Шинэ оны ЗОРИЛГОО эмх цэгцтэй ТОДОРХОЙЛОХ аргууд


Сондор | YOLO.MN
2023-12-31

Хүн аливаа өөрчлөлт, шинэчлэлтийг жилийн хэдийд ч эхлүүлж болох ч шинэ он гарахтай зэрэгцэн эхний алхмыг хийх нь илүү үр дүнтэй байдаг.

Учир нь шинэ оны мөч тоологдож эхлэхэд аливаа алдаа, түйтгэрээ мартаж бүхнийг шинээр эхлүүлэх эрч хүч ордог. Харин жилийн төлөвлөгөөг хэрхэн яаж эмх цэгцтэй гаргах талаар тэр бүр боддоггүй. Толгойд эргэлдэж буй олон зорилго, хүсэлтүүдээ ангилж ялган, шат дараатай алхмуудыг хийх нь зүйтэй юм. Тиймээс бид та бүхэндээ нэг жилийн төлөвлөгөөг хэрхэн үр дүнтэй гаргаж түүндээ хүрэх зөвлөгөөг хүргэж байна.

Судалгаагаар хүмүүсийн 45 хувь нь шинэ оны зорилгоо тодорхойлдог ба оны эцэс гэхэд тэдний ердөө найман хувь нь зорьсноо биелүүлж чаддаг болох нь тогтоогджээ. Мэргэжлийн сэтгэлзүйч болон бизнес эрхлэгчид оны төлөвлөгөөг гаргахдаа дараах зөвлөгөөний агуулгад санал нэгддэг байна.

ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХОД УЧИР БИЙ – ТАНЫ ҮНЭТ ЗҮЙЛ ЮУ ВЭ?

Нэг жилийн хугацаанд хийх зорилгуудаа тодорхойл. Гэхдээ зорилгоо дур зоргоороо бүү тавь. Зарим хүн бодит байдалд төдийлөн нийцэхгүй зорилго тавьж алдаа гаргадаг. Өөрөөр хэлбэл нэг жилийн хугацаанд биелэх боломжгүй зорилго тавьж, өөрийгөө хэт дарамтад оруулж, эргээд өнөөхдөө хүрч чадахгүй тохиолдолд шантрах, дахин оролдож үзэх хүсэл тэмүүлэлгүй болох нь бий. Тиймээс бодит нөхцөл байдалд суурилсан зорилго тавих нь чухал.

Мөн зорилго амжилттай тавихын нэг хэсэг нь та юу хийхийг хүсэж байгаагаас илүүтэй хэн болохыг хүсэж буйгаа тодорхойлох явдал юм. Эхлээд өөрийн үнэт зүйлээ тодорхойлоорой. Таны амьдралд юу чухал болохыг гэрээ цэвэрлэж байхдаа, замд түгжирч явахдаа эсвэл ажлын алжаалаа тайлан амарч байхдаа гээд тайван орчинд эргэцүүлэн бодоорой. Үнэт зүйлс бол бидний амьдралдаа эрхэмлэдэг үндсэн нэгжүүд ба тэдгээрийг хамгийн чухлаас нь эхлэн жагсаагаарай.  Олон хүн зорилгоо тодорхойлохын өмнө өөрсдийн үнэт зүйлсийг эргэцүүлэхээ мартдаг. Тиймээс таны үнэт зүйл болон зорилго хоёр хоорондоо нягт уялдаатай байх ёстой.

Компьютерын шинжлэх ухааны профессор Райан О’Доннелл энэ талаар "Оновчтой зорилго тавихдаа таны хамгийн их санаа тавьдаг, амьдралын чухал зүйлийг эргэн харахаас эхлэх ёстой" гэж хэлсэн байдаг.

ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ШАТ ДАРААТАЙ АЛХМУУДДАА ХУГАЦАА “ЗООГООРОЙ”

Мэдээж төлөвлөгөөгүйгээр зорилго биеллээ олохгүй. Үнэт зүйлдээ тулгуурлан зорилгоо тодорхойлсны дараа түүнийг хэрхэн хэрэгжүүлэх стратеги боловсруулах хэрэгтэй.

