Оюутан сурагчдын өвлийн амралт хэдийн эхэлжээ. Амралтаараа төлөвлөсөн зүйлгүй өдрийг унтаж, утсаа оролдон хийцгүй өнгөрүүлж байгаа юм биш биз. Эсвэл амралтаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ хэмээн тээнэгэлзэж суугаа бол танд энэхүү нийтлэлийг зориулж байна. Дараах санаануудаас ишлэн энэ амралтаа бүтээмж дүүрэн өнгөрүүлээрэй.
Салхинд гарч, чаргаар гулгах
Хөхөлдсөн саарал мананд дөрвөн хананы дунд хийцгүйрч суухын оронд агаар салхинд гарч, цана чаргаар гулган цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Долоо хоногтоо нэгээс хоёр удаа агаарлаж байвал таны эрүүл мэнд, амьдралын хэмнэлд тань эерэг өөрчлөлтийг гарцаагүй авчирна.
Ном уншиж, мэдлэгээ тэлэх
Мэдээж амралтыг төвлөрөн унших ном сонингүйгээр төсөөлшгүй. Харин ном уншия гэвч яг ямар төрлийн ном сонгон авахаа мэдэхгүй бол бид дараах номуудыг санал болгож байна.
Энд дарж үзнэ үү.
Хөгжмийн зэмсгээр дамжуулж мэдрэмжээ хөглөх
Та хорвоо ертөнцийг дуу хөгжимгүйгээр төсөөлөөд үздээ. Хэчнээн уйтгартай байх бол. Хөгжмийн ая аялгуу бидний амьдралд онцгой гэрэл асааж, хөвөлзөн нисэж буй таашаалыг мэдрүүлдэг. Тиймээс та энэ амралтаараа гитар, даралтад хөгжим, үкүлэлэ зэрэг хөгжмийг юутүб багшийн тусламжтайгаар сурч болох юм.
Нэхмэл нэхэж тайвшрах
Ижил давтамжаар нэгэн хэвийн хөдөлгөөн хийх нь тархийг дээд зэргээр тайвшруулан нэг зүйлд анхаарлаа бүрэн чиглүүлж төвлөрч суухад тусалдаг. Тиймээс стрессээ тайлах шалгарсан аргыг шинэ зүйл сурахтай холбон хэрэгтэй зүйлээ нэхээрэй.
Номын санд цагийг өнгөрөөх
Хичээл сургууль амарсан атал юун номын санд суух вэ гэж бага зэрэг гайхаж магад. Аа гэхдээ хичээл амарсан ч таны мэдлэгээ тэлэх эрэл тань үргэлжилсээр л байна шүү дээ. Тиймээс бага зэрэг хоцрогдолтой хичээлээ, сайжруулахыг хүсэж буй хэлээ, сонирхсон чиглэлээ гүнзгийрүүлэн судалж цаг хугацааг ашиглаарай.
Кино ертөнцөөр аялах
Хүн нэг зүйл чин сонирхолтой байна гэдэг том давуу тал. Тиймээс танд өвлийн амралт эхэлсэн тайван өдрүүдийг кино ертөнцөөр аялан тухтай өнгөрүүлэхийг санал болгоё. Та адал явдалт, уран зөгнөлт, инээдмийн, аймшгийн, уянгын, сэтгэхүйн гээд сонирхсон төрлийнхөө шилдэг бүтээлүүдийг үзэж кино ертөнцийн талаар илүү их мэдрэмж,мэдээлэлтэй болоорой.
Сонирхсон сургалтын төв, клубт явах
Танд заавал сурна даа, хийж үзнэ дээ гэж бодож явдаг ч хичээл сургуулийн завгүй хэмнэлээс болж цаг хугацаа зарцуулж чаддаггүй сонирхол бий юу? Хэрэв бий бол амралтын энэ л хугацааг сонирхлоо хөгжүүлэхэд зарцуулаарай. Жишээ нь бүжгийн клуб, талбайн теннис, хаданд авиралтын төвд явж, иогоор хичээллэн, код бичих программын сургалтад сууж болох юм.
Бичих хэвээ суулгах
Бичгийн салбарын хүн болох эсэхээс үл хамааран хүн өөрийн үзэл бодлоо бататгах, аливаа зүйлийг эргэцүүлэн тунгаах, үзэл бодлоо хянах зэргээр зайлшгүй бичиж тэмдэглэж байх шаардлагатай. Алт мэт ур чадваруудын тоонд цэгцтэй, тодорхой, алдаагүй бичих чадвар зүй ёсоор ордог. Тиймээс тээнэгэлзэж явдаг асуудал, сонирхсон чиглэл, уншсан ном, өдрийн болсон явдлаа дүгнэн тэмдэглэл хөтөлж хэвшээрэй.
Аялалд явж, дурсамж үлдээх
Зөвхөн зуны дэлгэр цаг, намрын налгар өдрүүд, хаврын урин цагт л аялалд явдаг биш шүү дээ. Өвлийн жиндүү өдрүүдийг аяллын халуун дулаан уур амьсгалаар бүлээцүүлж болох. Тиймээс дотнын найзуудтайгаа галт тэрэгний зардал багатай аялал төлөвлөн Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ зэрэг аймгуудыг зорьж болох.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх