А.Угтахбаяр: Шөнийн ээлжинд ажиллах адал явдалтай байдаг


Б.Саранчимэг | YOLO.MN
2023-12-20

Арван жилийн ширээнээс холдон их сургуулийн босгыг давж, биеэ даасан хувь хүн болох хүн бүрд хэцүү. Ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болохын тулд сайн сурах чухал хэдий ч нөгөөтэйгүүр оюутан болсон цагаас сургалтын төлбөр, халаасны мөнгө гээд санхүүгийн олон асуудал тулгардаг. Манай улсын хувьд оюутан залуус хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж төлбөртөө нэмэрлэх боломж тэр бүр байдаггүй. Ажил олдсон ч цалингаа тогтмол өгөхгүй, ажлын хөлсийг дутуу бодох, илүү цагаар ажиллуулах зэрэг олон асуудал бий. Харин GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүд нээгдсэнээр оюутан залуус өөрсдийн хөдөлмөрөөр хэрэглээний болон сургалтын төлбөрөө олох бүрэн боломжтой болжээ. 

Нойл орох, утсаа цэнэглэх, идэх болон бусад төрлийн зүйлс худалдан авах, хоолоо халаах, даарсан үедээ орж дулаацах, датагүй үедээ үнэгүй интернэтийг нь ашиглах зэрэг олон янзаар орж үйлчлүүлэх боломжтой. Тиймээс оюутан залуус тухайн сүлжээ дэлгүүрт ажиллахад ямар давуу талтай, хэр хүндрэл бэрхшээлтэй байдаг талаар сурвалжлахаар Хар Хорин захын хойно байрлах GS25-ын Пирамид салбарыг зорилоо.   

Цасан шуурга шуурсан, -27 хэмийн хүйтэнд нэг л газар дулаахан бас тухтай харагдана.  Үүдээр нь ороход “Сайн байна уу, GS25-т тавтай морилно уу” гэж халуун дулаанаар мэндлэх үе тэнгийн хоёр ажилтан намайг угтав. Өдөржин бударсан цас, үйлчлүүлэгчдийн хөл тасраагүйгээс тэр хавиар нэг шавхай болгож ажилтан охинд бас л нэг үүрэг нэмсэн бололтой шалаа арчин зогсоно. Гэвч ямар нэг төвөгшөөсөн байдал огт ажиглагдсангүй. Харин ч ажилдаа түүртэлгүй сурмаг гэгч нь хүн бүхэнтэй эелдгээр харьцаж чин сэтгэлээсээ хандан үйлчилнэ. 

Хаалга онгойн гаднаас сурагчийн дүрэмт хувцас өмссөн дөрвөн найз орж ирлээ. Нэг нэг гоймон аван ширээнд сууцгаав. Гоймонгоо идэж байх зуураа өдөр болсон сонин сайхнаа хуучлан, ойр зуурын яриа өрнүүлнэ. Тэдний хажууханд бас л арван жилийн дүрэмт өмссөн нэг хүү хичээлээ хийж сууж байгаа харагдана. Дахин гаднаас нэг ах орж ирэв. Гадаад байдлыг нь ажихад хувцас хунар нь цоорхой, их л даарч, өлссөн бололтой. Халаасаа ухан уутанд хийсэн хоолны үлдэгдэл гаргаж ирэн, халаагчинд хийж халаах нь энэ дэлгүүр хүн бүрт ижил, тэгш үйлчилдэг ч юм шиг. Энэ сүлжээ дэлгүүрүүд байхгүй өнөөх хүнсний дэлгүүрүүд ажиллаж байсан бол тэр хүний хоолыг халаах нь байтугай дэлгүүртээ оруулах эсэх нь эргэлзээтэй. 

Тус салбар өдөрт гурван ээлжээр ажиллана. Нийт 12 ажилтантай. Үүнээс долоо нь оюутан юм. Өглөөний ээлж 07:15 – 15:15, өдрийн ээлж 15:15 – 00:15, шөнийн ээлж нь 00:15 – 07:15 хүртэл ажилладаг байна.  

