Түүнийг бараг 70 МЯНГАН ХҮН дагадаг


Үжин | YOLO.MN
2017-01-10

Нийгэмд болж буй, нүдэнд тэр болгон анзаарагддагүй, хүмүүс хоорондын харилцааны талаар өгүүлэх хөгжилтэй бичлэгүүд сошиалд байдгийг хүн бүр л андахгүй биз ээ. Сонирхолтой бичлэгүүдээрээ сошиалд алдартай Б.Билгүүнгоо охиныг бид ярилцлагынхаа буланд урилаа. 18 настай тэрээр фэйсбүүкт бараг 70 мянган дагагчтай. Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу. wink

"БИ БИЧЛЭГЭЭРЭЭ ДАМЖУУЛЖ ЭЦЭГ ЭХ, ЗАЛУУСТ ЭЕРЭГ МЕССЕЖ ХҮРГЭХИЙГ ЗОРЬДОГ"

YOLO: Манай уншигчдын ихэнх нь чамайг хөгжилтэй бичлэгүүдээр чинь илүүтэй таних байх. Гэхдээ өөрийгөө албан ёсоор дэлгэрэнгүй танилцуулвал.
Намайг Б.Билгүүнгоо гэдэг. Эрдэнэт хотын Орос 4-р сургуулийн төгсөх ангийн сурагч. Одоо 18 настай.

YOLO: Сошиал ертөнцөд чи хөгжилтэй, марзан бичлэгүүдээрээ алдартай. Тэрхүү бичлэгүүдээрээ чи нийгэмд тэр дундаа өсвөр насныханд ямар санааг хүргэхийг зорьдог юм бэ?
Амьдралд алхам тутамд тохиолдож байдаг харилцааны сэдвүүдийг л би хөндөж харуулахыг хүсдэг юм. Голдуу ээж болон өсвөр насны хүүхэд хоорондын харилцааны талаар өгүүлж байгааг анзаарсан байх. Гэхдээ гол санааг хошин маягаар, ямар ч хүн үзсэн ойлгомжтой байх талаас нь бичлэгээ хүргэдэг дээ.

Нэг үгээр өөрт тохиолддог зүйлээ л эцэг эхчүүдэд хошин маягаар мессеж хүргэнгээ олныг хөгжөөх л гэсэн энгийн санаа минь юм. Тэрхүү бичлэгүүдийг ямар ч насны хүмүүс үзэх тохиромжтой. Бичлэгийг минь хэн нэгний ээж эсвэл аав үзээд “Аан, миний хүү/охин ийм санааг л илэрхийлээд байдаг юм байна. Би энэ асуудал дээр нь ингэж хандвал зүгээр юм байна” гэж, харин хүүхэд залуус “Энэ миний алдаа байж болох юм, хөндлөнгөөс ингэж харагддаг байх нь. Одооноос үүнийгээ засъя” гэх мэтээр хөнгөн байдлаар хүлээж авч болно шүү дээ.

YOLO: Бичлэгүүдийн санаагаа хэрхэн олдог вэ?
Би ихэнхдээ өөрөө санаагаа олдог. Ихэвчлэн өөрт тохиолдсон болсон явдлуудаасаа санаа авч хийнэ. Тэрнээс гадна заримдаа чатаар “Нэг энэ сэдвээр юм хийгээрэй” гээд эцэг эхчүүд болон хүүхдүүдээс санал ирүүлэх тохиолдол байдаг.  Мөн уншигчдаас эерэг сэтгэгдэл ч их ирнэ. Нэг эгч “Би өөрөө өсвөр насны охинтой. Чиний бичлэгийг үзээд охин бид хоёрын харилцаа илүү ойр дотно болсон” гэхэд нь их сайхан санагдаж байсан.

YOLO: Анзаараад байхад ээжийн тань дэмжлэг их байдаг юм шиг санагдсан.
Тэгэлгүй яахав. “Ээж, би бичлэгээ хийлээ” гэхээр “За ээж нь яах уу, би орох ёстой юу, юу хийх үү, эсвэл дуугүй байх уу” гэдэг, хөгжилтэй. yes Ээж минь миний хийж байгаа зүйлсийг их дэмжинэ. Би нэг эмэгтэй дүүтэй. Тэр хоёр минь миний бичлэгт их тусална аа.  Зарим бичлэг дээрээ би өөрөө их “хатуу” ээжийн дүр эсгэхээр “Танай ээж үнэхээр ийм юм уу” гэж хүмүүс асуудаг ч яг үнэндээ тийм биш, миний ээж их зөөлөн хүн.