Тодорхой төлөвлөгөө байхгүй бол бид бүгд зуршилт “амьтад” учраас өөрчлөлт гарах магадлал бага. Жишээ нь, хүүхдийнхээ боловсролд анхаарах, чадварыг нь хөгжүүлэх бол хэзээ ямар дугуйлан, сургалтад хамруулах, төсвийг хэрхэн олох, зарцуулах, өөрөө хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой талаар төлөвлөнө. Эсвэл шинээр томоохон эд зүйл /орон сууц, автомашин г.м/ худалдан авахаар төлөвлөж байгаа бол хуримтлалаа хэрхэн бүрдүүлэх, ямрыг хаанаас, хэзээ авах гэх мэт мэдээллээ тодорхой болгоорой.

ЗОРИЛГОДОО ХҮРЭХЭД ТАНЫ ШИНЭ ДАДАЛ ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

Хүн сар хүрэхгүй хугацаанд буюу ердөө 21 өдөрт л аливаа шинэ дадлыг өөртөө суулгах боломжтой байдаг. Нэг үгээр өдөр бүр дасгал хөдөлгөөн хийнэ эсвэл ном тогтмол уншина гэж төлөвлөж байгаа бол тасралтгүй 21 хоног хийхэд цаашид таны оюун ухаан, бие организм үүнийг шинэ зүйл гэж хүлээн авалгүй тогтмол хийх боломж нь бүрддэг байна. Тиймээс өөртөө өөрчлөлт хийх эсвэл хүрэх гэж буй аливаа зорилгынхоо хүрээнд дадлыг бий болгох нь чухал.

Шинэ оны дөхөхтэй зэрэгцэн ихэнх тохиолдолд хүмүүс амьдралаа хэрхэн өөрчлөх талаар гайхалтай төсөөлөлтэй байдаг ба энэхүү оргилсон сэтгэл хөдлөл нь тухайн хүний зорилгодоо хүрэх эхний алхам болдог.  Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс өдөр тутмынхаа хэвшлээсээ салж чадахгүй байдаг нь тэдний шийдвэрт сөргөөр нөлөөлдөг байна.

НӨӨЦ “Б” ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХАД ИЛҮҮДЭХГҮЙ

Зарим зорилгодоо хүрэхийн тулд "Хэрэв... тэгвэл" гэсэн агуулгаар нөөц төлөвлөгөөг гаргаарай. Ирээдүйд хүний амьдралд гэнэтийн үйл явдал хэрхэн сөргөөр нөлөөлж болдгийг цар тахал бидэнд харуулсан. Тиймээс та аливаа эрсдэлийг тооцоолон урьдчилан төлөвлөхөд хэзээд илүүдэхгүй юм.

ЗОРИЛГОДОО ХҮРЭХ АЛХАМ БҮРДЭЭ ӨӨРИЙГӨӨ ШАГНА

Том зорилгоо биелүүлэхийн төлөө урагшилж буй нэг жижиг алхам, амжилт бүрдээ өөрийгөө урамшуулахыг хичээгээрэй. Гэхдээ энэ нь зөвхөн эд материал, хоол хүнс биш бөгөөд өөртөө урам өгсөн захиаг цахим шуудангаар явуулсан ч болно.

Зорилгоо биелүүлэхийн тулд шууд ханцуй шамлан, нүсэр ажил руу орвол та халширч, цааш үргэлжлүүлэх хүсэлгүй болох магадлалтай. Тиймээс бага багаар эхлээрэй. Жишээ нь, өдөр бүр фитнесст нэг цаг хичээллэх зорилго тавихын оронд долоо хоногт гурван удаа зүгээр алхаж эхлээрэй. Хэрэв ингэвэл бие болоод сэтгэлзүй том зорилго руу шилжихэд бэлтгэгдэнэ гэсэн үг.

Мөн нэг жилийн зорилгуудаа тодорхойлж, түүнд хүрэх алхмуудаа төлөвлөхөд тань туслах төрөл бүрийн аппликэйшн байдаг ба өөрт тохиромжтойгоо ашиглаарай.

Жилийн зорилго, төлөвлөгөө гаргах өөрийн туршлагаасаа та бусадтай хуваалцахыг хүсвэл доор сэтгэгдэл хэсэг бичнэ үү.

#нийтлэл