СОР28: Монгол оюутнаар ахлуулсан Оксфордын баг шагнал хүртлээ


А.Номин | YOLO.MN
2023-12-04

СОР28 буюу НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын 28 дугаар уулзалтын үеэр монгол оюутнаар ахлуулсан Оксфордын их сургуулийн баг шагнал хүртжээ.

Тодруулбал тэд уурхайн дохиоллын систем бүтээх төсөл санаачилсан байна. Уг дохиолол нь хиймэл дагуулд суурилсан бөгөөд уурхайн гүнд ямар нэг асуудал үүсэхээс сэргийлэх зорилготой аж.

Баяраагийн Марал хэмээх монгол оюутнаар ахлуулсан уг төслийн баг нь "Өгөгдлийн шинжлэх ухаан ба Хиймэл оюун ухаант шийдлүүд" төрөлд шагнал авсан байна. Тэднийг 100 мянган ам.доллароор шагнасан юм. 

Энэ талаар Б.Марал “Би Монгол Улсаас ирсэн. Манай улс хамгийн нөөц баялаг ихтэй орнуудын нэг. Тийм ч учраас уурхай гэдэг миний сэтгэл зүрхэнд ойр байсаар ирсэн. Би уурхайг илүү тогтвортой болгохыг хүсдэг” хэмээн ярьжээ.

Уг шалгаруулалтад 108 орны Йель, Принцтон, Кембриж, Харвард тэргүүтэй 710 их сургуулийн 3000 гаруй баг оролцсон байна.

СОР28 уулзалт нь энэ сарын 12-ны өдрийг хүртэл АНЭУ-ын Дубай хотноо үргэлжлэх юм. 

Эх сурвалж: ВВС

#мэдээ