YOLO: Чиний өөрийн төрөлх зан ийм хөгжилтэй “галзуу” юу, үгүй юу?
Хөгжилтэй гэхээсээ илүүтэй би ер нь байгаагаараа буюу энгийн нээлттэй байхыг л илүүд үздэг дээ. Гэхдээ хаана байгаа вэ гэдгээсээ шалтгаалж л марзагнах үедээ марзаганана л даа хэхэ.

“ЕРӨӨСӨӨ Л БОЛЬЁ” ГЭЭД ШИЙДСЭН БАЙХАД ЭЭЖ МИНЬ НАДАД УРАМ ӨГСӨН

YOLO: Сайн зүйл ч байсан аливаад сөргөөр хандах хэсэг бүлэг хүмүүс нийгэмд байдаг шүү дээ. Бусдаас ирэх шүүмжлэлд чи хэр ханддаг вэ?
Би 2014 онд АНУ-д сурч байхдаа америк айлд амьдардаг байсан юм. Тухайн үед чөлөөт цагаараа, уйдахаараа  Дабсмашаар бичлэг хийж сошиалд тавьдаг байлаа. Харин тэр үед хүмүүсээс сөрөг сэтгэгдэл их ирсэн. Худал хаяг нээгээд хүссэнээрээ бичиж өгнө шүү дээ, нөгөөдүүл чинь. Эхэндээ бол их эмзэглэдэг байлаа, бүр “Эр эм нь мэдэгдэхгүй чи ингэж байхаар үхээч” гэсэн. “За за энэ миний хийх ёстой зүйл биш юм байна. Хүмүүс надад дургүй юм байна. Больё” гээд нэг л өдөр шууд шийдчихсэн.

Тэгээд энд ирээд байж байтал ээж анзаараад “Чи өнөөх бичлэг хийгээд байдгаа больчихсон юм уу” гэж асуухаар нь би учир байдлаа хэлсэн. Ээж “Хүмүүсийн юу гэж байгаад битгий ач холбогдол өг. Өөрийн дуртай, хүссэн зүйлээ хийж л байгаа бол чи цааш нь үргэлжлүүл” гэхэд нь маш их урам авч билээ. “Ер нь тийм юм байна шүү” гэж бодоод бичлэгүүдээ үргэлжлүүлж хийсэн. Гэхдээ зүгээр ч нэг хий хоосон биш цаанаа нэг утга агуулга илэрхийлсэн бичлэгүүд хийж эхэлсэн. Одоо ч миний бичлэгүүдийн дор сөрөг сэтгэгдэл орсон байвал намайг анзаарахаас өмнө ээж хараад “Энд нэг ийм юм байна шүү, битгий тоо” гэдэг юм.

YOLO: Гадуур явахаар хүүхэд залуус танина биз?
Заримдаа хэн нэгэн “Цуг зургаа авахуулъя” гэхээр нь ч бүр санаа зовоод байдаг юм. cheeky “Үгүй” гэхээр их зантай нэгэн мэт болчих гээд... Нэг их хийж бүтээчихсэн юмтай хүн ч биш гэж боддог юм. Зарим нь “Чи чинь нөгөө хэн биз дээ, од шдээ” гэнэ, харахаараа инээнэ гээд эдгээр нь их эвгүй байдаг. Надад бол би өөрөө олны танил болоод л, од болчихсон мэт ч санагддаггүй шдээ, төсөөлөгддөг ч үгүй. frown 

YOLO: Саяхан “Амьдралоги” кинонд тоглосон шүү дээ. Кинонд дүр бүтээх ямар байсан бэ?
 “Амьдралоги” кинонд нийт найман жижиг дүрд тоглосон. Гэхдээ зэрвэс гараад өнгөрдөг хэсгүүд л дээ хэхэ. “U film”-ээс ярьж байна гээд Г.Ундармаа эгч анх ярихад нь маш их баярласан. Тийм мундаг хүн надад киноныхоо жижиг дүрийг санал болгосон гэж бодохоор бас гоё санагддаг юм. Би 10-р сард хотод ирж олимпиадад оролцох байсан юм, тэр далимаараа ирж “Амьдралоги” кинонд тоглосон доо. Сая сургуулийн улирлын амралт яг таараад киноны нээлтэд оролцсон. Мөн энд байх хугацаандаа, амралтаараа хятад хэл сурдаг юм бил үү гэж бодож байна.