GS25 дэлгүүрийн ажилтан П.Дуламсүрэн “Би ХААИХ-ын эдийн засгийн ангийн оюутан. Ажиллаад одоо хоёр сар болж байна. GS25-т ажиллахад цагийн уян хатан нөхцөл нь таалагддаг. Манай салбарт үндсэн ажилтан цагийн 4500 төгрөгөөр цалинждаг. Үндсэн цалин нь 800,000 төгрөг. Үүнд дээр шөнийн ээлж, хоол, унааны мөнгө нэмэгдэнэ. Тэрнээсээ ХХОАТ, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгддөг. Шөнийн ээлжид сайн гарвал 900,000 төгрөгөөс дээш цалин авна даа. 

Манай салбар захын салбар учраас хэцүү зүйл олон. Хулгай их гарна, архи уусан, орон гэргүй хүмүүс орж ирж унтана. Оюутан залуус, арван жилийнхэн их орж ирнэ. Хандлага нь үнэхээр хөөрхөн, соёлтой зөв үйлчлүүлээд гардаг. Цөөн хэдэн тохиолдолд насанд хүрээгүй хүүхдүүд согтууруулах ундаа, гоймон болон электрон тамхи худалдаж авахыг оролддог. Мэдээж бид үнэмлэхийг нь шалгах үүрэгтэй. Шалгахаар өөдөөс утсан дээрээ скрийншот хийсэн үнэмлэхээ харуулдаг. Тэрийг нь харахаар тоонуудыг нь засаад өөрчилсөн байдаг ч үүнийг нь хэлэхээр өөдөөс уурладаг. Гэхдээ бид өгдөггүй” гэв. 

GS25 дэлгүүрийн ажилтан А.Угтахбаяр “Манайх өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүр гэтэл зарим нэгэн хүмүүс орж ирж суучхаад та нар надад үйлчил, тэрийг авч өг, ингэ тэг гээд үйлчлүүлэгч бол хаан гэсэн хандлага гаргах гээд байдаг талтай. Гэхдээ ийм тохиолдол цөөхөн бий. Зарим 40-өөс дээш насны хүмүүстэй харилцахад хүндрэлтэй санагддаг. Оюутан, жаахан охин гээд дээрэлхэнгүй хандах тохиолдол цөөнгүй. Шөнийн ээлжинд ажиллахад адал явдалтай. Хамгийн хэцүү зүйл нь согтуу хүмүүс. Орж ирээд юм аваад сууж байгаа хүнийг бид хөөх эрхгүй. Гэхдээ нэг газраа хэтэрхий удаан сууснаас болж тэр хавь нь онцгүй үнэртэй болчихдог. Тэгээд л орж ирсэн үйлчлүүлэгчид уурлаад, энэ нэг юмнуудаа гарга гээд л биднийг загнана. Заримдаа шаардлага тавиад гараарай гэхээр чи надад юу хийхийг минь заахгүй, үйлчлүүлэгчээ хөөдөг чи хэн юм, би юм идэж байна гээд уурлах тохиолдол олонтоо. Манайх хамгаалалтын газартай гэрээтээр ажилладаг учраас бүүр болохгүй, уурлаад байвал хамгаалалтаа дуудчихдаг” гэлээ. 

Тэд сургалтын төлбөр, халаасны мөнгөө олохоос гадна үйлчилгээний соёлыг ч зааж байна. Орох болгонд “Сайн байна уу, тавтай морил” гэх мэндчилгээнээс нь  бусад байгууллагууд санаа аван мэндчилж эхэлсэн нь соёлыг багаар ч болов түгээж буй нэгэн хэлбэр болов уу. 

Иргэдийг үйлчлүүлэх шинэ соёлд дагуулсан GS25 гэх Солонгос Улсын нэрийн дэлгүүр манай улсад нутагшаад аль хэдийнээ хоёр жил болжээ. Солонгос Улсдаа 15 мянга орчим салбартай, Вьетнам Улсад 100 салбартай, Монгол Улсад 200 гаруй салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн GS25 гэх нэр нь 24+1 буюу хоногийн 24 цагаас нэг илүү цаг байгаа мэт төсөөлүүлж, үйлчлүүлэгч нартаа хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлэхийг зорьдог гэсэн утгыг илэрхийлдэг аж.  

 

#мэдээ