эрмэлзлэлийг дэмжих ач холбогдолтой юм.   

 

 





#мэдээ