YOLO: Хятад хэл гэснээс чи ямар хичээлдээ дуртай вэ?
Англи хэлний хичээлд дуртай. Гэхдээ аль нэг хичээлдээ сайн, дуртай байх нь түүнийг ойлгох үгүйгээс л шууд хамаараад байх шиг санагдаад байдаг юм. Жишээ нь, нэг хичээлийн сэдвээ сайн ойлгох юм бол тэр чигтээ дуртай болох, ойлгохгүй бол дургүй болчих гээд байдаг. Би мөн математик, нийгэм, биеийн тамирын хичээлдээ дуртай.

YOLO: Ирээдүйн мэргэжлээ төлөвлөсөн үү?
Жүжигчин, найруулагчийн мэргэжил  их сонирхол татаад байна. Гэхдээ үндсэн мэргэжлээ хараахан сонгоогүй байна. Англи орос хэлээс гадна Хятад хэл сурч байна. Тиймээс магадгүй олон улсын харилцааны чиглэлээр суралцах байх.

YOLO: Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Ихэвчлэн гэртээ өнгөрүүлдэг дээ. Эрдэнэтэд чөлөөт цагаа өнгөрүүлээд байх газар тийм ч их биш. Тиймээс  гэрээ цэвэрлээд, хоол унд, хичээл номоо хийсэн шиг гэр зуур л байдаг даа. Завтай үедээ бичлэгээ хийчихнэ, найзуудтайгаа заал авч сагс тоглоно гэх мэт л өнгөрдөг.

YOLO: Үе тэнгийн өсвөр насны хүүхдүүдийн гол дутагдлыг чи юу гэж харж байна вэ?
Өөрийн гэсэн үзэл бодолгүй мэт санагддаг. Гэхдээ мэдээж бүгд биш л дээ. Нэг нь сайлвал дагаад л сайлчихна, муулвал шуураад л муулчихна. Яг нарийн учир шалтгааныг мэдэж ч амжаагүй байж аливааг хэт эрт дүгнэдэг юм шиг. Бас одоогийн хүүхдүүд арай л эрт яараад “хайр майр” heart яриад байна уу даа гэж бодогдоод байдаг. cheeky  Болох ёстой юм хэзээ нэгэн цаг болдогоороо л болно. Гэх мэт зүйлсээ засаад л, өөрийн гэсэн үзэл бодолтой байгаад түүндээ үнэнч байж чадвал л болчих гээд байгаа юм. Мөн өөрийн дуртай зүйлийг л хийх хэрэгтэй. Хэн нэгний хүслээр байх хэрэггүй юм шүү. Ямар зүйлд сонирхолтой байна түүнийгээ хий, бүр хүсвэл ирээдүйн мэргэжил болгож ч сонгож болно.

YOLO: Чиний ойрын зорилго?
Дунд сургуулиа амжилттай төгсөөд хүссэн их сургуульдаа элсэн орно. Мөн мэргэжлийн камертай болчихмоор л байна. Хэдий болтол утсаа, сельфи стикертэй бариад явах вэ дээ хэхэ. Тэгэхээр мөнгөө цуглуулж байгаад мэргэжлийн камертай болоод түүн дээрээ ажиллаж сурах л зорилготой байна даа.

YOLO: Бичлэгүүдийг нь авахад хэн тусалдаг вэ?
Тухайн үед хажууд хэн байгаагаас л шалтгаалдаг шдээ. Гэртээ байвал дүүгээрээ, найз дэргэд байвал найзаараа бичүүлчихдэг. Гэхдээ яг өөрийн бодож байгаа санаагаар минь хийх нь маш ховор. “Үгүй ээ, чи энэ талаас нь ингэж аваач. За за бараг л наа чинь дөхөж байна” гэдэг юм. cheeky

"МИНИЙ СТИЛЬ НАДАД ТААЛАГДДАГ"

 

