Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа


А.Номин | YOLO.MN
2023-11-13

“Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт эхэллээ.

Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг, II шатны шалгаруулалтыг Унгар Улсын Темпус олон нийтийн сан болон хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна.

Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгар Улсын Темпус олон нийтийн сан болон хүлээн авч суралцуулах сургууль гаргана. 

СУРАЛЦУУЛАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Бакалавр:

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас Унгар хэл, Сурган хүмүүжүүлэх зүй, Сэтгэл судлал, Нийгмийн ухааны салбараас Харилцаа холбоо ба медиа шинжлэх ухаан, Компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн салбараас Компьютерийн шинжлэх ухааны инженерчлэл, Компьютерийн шинжлэх ухаан, Инженерийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Сургуулийн өмнөх боловсрол, Спортын шинжлэх ухаан, Байгалийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлагийн салбараас Хөгжмийн бүтээлч урлаг ба хөгжим судлал, Урлагийн боловсрол зэрэг чиглэлээр;

Магистр:

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас Кино судлал, Сэтгэл судлал, Археологи, Боловсролын шинжлэх ухаан, Нийгмийн ухааны салбараас Эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт, санхүүжилт, Үндэстэн ястан, Цөөнхийн бодлого, Харилцаа холбоо ба медиа шинжлэх ухаан, Соёлын антропологи, Компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн салбараас Компьютерийн шинжлэх ухааны инженерчлэл, Анагаах ухааны биотехнологи, Компьютерийн шинжлэх ухаан, Инженерийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Спортын шинжлэх ухаан, Байгалийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлагийн салбарын бүх чиглэлээр;

Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй
Өргөдөл гаргагч 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Унгар Улсын Темпус олон нийтийн сангийн дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ. 

I шатны шалгаруулалт: Боловсрол, шинжлэх ухааны  яам 2024 оны III сард Унгарын талаас ирүүлсэн Монгол Улсын иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна.

II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг 2024 оны III-V сард өгнө. Шалгаруулалтын хариуг 2024 оны VII сарын 1-нээс эхлэн Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Темпус олон нийтийн сан нь нэр дэвшсэн иргэнд өөрст нь шууд ирүүлнэ.

Анкет хүлээн авах болон сонгон шалгаруулах журамтай ЭНД дарж танилцана уу.

Эх сурвалж: БШУ

#мэдээ