YOLO: “Би хэрхэн нээлттэй байж, ичимхий зангаа хаях вэ” гэсэн захидлыг манай редакцид хүүхдүүд их ирүүлдэг. Өөрийнхөөрөө нээлттэй, чөлөөтэй байж чаддаг чам шиг хүн энэ асуудалд зөвлөгөө өгвөл..?
Би маш их ичимхий хүүхэд байсан. 2013 онд сурагч солилцооны хөтөлбөрөөр Америк яваад л эрс өөрчлөгдсөн дөө. Эхний хоёр 7 хоног бараг хэнтэй ч юу ч яриагүй байх аа. Буруу зөрүү ярьчихвал хүүхдүүд намайг шоолчих байх даа гэж боддогтоо ч юм уу тийм ч нээлттэй биш байсан. Гэтэл нэг өдөр ангийн хүүхэд “Чи буруу ярьчихна гэж бодоод эмээгээд байх шиг байна тийм үү” гэхэд нь би “Харин тийм ээ” л гэсэн.

Гэтэл тэр “Битгий санаа зов оо, хамаагүй илэн далангүй бай. Бид засахыг нь засаад, зөвлөөд өгье” гэхэд нь урам ороод бага багаар ярьсаар илүү нээлттэй болсон доо. Тиймээс “хэн нэгэн шоолно” эсвэл “намайг юу гэх бол” гэсэн айдсаа ор тас мартах хэрэгтэй. Бусад нь ч гэсэн нэгнийгээ бүү шоолж байгаасай. Гэхдээ энэ нь бас нийгмийн ялгаанаасаа болдог юм болов уу гэж бодсон. Америкт бол эндэхийг бодвол хүмүүс нь илүү нээлттэй байдаг шүү дээ. Хэрэв тэнд очоогүй байсан бол би нөгөө л бүрэг ичимхий Билгүүнгоо хэвээр л байх байсан байх. laugh

YOLO: Чиний хувцаслалт, байгаа байдал эршүүд байдаг нь олон ах нартай өссөн юм болов уу гэх бодлыг төрүүлж байлаа?
Үгүй ээ. Би аль багаасаа л буюу цэцэрлэгт байх үеэсээ хөвгүүдтэй найзалдаг байсан. Дараа нь дунд сургуульд ороод 5-р ангиасаа л эмэгтэй найзтай болсон. Мөн байрандаа эрэгтэй хүүхүүдтэй найзална. Тэгээд л ер нь эршүүд болсон юм болов уу гэж боддог шдээ.

Зарим нь “Эмэгтэй хүүхэд байж ингэж хувцаслалаа” гэдэг л юм. Надад өөрийн одоогийн энэ стиль минь их таалагддаг, чөлөөтэй байж чаддаг. Би энэ цамцандаа дуртай юу дуртай тэгээд л бол оо. Надад таалагдаж л байвал болох нь тэр. Гэхдээ мэдээж би байнга энэ стилиэрээ үүрд байхгүй нь тодорхой.

YOLO: 10 жилийн дараах Билгүүнгоог тодорхойлбол?
Манай найзууд намайг цаашлуулаад “Чи хэзээ нүүрээ будаж эхлэх вэ” гэдэг юм. Би “Ямар ч байсан эхлээд сургуулиа төгсөөдөхье” гэдэг cheeky Гэхдээ сая кинонд тоглохдоо яалт ч үгүй нүүрээ будуулсан л даа. 10 жилийн дараа мэдээж стиль маань ч өөрчлөгдсөн, өөрийн гэсэн тогтсон амьдралтай, хүссэн мэргэжлээрээ сайхан ажилтай болчихсон байна байх даа.

YOLO: Тэгвэл Билгүүнгоогийн нүүрээ будчихсан байгаа өөр нэг төрхийг “Амьдралоги” киноноос харж болох нь ээ?
Харин тийм. Гэхдээ утсаар ярьж байгаа хэсэгхэн гарах дүрүүд болохоор бараг харж амжих болов уу даа.

YOLO: Талархаж явдаг хүмүүс байдаг уу?
Мэдээж ээждээ маш их баярлаж явдаг. Мөн миний бичлэгийг үзээд талархлын урмын үгс өгдөг хүмүүст их баярладаг. “Би чиний бичлэгээс их зүйл ухаарлаа” гэхэд нь миний хийж байгаа зүйл хэн нэгэнд эерэг хандлагыг өгч байна гэж бодохоор л гоё санагддаг даа. yes

YOLO: Ярилцлага өгсөнд баярлалаа. Чамд амжилт хүсье?
Баярлалаа. laugh

 

 

#Social #Facebook